Та зөвхөн хашаан дотроосоо 40000 төгрөгөөр 300,000-ыг олж болно

Хашаандаа төмс, байцаа, манжин, лууван, өргөст хэмх, улаан лооль, редиск зэрэг тариалж үр шимийг нь хүртэж болох маш олон нэр төрлийн ногоо бий. Эдгээрээс өргөст хэмх тариалж ямар ашиг олж болох талаар товч зөвлөө. Өргөст хэмхийг тарихын тулд хашаан дотроо аль боломжтой зай талбайг ашиглаж 5×10 м буюу 50 ам метр орчим талбай бэлтгэнэ.Талбайг бэлтгэхдээ сонгосон газраа тэгшхэн хуваарилж хуваагаад нэг ам метр талбайд дөрвөн ширхэг суулгац тарихаар бодож 180-200 ширхэг нүх бэлтгэнэ. Суулгац тарихын тулд нийт талбайг хагалах шаардлага байхгүй. Дор бүр нь 30-40 см орчим тойрогтой нүхийг 20-25 см орчим гүн ухаж шороог суллаж, мод чулуу, үндэс зэрэг зүйлийг түүж цэвэрлээд нэг томоохон шаазангийн хэмжээтэй хонины бууцыг шороотой нь сайн хольж хийнэ. Чадвал хоёр кг орчим тахианы буюу тагтааны сангасыг усанд уусгасны дараа 10 дахин шингэлээд нүх болгонд бага багаар нь /100 гр орчим/ хийж өгвөл сайн. Бэлтгэсэн нүхээ сайн услаж лавхан чийглээд маргааш нь ил талбайны үр 1-2 ширхгийг 2-3 см гүнд суулгаад шороогоор булж дээрээс нь гараараа дарж нягтруулж өгнө. Үр суулгасан нүхэн дотроо хөндий үүсгэж болохгүй. Хөндий гарчихвал үр соёолж ургах нь удаашрах төдийгүй ургахгүйд хүрч болно.
Суулгах үрийг цэвэр саванд хийж бүлээн усаар 2-3 хоног дэвтээсэн байна. Дэвтээхэд нарийхан цагаан соёо цухуйсан байна. Тарьсны дараагаас эхлэн ургах хугацаанд нь өдөр бүр, хөрс нь чийг ихтэй бороотой үед 1-2 өнжөөд услана. Хөрсийг хатааж болохгүй. 20-иод хоногийн дараа хоёр салаа ногоон навч цухуйж ирэх ба аажмаар ургалт нь тасралтгүй үргэлжилнэ. Ишинд нь шар цэцэг лавхан гарсны дараа цэцэг ургаагүй завсрын томорсон навчнуудыг ишний нь угаар бусад ишийг гэмтээхгүйгээр эвтэйхэн тасалж хаяна. Энэ нь шигүү ургасан иш навч нь сийрэгжиж гэрэл хаахгүй болж, хөрснөөс авах шим тэжээлийг булаацалдахгүй байх сайн талтай. Хавар тавдугаар сарын сүүлчээр тарьсан суулгац наймдугаар сарын дунд үеэр болж түрүүчийн өргөст хэмхийг хурааж авах боломжтой болсон байна. Шар цэцэг нь бөөрөнхийлж хумигдаж багцаагаар цагны жижиг хуруу зайны хэмжээтэй болсны дараа цөөхөн хоногт огцом томордог онцлогтой. Түрүүчийн болсноос нь хураан авч байхгүй бол хэт хатуурч дотор нь хөндий үүсч чанар нь муудах талтай болохыг анхаарах хэрэгтэй. Хурааж авсан өргөст хэмхээ тэр чигээр нь хүнсэндээ хэрэглэж болохоос гадна дарж савлаж нөөшлөөд хэдэн cap ч хадгалж хэрэглэж болно. Дарж нөөшлөөд худалдаж борлуулах нь илүү ашигтай. Дарахын тулд жимсний чанамлын шилийг 2-3 удаа усаар сайтар угааж цэвэрлэсний дараа шилээ гэрийн нөхцөлд бууз жигнэдэг аргаар халуун ууран дээр 15 минут жигнэж ариутгана. Ариутгасан шилэндээ өргөст хэмхээ жижгийг нь бүтнээр нь томыг нь хэрчиж хувааж хийгээд цуу, элсэн чихэр, нунтаг давс тус бүрийг амны жижиг халбагаар нэг хийнэ. Мөн хар перец 4-5 ширхэг, улаан лууванг нимгэн хэрчээд, 4-5 ширхэг саримс авч нэг хумсыг дундуур нь зүсч, хонин гоньд нэг чимх, лаврын навч 2-3 ширхгийг тус тус хийгээд шилээ усаар дүүргэн амыг нь хий гарч ус гоожихгүйгээр сайн таглаад буузны жигнүүр дээр амыг нь доош харуулж тавиад 15 минут жигнэнэ. Ариутгаж гаргаад нэг хоног амыг нь доош харуулж тавиад маргаашнаас нь дээш харуулж тавьж хадгална. Чанартай сайн болсон бол усны өнгө тунгалаг хэвээрээ байх ба нэг жил хадгалахад амт чанараа алдахгүй. Хадгалах явцад өнгө нь цайх буюу булингар тунадас үүсвэл хэрэглэж болохгүй. Бэлтгэсэн салатныхаа нэг шилийг нь 600-800 төгрөгөөр худалдвал 500 шил салат дор хаяж 300000 төгрөг болно. Нэг суулгацнаас 2-3 шилэнд хийх хэмжээний өргөст хэмх авч болно. Ингэснээр 40000 төгрөгний материал бүтээгдэхүүн авч 300000 төгрөгийн орлого олох боломжтой. Энэ бол таны зуны дөрвөн сарын хугацаанд хийсэн хөдөлмөрийн үр шим юм. Үйлдвэрлэл явуулах зардалд тооцож байгаа 40000 төгрөгнөөс жимсний чанамлын шил 500 ширхгийг авахад нэг бүрийг 40 төгрөгөөр 500×40=20000 төгрөг зар бусад орцны материал уксус, элсэн чихэр, соль давс, перец, гоньд, саримс, лууван, лаврын навч зэргийг авахад 20000 төгрөг элбэг хүрнэ. Материалын нийт зардалд өндөр настны доод хэмжээний тэтгэврийн нэг сарын мөнгө л орно. Өргөст хэмхийг хашаандаа тариалах нь материал түүхий эд бараг зарцуулахгүйгээр хийж болохоос гадна биеийн хүчний хүнд хүчир хөдөлмөр шаардагдахгүй өндөр настан, эмэгтэйчүүд, хэн боловч хийж чадах ашиг орлого сайтай ажил юм. Би энэхүү нийтлэлийг тэтгэвэрт гараад хашаандаа таван жил өргөст хэмх тариалж үр дүнг үзэж тооцоолсон дадлага туршлагадаа үндэслэн бичив. Тэтгэврийн 42000 төгрөгийг дөрвөн сарын хугацаанд долоо дахин өсгөж 300000 төгрөг болгох боломж байгаа нь амьдрал дээр батлагдсан зүйл юм. Хашаандаа өргөст хэмх тариалж ашиг орлогоо арвижуулцгаая.
2006.08.16 Монголын мэдээ