Солирын урсгал бүтэн сар үргэлжлэх нь бий

Манай дэлхийн агаар мандлыг солир байнга нэвтэрч байдаг ажээ. Тэдгээр тоосонцрууд дэлхийн агаар мандалд орж ирэнгүүтээ задарч шатан маш хурц гэрэл гаргаж ууршдаг. Энэ үзэгдлийг хүмүүс од харвах гэж нэрлэх нь бий. Өөрөөр хэлбэл, солирын биет дэлхийн агаар мандалд нэвтэрсний улмаас шатан газрын гадаргуугаас 80-130 километр өндөрт үүсч буй гэрлийн үзэгдлийг од харвалт гэдэг байна. Ганц нэгээрээ од харвахыг бид олонтаа харсан. Харин олон одод зэрэг харвахыг одон орон судлаачид солирын бороо гэж нэрлэдэг юм байна. Олон тооны солирын тоосонцруудын бөөгнөрөл агаар мандалд орж ирснээр тэнгэрт нэг цэгээс олон тооны гэрэл цацарч оддын бороо орж байгаа юм шиг харагддаг. Энэхүү үзэгдэл хэдэн цаг бүр заримдаа хэдэн өдрөөр ч үргэжилдэг байна.
Дэлхий өөрийнхөө тойрог замын хөдөлгөөний үед солирын биетийн үргэжилсэн бөөгнөрөлт, зарим тохиолдолд сүүлт одны төгсгөл хэсэгтэй огтлолцож түүний улмаас солирын бороо ордог байна. Солирын бороо жил болгон орно. Учир нь дэлхий жилд нэг бус удаа олон тооны бөөгнөрөлтэй огтлолцдог. Эдгээрийн нэг болох энэ жилийн хамгийн нүсэр сүртэй оддын бороо буюу Персейдын солирын урсгалын максимум манай дэлхийд энэ сарын 12-13-нд шилжих шөнө тохиолоо. Оддын бороо зүсрэх эл сонирхолтой үзэгдлийг дэлхийн аль цэгээс ажиглаж болохоор байлаа. Ялангуяа тухайн үед шөнө болж байсан орнуудад илүү тод харагдсан байна. Солирын бороо нь шөнийн цагт маш тод үзэгддэг. Персейдын солирын бороо нь бараг бүтэн сарын турш зүсэрч байгаа бөгөөд аадар болон буусныг манай дэлхийн олон мянган хүн дурангаар ажиглажээ. Оргил үедээ 200 хүртэл солир унаж байсан тохиолдол байдаг гэнэ. Персейдын солирын урсгал нь бараг зун болгон тохилддог байна. Энэ удаад манай гариг Сфивт-Таттл нэртэй сүүлт одны сүүлийг дайран өнгөрөх үед энэхүү солирын бороо оржээ. Сүүлт од наранд хэт ойртсоны улмаас задарч, цөмийн хэлтэрхийнүүд үүсгэдэг аж.
Солирын бороо болгон өөр өөр нэртэй бөгөөд тохиодог хугацаа нь ч янз бүр. Ихэнх солирын биетүүд газарт уналгүйгээр тэнгэрт шатан ууршдаг гэнэ. Харин томоохон солирын биетүүд л метеорит хэлбэрээр газарт унадаг байна. Гэхдээ одон орны энэхүү сонирхолтой үзэгдлийг зарим улс орныхон ажиглах боломжгүй байдаг ажээ.Тэр ч бүү хэл барилга, үйлдвэрийн салбар нь өндөр хөгжсөн зарим улс оронд солирын бороо байтугай од харагддаггүй гэдэг. Харин цэлмэг хөх тэнгэртэй монголчууд энэхүү сонирхолтой үзэгдлийг жил бүр харж, ажиглаж болох азтай хүмүүс юм байна. Тиймээс зөвхөн солирын урсгал ч биш нар, cap од эрхсийн хувьсал, өөрчлөлтийг сонирхохоор гадаадын цөөнгүй орны эрдэмтэд манай орныг зорин ирдэг байна.
Ардын эрх сонин 156 /434/