Өмнөд Солонгостой холбоотой таагүй мэдээлэл тархжээ

Өмнөд Солонгост цагаачлагчид аюултай нөхцөлд ажиллаж байгааг Олон улсын Хүний эрхийн байгууллага тодорхой судалгаагаар илрүүлсэн байна. Ажил олгогчид нь цалин өгөхөөс татгалздаг учраас цагаачид хууль бусаар ажиллахаас өөр аргагүй болсон гэнэ. Өмнөд Солонгос нь Ази тивд анх удаа цагаач ажилчдын эрхийн хууль баталсан юм. Тийнхүү дээрх хууль 2004 оны наймдугаар сарын 17-ноос хэрэгжсэн. Гэвч өнгөрсөн хоёр жилд ажилчдыг зодох, бэлгийн дарамт үзүүлэхээс эхлээд тэдний эрх чөлөөг ноцтой зөрчсөн хэргүүдийн талаархи баримтыг Эмнести Интернэшнлээс мэдээлэв.
2005 оны тавдугаар сарын судалгаагаар Өмнөд Солонгост 350 мянга гаруй цагаач ажилчин бий гэсэн тооцоо гарсан. Энэ тоог Нигер, Шри Ланка, Монгол, Бангладеш, Филиппин, Индонези, Непал, Хятад зэрэг 90 гаруй улс орноос ирсэн хүмүүс бүрдүүлдэг. Тэд Өмнөд Солонгосын нийт ажиллах хүчний 1.5 хувь нь болж байна. Цагаачлагчид бүгд доод түвшний буюу хар ажил хийдэг гэнэ. Бичиг баримтгүй тэднийг цагдаагийнхан хэзээ мөдгүй баривчлах дарамттай. Цагдаагийнхан баривчилсан тохиолдолд олон хүнтэй, өмхий өрөөнд хорьж зодож, хэл амаар доромжлох гээд олон эрсдэлтэй нөхцөл тулгардаг гэж уг сайтад бичжээ.
Эмэгтэйчүүдийн хорих байрыг ч эрэгтэй хамгаалагч хянаж, цаг тутамд шалгалт хийдэг гэнэ.
Энэ оны нэгдүгээр сард явуулсан судалгаагаар таван цагаач тутмын нэг нь зодуулж, шийтгүүлэн хоригдож байгаа гэнэ.
Судлаач Ражив Нараяан Өмнөд Солонгосын эдийн засагт гадаадын ажилчид асар их тус нэмэр болж байна. Гэвч тэдний хөдөлмөрийг мөлжсөн, эрхийг ноцтой зөрчсөн, осол аюултай нөхцөлд ажиллуулсан зэрэг олон ноцтой хэргүүд гаарч байна хэмээн ярьжээ.
(Өдрийн сонин 2006-08-16 202)