Өрөөлөөр тоглоод өөрөө баларсан Саятны бяцхан түүх

Ганцхудаг дахь урьдчилан хорих төвд хоригдож буй нэгэн залуутай уулзав. Энэ бол 1993 онд болсон явдал.
Түүнийг Монгол алтай ХЭАА-н эзэн Банзрагчийн Энх-Амгалан гэдэг. Yсэнд нь хаа нэгхэн буурал cop гялтганах өтгөн хар халимаг, нарийн ширвээ сахалтай, намхан атлаа чийрэг биетэй нүдэнд дулаахан залуу. Тэрээр энэ жил 28 настай. Ховд хотод төрж өссөн тэрээр аав, ээж, эхнэр хүүхдийн хамт амьдран сууж Монгол Алтай нэртэй хувираа эрхлэх аж ахуйн эзэн болоод үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Урьд нь цэргийн алба хааж, Ховд хотын гал командад гал сөнөөгч, жолоочоор ажиллаж байсан. Ажилдаа хичээл зүтгэлтэй, биеийн тамир спортоор хичээллэж, хүндийг өргөлтийн спортын мастер болжээ. Зан чанарын хувьд бусдад тусархаг, ил цагаан яриатай хүүхэд зангаа орхиогүй, бусдын сэт-элд нийцтэй нэгэн явсан ажээ.
Туулж эхэлсэн зам
Анх 1992 оны зургадугаар сард хувираа эрхлэх аж ахуй байгуулж Ховдын ХАА-н банкнаас гурван сая төгрөгийн зээл авчээ. Түүнийг ийнхүү зээл авахад нь насааараа аж ахуйн ажил хийж явсан түүний эцэг Банзрагч гуайн нэр нүүр ч тус болсон аж. Байр сав, тоног төхөөрөмж худалдан авч, бага сага үйлдвэрлэл, худалдаа явуулж байгаад томоохон панз наймаа хийж, олз олох, мөнгө хөрөнгөө арвижуулах зорилгоор нийслэл хот руу хөлгийн жолоо залжээ. Эр хүний боддог бодол, хийдэг л ажил.
Гэтэл Б.Энх-Амгалан нийслэлд ирээд эд хөрөнгийн биш архи, авгай хүүхний наймаа хийж, зугаалж наргиж явсаар нэг л өдөр нутгаас авч гарсан 100 гаруй мянган төгрөг, дөрвөн мянган литр бензиний талоноо үрж дууссанаа мэдэв. Одоо яах уу? Гуяа ганзагалаад харилтай биш, харья ч гэсэн нэгэнт унааны зардал ч үгүй болсон байжээ. Ингээд тэрээр бусдын гар дээр тавих юмгүй атлаа бичиг баримт бүрдүүлэн тамга тэмдгээ дарж, гэрээ байгуулах замаар мөнгө, эд бараа авах замд оров.
Ийм маягаар Материал импекс нэгдлийн орлогч захирал Буриадтай гэрээ хийж, гурил будаа нийлүүлнэ, Тоёота машин авчирч өгнө гэж том амлаж байгаад дөрвөн хивс, дөрвөн цув, биет төгрөг 16 мянгыг салгаж аваад мөр буруулжээ. Мөн арьс ширний үйлдвэрийн Таван эрдэнэ компанийн мэргэжилтэн Пүрэвдоржоос нэхий нийлүүлнэ гэж дөрвөн ширхэг савхин цамц авсан байна. Зүгээр сууж байхад нь зүүд мэт гарт нь сул ороод ирсэн хөрөнгийг энд тэнд дураар цацаж, улмаар Эрдэнэт, Дархан, Говь-Алтай, Баянхонгороор тэнэж, мөн л худал ярьж, хууран мэхэлж, дараагийн хүнээс юм салгахын тулд өмнөх хүнээс авсан хөрөнгийг чухам Бурханы элч, буяны эзэн мэт зарцуулж, бэлтэй чинээтэй хүний дүрээр авирлан бусдын итгэлийг хулээсээр байжээ.
Сүүлдээ энэ ажилдаа бүр мэргэшиж, хуурамчаар жүжиглэх, уран цэцэн үнэмшилтэй ярих, бусдын толгойг эргүүлж мангартуулах авъяаснь хөгжсөөр байв. Тэрээр хаа ч явсан дипломат цүнх барьж, хэнтэй ч уулзсан америк янжуур, алтлаг лаазтай пиво, валютын архиар дайлна. Жирийн хүний өгдгөөс илүүг өгч хөдлөх болгондоо хөлсний машинаар сүнгэнүүлнэ. Зочид буудалд бууж, залуу бүсгүйчүүтэй бэлтэйхэн наргиж хононо. Алтай зочид буудалд хэд хонохдоо тэндхийн баарнаас үнэтэй архи, тамхи ихээр авч наргиж байгаад нярав Нинагаас 65 мянга төгрөг бэлнээр, мөн архи тамхи ч зээлээр аваад алга болжээ. Нинаг хууран мэхлэхдээ Би танай баарны эрхлэгч Чилгэртэй нэг нутаг, найз дотно хэмээн итгүүлжээ. Мөн нэг удаа тэр хавиар очихдоо Чилгэрийг нутагтаа очиход нь бид уулзсан, та нарт нэлээд мах явуулсан байгаа, авчирч өгнө гэж худал залан итгэлийг нь улам лавшруулсан байна.
Мань хүн нэг удаагийн ээлжит аяллаараа Эрдэнэт хотод очиж, урьд мэдэх бүсгүй Сайнтуяагаас хивс, савхин хүрэм өгнө гэж 13, хөршийнх нь залууд хивс өгнө гэж хэлээд 26 мянга төгрөг салгаж авав. Сайнтуяа хивс, савхин хүрэм авчирч өгөхийг нь хүлээн суухад мань Энх-Амгалан галт тэргэнд суун Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн эдийн засагч нэгэн бүсгүйтэй аль хэдийнэ танилцан нийслэл хот руу дөхөж явжээ.
Шинээр танилцсан бүсгүйтэйгээ Улаанбаатарын нэгэн зочид буудалд хамт наргиж хоноод өглөө нь нөгөө бүсгүйгээр цамцаа угаалгах зууртаа араар нь хувцаслан гарч, газрын гаваар орсон мэт алга болсон гэнэ. Ингэхдээ нөгөө бүсгүйнхээ 10 мянга төгрөгийг бүхэл болгож өгнө гэж хэлээд аваад явсан байжээ. Дараа нь галт тэргэнд үйлчлэгч Оюунаатэй танилцаад мөн л 28 мянган рублийг нь зарж өгнө гэж залилан салгаж авч амжсан байв.
Тэрээр бусдаас залилан авсан мөнгө төгрөгөөрөө өөртөө ганц оймс ч авч өмсөөгүй хэр нь их мөнгөөр чухам л гараа угааж, бөгсөө арчиж явжээ. Бүсгүйчүүдийн гэнэн хонгор сэтгэлээр тоглож, тэдэнд шан харамж өгч, дайлж цайлахдаа огтхон ч гар татахгүй боловч авахаа хүрвэл бас байгааг нь салгаж чаддаг авьяастай. Yүний нэгэн тод жишээ бол Уранцэцэг хэмээх бүсгүйд Маргааш эргүүлээд өгнө, ингэхдээ 50 хувийн хүү төлнө гэж худал хэлээд 500 ам.доллар авч, түүгээрээ хоёр орой л наргисан байжээ. Би энэ үгийг нь сонсоод 500 ам.доллар гэдэг чинь төгрөгөөр бол дорж хаяж 200 мянга гэсэн үг. Бас ч гэж гайгүйд тооцогдох албан хаагчийн бүтэн жилийн цалин байна. Яаж үрэхээр ингэдэг байнаа? гэж Энх-Амгалангаас асуусан юм. Тэрээр Юм гэдэг ч үнэтэй болж шүү дээ. танаас нуух юу байхав. Тэгэхэд 500 ам.доллар өвөртөлчихөөд Улаанбаатар бааранд ороод нэг бүсгүйтэй уулзаж үнэ хаялцсан. Тэр бүсгүй хоногийн 100 ногоон гэж өөрийгөө үнэлсэн. Би нэгэнт их гарын хүн учир мөнгөний тоо надад хамаагүй гэх ухааны юм
түүнд хэлсэн. Нөгөө хүүхэн маань байр, унаагаар үйлчилж, би ч архи тамхи аваад бид нэг газар очсон юм. Тэгээд тэр янханд 100, үйлчилдэг жолоочид нь 50, байрны хөлсөнд 15, архи пиво, ундаа, тамхинд 100 ам.доллар зарцуулсан даа.
Тийм хүүхнүүд чинь нэр усаа хэлдэггүй юм байна лээ. Хэлсэн ч шал худал хэлнэ. Миний уулзсан тэр хүүхэн нэрээ огт хэлээгүй, 23-24 насны орчим насны аятайхан бүсгүй, Толгойтын таван шард байртай байсан гэлээ.
Тэрээр бас нэгэн залуухан хүүхэнтэй танилцаж буудалд авчирч хонохдоо өөрийн холын хамаатныхаас барьцаанд тавьчихаад буцааж өгнө гэж авсан алтан бөгж, ээмэг хоёрынхоо бөгжийг нь нөгөө хүүхний хуруунд углаж, бүр ав, чамдаа дурсгачихъя хэмээн баярхаж байсан гэнэ. Нийслэлийн арван жилийн нэгэн сургуулийн багш Д-тэй танилцаж чамтай сууна гэхэд цаадах нь үнэмшиж нэг хэсэг хамт гүйцгээсэн явдал ч болж байжээ.
Улам чангараад унасан түүх
Гэхдээ Б.Энх-Амгалан нэг удаа өөрийн энэ явдлаа ойлгож, хуулийн байгууллагад үнэнээ мэдүүлье гэж Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст очиж, иймэрхүү юманд орчихлоо гэдгээ мэдүүлэг өгч байсан удаатай. Гэтэл Ховдын цагдаагийнхан нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст очиж учраа ол! гэж хэлээд явуулсан аж. Харин Энх-Амгалан нийслэлд ирээд урьдын замаараа хадууран оржээ. Тэрээр энэ харамсалтай явдлаа Би хотод ирээд орох оронгүй, халаасандаа мөнгөгүй байсан болохоор удаан тэсч чадалгүй, нөгөө л аргаараа амьдрах болсон. Чухамдаа хуучны үгээр өр мянга хүрэхээр цагаандаа гардаг гэгч болж айж ичих, хожим хойдохоо санах зовох юмгүй болсон. Гагцхүү яаж мөнгө олох вэ, хэнтэй уулзах уу гэдгийг л боддог болсон гэж ярилаа.
Хүн хартай уулзах бүртээ санаанд орсон болгоноо амны зоргоор ярьж, хэн ч байсан итгүүлж чаддаг байсан гэнэ.
Гэхдээ би ядравч янжууртайгаа экспортын архитай, бусдыг дандаа л Марлборо-гоор дайлж явдаг байсан. Хүмүүс ер нь өнгө мөнгөнд амархан хууртаж, ахиухан шиг юм амлачихаар дотоод шуналдаа хөтлөгдөн байгаа хэдээ тун амархан тавиад туучихдаг юм билээ гэж хэлж байлаа.
Энх-Амгалан бусдын итгэлийг олж чаддаг бөгөөд харилцагч хүнийхээ янз байдал сэтгэл зүйг хэдхэн үгийн солион дээр мэдэрч, ямар байдлаар ярихаа андахгүй. Тэрээр мөнгөтэй бэлтэй, сүйхээ сайтай хүн гэдгээ юуны түрүүнд ойлгуулж, дараа нь санааны зоргоор үлгэр шиг юм ярина. Өөрийгөө том компанийн захирал гэнэ. Хэд хоногоос Солонгос руу явна. Хэдэн суудпын автомашин авчраад зарна. Хувийн сургууль байгуулах гэж байгаа, танай байгууллагыг ивээн тэтгэнэ. Миний урилгаар Солонгосоос хэдэн хүн ирсэн байгаа, найдвартай сайн хүнийг хувийн жолоочоор авна, тийм ийм юм бэлэн байгаа авчирч өгнө гэх мэтээр ярьж ярианыхаа далимд үнэ ихтэй архи, тамхи гаргаж бийлэгжүү загнана. Заримд нь гэрчилгээ, гэрээний бичиг үзүүлж, орлого зарлагын падаан бичиж, тамга тэмдэг дарж, албан ёсны баталгаа гаргаж өгнө, барьцаа болгож бичиг баримтаа ч орхидог аргатай.
Б.Энх-Амгалангийн яриа
Би одоо юугаа нуух вэ? Бүх юм илэрсэн, үйлдсэн хэргээ үнэн шударгаар мэдүүлж байгаа. Хүн нэг жолоо алдаж ташуурахаараа өөрийн гэсэн ухаанаа гээж, ёстой донтож галзуурдаг юм шиг байна. Одоо ингээд мөрдөнд хийх юмгүй гиюүрч хэвтэхдээ яаж явснаа эргэн санахад үнэндээ хэсэг хугацаанд би галзуурч байжээ. Тэр их мөнгөөр өөртөө нэг ч юм авалгүй, архи, хүүхэн хоёрт зориулж явсан байх юм. Тэгсэн атлаа нэгэн танилынхаа булган малгай, пальтог залилж өмсөөд явчихсан ч байх юм.
Гэхдээ би зан суртахуунаарр авах юмгүй болтлоо эвдэрсэн засаршгүй этгээд биш ээ. Нэг хэсэг л ийм тэнэг юм хийж, өөрийгөө баллаж орхилоо. Би бүх хүний хохирлыг төлж өгнө
над шиг бусдыг хуурч яваа залууст Энэ мэт ухаангүй мунхаг явдлаа бага дээр нь шууд орхи. Худал хуурмаг явдал гэдэг хэзээ ч илэрнэ гэдгийг сануулж өгөөрэй. Ийм залуус эр, эмгүй их олон байгаа гэлээ.
-Чи тэр их мөнгөөр дандаа л архи уусан юм яриад байх юм. Тэгтлээ архинд толгойгоо мэдүүлчисэн хүн үү?
-Yгүй. Бусдаас юм авах, хүүхнүүдтэй наргих, буудал, унааны хөлс зэрэгт ихэнхийг нь зарцуулсан. Гэхдээ би нэг удаа дөрвөн шил архи уучихаад ухаан алддаггүй, маргааш нь шартаж тарчилдаггүй. Тамирчин байсны хувьд бие сайтай. Харин одоо турж байна. 81 кг жинтэй байснаа мөрдөнд ороод cap гаруй хугацаа өнгөрөхөд 10-аад кг хасагдлаа.
-Чи чинь дандаа л хүүхнүүдтэй наргиж, тэднийг дайлж бэлэг сэлт, үнэ хөлс төлж, заримыг нь давхар шоглож байжээ. Энэ хугацаанд хэдэн хүүхэнтэй наргив даа?
-Би 1992 оны долдугаар сарын 27-нд хотод орж ирээд энэ оны хоёрдугаар сарын 13-нд баривчлагдсан. Энэ хагас жил гаруйн хугацаанд танилцсан хүүхэн гэвэл олон. Харин дотносч ойртсон хүухэн лав л хорь гаруй байгаа.
Энх-Амгалан бид хоёрын яриа ийнхүү дууслаа. 976 мянга төгрөгийн хохирол учруулсан хэрэг илэрч бүртгэгджээ. Хүн хүндээ итгэнэ гэдэг сайхан. Бие биедээ итгэж, хэн хэнийхээ итгэлийг дааж явбал хүнлэг сэтгэлээ хэзээ ч алдахгүй. Гэтэл өрөөл бусдын сайхан сэтгэл, итгэмтгий чанараар тоглож өөрийн амин хувиа хичээж явна гэдэг юутай гутамшиг билээ.
Энх-Амгалан бол тэнэг хүн биш. Ухаалаг сүйхээтэй зангаа хар мөрт зориулж, бусдыг мэхдэн луйвардаж явсан нь даан ч харамсалтай. Нөгөө талаар энэ залууд итгэж мэхлэгдсэн хүмүүсийн итгэмтгий зан чанарыг буруутган шүүмжлэх аргагүй боловч аливаад ул суурьтай ухаалаг хандах чадвар мөхөсхөн байж дээ гэдгийг хэлэхээс яахав.
Ардын эрх сонин 156 /434/