Наймдугаар сарын 22-нд Галав юүлнэ

Ираны шинэ удирдлага хариу цохилт хийхдээ ард түмнээ мөхөөхөөс ч буцахгүй гэж дорны улстөр судлаач Бернард Льюис дүгнэжээ. Принстоны их сургуулийн нэрт профессор мусульманы ертөнцийн томоохон мэргэжилтэнд тооцогддог бөгөөд түүний өгүүллийн өнгөрсөн долоо хоногийн лхавга гаригт Wall Street Journal-d нийтэлжээ.
Льюисын Наймдугаар сарын 22 гэсэн нэртэй шинэ өгүүлэл галав юүлнэ гэж зөгнөжээ. Yүнээс товчлон нийтлэв.
Хүйтэн дайны үеэр АНУ, ЗХУ гэсэн хоёр тал өөрсдийн дагуулуудын хамт үй олноор хөнөөх зэвсгийг эзэмшиж байсан ч харилцан баталгаатайгаар бие биеэ хөнөөх аюулаас сэргийлэн хэрэглэж чадаагүй билээ. Мөн ийм шалтгаанаар Энэтхэг, Пакистаны хооронд цөмийн дайн болоогүй юм. Гэтэл яг өдгөө ийм маягийн сөргөлдөөн Иран ба түүний лидер асан Хомейнийн гол дайсан гэж нэрлэсэн АНУ, Израилийн хооронд үүсээд байна. Террористууд АНУ-д цөмийн бөмбөг дэлбэлэх магадлал өндөр байна. Учир нь АНУ хариу цохилт хийх эзэн байхгүй. Израилийн хувьд нутаг орон нь бага, түүнийг Ираны нутгаас пуужингаар онож болно.
Зарим нэг хөршийнхөө тусламжтайгаар Иран өөрийн судалгаанд үндэслэн тун удахгүй атомын бөмбөгтэй болох нь улам тодорхой болсоор байна. Ираны Ерөнхийлөгч Ахмадинежадын олон удаагийн хэлсэн үг энэ аюул зайлшгүй бөгөөд бодит гэдгийг баталж байна гэж тэр өгүүлэлд бичжээ. Хариу цөмийн цохилт Ираныг зогсоож чадах уу гэсэн асуултад шинжээч хариулахдаа шийтүүдийн эсхатологийн сургаалийг /хорвоогийн төгсгөлийн тухай тэдний цогц төсөөлөл/ жишээ болгон авчээ. Цөмийн зэвсэгтэй орнууд ба Ираны хооронд том ялгаа бий. Энэ ялгаа нь Ираны лидерүүдийн үзэж байгаа галав юүлэх төгсгөл болох юм гэж Льюис бичсэн байна. Аллах л мэднэ гэсэн үг нь өөрийн байг устгахын тулд энгийн хүмүүсийн амийг ч үл хайхрах исламын алан хядагчдын үйл ажиллагааг тайлбарлах ердийн тайлбар. Энэ нь хохирогч мусульманууд шууд л диваажинд очно гэсэн утгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл алан хядагчид мусульманчуудад хурдан диваажинд очих боломжийг олгож байгаа юм гэнэ. Сургуулийн сурах бичгүүд ч гэсэн хамгийн заналт дайсан АНУ-тай хийх сүүлийн тулалдаанд бэлэн байхыг сануулж, үхлийн давуу талыг хүүхдүүдэд сурталчилсаар байна. АНУ-д шууд цохилт хийх боломж байж болох авч тэр нь ойрын ирээдүйд бүтэхгүй. Харин Израиль бол ойрхон учир хамгийн боломжтой бай болно бодож байгаагаа ч Ахмадинежад нэг биш удаа хэлж байсан билээ.
Израильд довтлоход палестинчууд ч бас мөхөх юм. Дараа нь Израилийн зүгээс хариу сүйрлийн цохилт ирэх нь тодорхой. Израиль өөрт нь цөмийн дайралт ирэхэд хариу цохилт хийхээр лавтайяа бэлтгэж байгаа. Израильд довтолсны хариу цохилт нь Ираны Засгийн газрын хэт улайрагчдын санааг зовоохгүй байгаа. Ингэж зовохгүй байгаагийн шалтгаан нь Ахмадинежад ба түүний талынхан энэ цаг ирсэн учир сүүлийн тулалдаанаа хийх хэрэгттэй гэдэгт итгэлтэй байгаа бололтой. Энэ тулалдаан наймдугаар сарын 22-нд болно гэж шинжээч тооцоолж байна. Учир нь энэ өдөр Ираны Засгийн газар, цөмийн хөтөлбөрөө зогсоо гэсэн АНУ-ын саналд албан ёсны хариу өгөх ёстой. Мөн энэ өдөр исламын он тоололд хижрын 1427 оны Ражаба сарын 27-ны өдөр тохиож буй. Коран сударт бичсэнээр Ражаба сарын 27-ны өдрийн шөнө их зөнч Мухаммед Бурак гэх далавчтай мориор алсын хийдийн зүг Иерусалим гэдэг нисч дараа нь тэнгэрт гараад эргэж ирсэн гэдэг. Наймдугаар сарын 22 бол Израилийн төгсгөлийг хийх хамгийн тохиромжтой өдөр. Ахмадинежад тиим алхам хийхгүй ч байж магадгүй. Гэхдээ бас ийм далд санаа агуулж байгааг үгүйсгэх аргагүй гэж улстөр судлаач бичжээ.
Ийм нөхцөлд хүйтэн дайны үед үйлчилж байсан харилцан бие биеэ устгах аюул арилахгүй. Эцсийн эцэст бүгд л сөнөж мөхнө. Хамгийн чухал нь буруу номтнууд тамд унаж, итгэл үнэмшилтнүүд диваажинд очно. Ийм сэтгэмжтэй хүмүүст харилцан бие биеэ устгах нь аймшигтай биш харин өдөөгч болж байна. Амьдрал, үхэлд хандах ийм үзэлтнүүдийн эсрэг хэн зогсч чадах билээ?
Хамгийн тохиромжтой гарц бол галав юүлэх төгсгөлд итгэдэггүй араб, иран зэрэг мусульмануудад хандах. Тэд олуулаа, магадгүй тэд исламын газар нутагт дийлэнх байхыг үгүйсгэхгүй. Тиймээс тэдэнд улс орон, хүн ардаа, шашнаа галзуурлаас аврах цаг иржээ гэсэн өгүүлбэрээр Льюис өгүүллээ төгсгөжээ.
Ардын эрх сонин 156 /434/