Изриаль таван тэрбумын хохирол амсав

Израилийн улс төрчид дайн дуусахын өмнөхен ялалт байгуулснаа зарлав. Гэвч нийгэмд, тухайлбал хэвлэлд нийтлэгдсэн санал асуулгын дүнгээр уг кампанит ажлын үр дүнг олон хүний амь үрэгдсэн, эхлээд төлөвлөж байсан үр дүнд хүрээгүй зэргээс болж янз бүрээр үнэлж дүгнэж байна.
Байлдааны ажиллагааны үеэр тус улс 156 хүнээ алдсаны нэг нь эмэгтэй хүн байлаа. Хамгийн олон цэргийн албан хаагч буюу 24 цэрэг өнгөрсөн бямба гаригт Литани гол руу өргөн хүрээтэй давшсан эхний өдөр амь үрэгджээ.
Зэвсэгт мөргөлдөөн хийхэд хүргэсэн, хулгайлагдсан хоёр цэрэг Эльдад Регев, Эхуд Гольвассер нар Хезболлах-ын гарт байсаар байна.
Хезболлах барагцаалбал 530 хүнээ алдсан гэж Израилийн арми дүгнэж байна.
Ливанд явуулсан кампанит ажлын үеэр босогчид Израиль руу 3970 пуужин харвасаны 901 нь хүн ам суурьшсан газрын захад дэлбэрчээ.
Энэ хугацаанд янз бүрийн мэдээгээр 250-330 мянган хүн дүрвэгч болсон байна. Тэд эсвэл өөрсдийн зардал мөнгөөр, өөрсдийн санаачилгаар, эсвэл хувийн буяны байгууллагуудын туслалцаатайгаар орон гэрээ орхин явжээ.
Байлдааны ажиллагааны улмаас учирсан эдийн засгийн хохирлын хэмжээ 23 тэрбум шекель /таван тэрбум ам.доллар/ болсон гэж Израилийн Сангийн яам дүгнэж байна.
Ливанд кампанит ажил эхлэхээс өмне 2006 онд эдийн засгийн өсөлт 5,2-5,5 хувьд хүрнэ гэж Сангийн яам урьдчилан таамаглаж байв. Гэтэл одоо энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүн дөрөв орчим хувиар нэмэгдэнэ гэж ярьж байна.
Харин Ливаны дүрвэгсдэд туслах дээд хорооны мэдээлснээр Ливанд энэ дайнд 1109 хүн амь үрэгдэж, 3849 хүн шархаджээ. Амь үрэгдэгсдийн үнэмлэхүй олонх иь энгийн иргэд, тэгэхдээ гуравны нэг нь 12 хүртэлх насны хүүхдүүд байв. Харин дүрвэгчдийн тоо 973 мянга 334 болсон байна. Тэдний олонх нь даваа гаригийн өглөө гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдер болсны дараа гэр гэртээ харьж эхэлжээ. Гэтэл Израиль Ливаны емнөд нутгийн оршин суугчдыг энэ нутаг Ливаны арми, НҮБ-ын энхийг сахиулагчдын хяналтад хараахан шилжээгүй байгаа учир гэртээ харихыг азнахыг урилсан байна. Үүний сацуу сөргөлдөгч талуудын хооронд дахин мөргөлдөөн гарч болзошгүй, түүнчлэн саяхан дайн болсон бүсэд дэлбэрээгүй үлдсэн галт хэрэгсэл байж болзошгүйг анхааруулжээ.
ТЕЛЬ-АВИВ/БЕЙРУТ. /РИА Новости/
(Монцамэ)
З.Амгалан