Итгэл тээгээрэй эцэг, эхчүүд ээ, хүүхдээ эмчлүүлэх боломж байна

Өөдөсхөн охиноо өвөр дээрээ эрхлүүлэх залуухан ээж, өөрөөсөө том хархүүг дагуулан нааш цааш алхах эмээ цаанаа нэг итгэл тээсэн нь илт. Залуу бүсгүй охиндоо Хоёулаа одоохон бүртгүүллээ. Миний охин жаахан тэвчээрэй. Одоохон бүртгүүллээ шүү гэж захина.
Ээжийнхээ үгийг дуулгавартайгаар сонсч толгой дохих охин зургаан настай. Тэр дөрвөн настай болов уу гэмээр харагдана. Хоёр жилийн өмнөөс өсөлт нь зогссоноос охины бие ийн давжаарчээ. Эцэг, эх нь охиноо эмчлүүлэхээр хоёр жилийн хугацаанд хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нарыг гүйцээсэн гэж хэлж болох аж. Бүр Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэн багш нарт ч хандсан гэж байгаат Тэд бүгд Гадаадад л эмчлүүлэх найдвар байна. Манайд энэ төрлийн өвчнийг одоо зөвхөн оношлох төдий л байгаа гэсэн хариултыг өгчээ. Ингээд эцэг, эх нь мөнгөний эрэлд гараад эс бүтэж. Бас тэгээд эмч өдөр бүхэн үнэтэй гэдгийг санаарай. Хугацаа алдваас охин эмчлэгдэх боломжгүй болно гэж анхааруулсаар байдаг. Харин хэд хоногийн өмнөөс Эрүүл мэндийн яамнаа Монголдоо эмчлэгдэх боломжгүй 0-18 хүртэлх насны хүүхдийг наймдугаар сарын 15-наас албан ёсоор бүртгэн гадаадад эмчлүүлэх арга хэмжээг авна гэсэн нь сэтгэлд нэг ёсны итгэл асаажээ. Товлосон өдөр нь Эрүүл мэндийн яамнаа бүртгүүлэхээр ирсэн нь энэ байлаа.
Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Ч.Дагзмаа гуай ач хүүгээ бүртгүүлэхээр өвчнийх нь түүхийг бичсэн дэвтрийг, иргэний үнэмлэхийн хамт гартаа тас атган сууна. Ач хүүгийнх нь баруун нүд дөрвөн жилийн өмнөөс харахаа больж. Зүггүй хүүхдийн шидсэн чулуу хүүгийнх нь нүдийг оносноос ийн хараагүй болсон гэх. Нүдний нарийн мэргэжлийн эмч нарт хандвал тэд Аль ч газар эмчлэгдэх найдваргүй гэсэн хариултыг өгсөн ч Дагзмаа эмээ Юмыг яаж мэдэхэв, эмчлэгдэх ч юм билүү гэсэн итгэл өвөрлөн иржээ.
Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Ч.Наранцогийн хэлснээр энэ сарын 22-ныг хүртэл өдөр бүрийн14.00-16.00 цагийн хооронд бүртгүүлэх боломжтой.
Тиймээс эмч таны хүүхдийг Гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг хийсэн бол даруй бүртгүүлээрэй. Ингэснээр таны хүүхэд эмчлүүлэх боломж бүрдэх юм байна. Заавал гадаад явахын хэрэг гарахгүй ч байж мэднэ. Тодруулбал, манайд гадаадаас нарийн мэргэжлийн эмч нар ирвэл бүртгэлтэй хүүхдээ хамгийн түрүүнд үзүүлж, эмчлүүлэх аж.
Бас ивээн тэтгэлэг хэрэгтэй үед гадаадын буяны байгууллагатай ч холбож өгөх үүргийг хүлээнэ. Гэхдээ бүртгүүлэнгүүт л хүүхдээ эмчлэгдэх юм шиг бодож болохгүй. Учир нь гадныхны гарыг харж буй болохоор цаг хугацаа шаардаж мэдэхийг яамны мэргэжилтэн хүүхдийн эцэг, эхчүүдэд сануулж байв.
Бүртгэх ажил эхэлсэнтэй холбогдуулж Эрүүл мэндийн яамны Хүүхдийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Г.Соёлгэрэлээс дараах асуултад хариулт авсан юм.
-Хүүхдээ бүртгүүлэх эцэг, эх ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Нарийн мэргэжлийн эмчид үзүүлснийг баталгаажуулсан эмчийн дүгнэлт.Төрсний гэрчилгээ. Мөн өвчний байдлыг харуулсан рентген зураг байж болно. Мэргэжилтэн маань дээрх бичиг баримтыг үндэслэн бүртгэх явцдаа тухайн бүртгүүлэгчээс оршин суугаа газрын хаяг, холбоо барих утас зэргийг тэмдэглэн авна. Тэгээд мэдээллийн нэгдсэн сандаа оруулна.
-Бүртгүүлэх хүүхэд нь заавал өөрийн биеэр ирэх ёстой юу?
-Yгүй дээ. Дээр дурдсан бичиг баримт л байхад л болно.
-Хөдөө орон нутгийн хүүхэд бүртгүүлье гэвэл яах вэ?
-Хамгийн гол нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлттэй бол бичиг баримтыг нь төрөл саднаараа дамжуулан бүртгүүлэх боломж бий.
-Нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлт байхгүй бол яах вэ?
-Эмнэлгийн дүгнэлтгүй бол ирээд нэмэргүй. Яагаад гэхээр зарим хүн худлаа ярьж хүндрэл учруулдаг. Америкийн виз даруулахын тулд хүүхдээ барих эцэг, эх энүүхэнд. Мөн мөнгө олохын тулд хүүхдээрээ гул барих нь ч бий. Тиймээс бид нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлт шаардаад байгаа юм.
Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Улсын нэгдсэн клиникийн I, III эмнэлгийн эмч нарын дүгнэлтийн аль нэг байхад хангалттай.
Ардын эрх сонин 156/ 434/
Г.Нэргүй