Гэнэтийн ашгийн татварын хууль шинэ авилга төрүүлж эхэллээ

Тэгэхээр нь Гаалийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч яарч сандран нэгэн тушаал гаргасан нь амьдралд нийцэх эсэх нь одоогоор тодорхой бус байна. Түүний тушаалд Гаалийн хилээр гаргахыг завдсан алтыг илрүүлбэл тухайн байцаагчид 20 хувийг нь өгнө гэжээ. Харин гаалийн байцаагчид алт гаргах гэж буй иргэд 30-35 хувийг нь өгнө гэвэл яах бол?
УИХ-ын хаврын нэгдсэн чуулганаар Татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан Гэнэтийн ашгийн татвар бий болгосон. Гэтэл өнөөдөр үүний үр өгөөж нь эсрэгээр гарч байна. Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс багассан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр удаа дараа сонордуулж байгаа. Түүнчлэн сүүлийн үед хилээр их хэмжээний алт авч гарах хэд хэдэн оролдлого бүтэлгүйтсэн. Монголбанкинд орох алт нь урд хөрш рүү чиглэсэн нь түгшүүрийн дохио мэт сонсогдсонд балмагдсан эрх мэдэлтнүүд гаалиа шахаж эхэлжээ. Тэгэхээр нь Гаалийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч яарч сандран нэгэн тушаал гаргасан нь амьдралд нийцэх эсэх нь одоогоор тодорхой бус байна. Түүний тушаалд Гаалийн хилээр гаргахыг завдсан алтыг илрүүлбэл тухайн байцаагчид 20 хувийг нь өгнө гэжээ. Харин гаалийн байцаагчид алт гаргах гэж буй иргэд 30-35 хувийг нь өгнө гэвэл яах бол. Төрдөө үнэнч ажиллах уу өөртөө ашигтай ажиллах уу гэсэн асуулт гарна биз дээ. Сарын 100 хүрэхгүй мянган төгрөгийн цалинтай төрийн албан хаагч алийг нь сонгох уу гэдэг хэнд ч ойлгомжтой биз дээ. Бодлогогүй нэг үйлдлээс болж улс орон сүйрдэг гэсэн үг байдаг. Ямарч тооцоогүй, судалгаагүй сэтгэлийнхээ хөөрөлөөр, гарах үр дагавраа бодолгүй хийсэн хууль ингэж шинээр авилга, хээл хахуулийг төрүүлж эхэллээ.
Ингэснээр далд бизнесийг бий болгож авилга хэмээх амтат идээг нэгээр нэмэгдүүлж хувь нэмрээ оруулсан хууль болсныг амьдрал хоромхон харуулж шалгалаа. Монголбанк өнгөрсөн долоо хоногт худалдан авах алтныхаа үнийг 404 төгрөгөөр нэмсэн ч тусыг эс оллоо. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 3080,2 килограммаар бага байна гэдэг далд эдийн засгийгтөрүүлэх хууль эх барьчихаад байгаа юм биш үү эрхэм төрийн түшээ нар аа. Гэнэтийн татварын хууль гараад их хэмжээний мөнгөн хуримтлал төсөвт үүсч, үүгээрээ нийгмийн халамжид өгөх сонгуулийнхаа амлалтыг биелүүлсэн дүр эсгэнэ гэж тооцоолсон нь худлаа байсанг өнөөдөр хууль батлагчид мэдэрч байгаа болов уу. Энэ хууль гарснаас хойш Гэнэтийн ашгийн татвар гэдгээрээ хуримтлуулсан хэдэн төгрөгийн бараг 80 гаруй хувийг нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс авсан гэнэ. Хамтарсан энэ үйлдвэрийн ашгаас хууль нэрээр ОХУ-д өгөх ёстой хэдэн ногооноос нь саасанаас өөр үр дүн мэдрэгдэхгүй байна хэмээн манай эдийн засагчид дүгнэн хэлж байсан. Тэгэхээр энэ хууль төрд бус гаальчидад ашигтай болж хувирах нь. Одоохондоо урд хилээр алт болон өнгөт металл нууцаар гаргах туршлага тун хомс байгаа. Харин хэсэг хугацааны дараа буюу энэ оны төгсгөл гэхэд арвин их туршлага хуримтлуулсан гаалийнхан, ийм төрлийн сүлжээ хүссэн хүсээгүй бий болно. Энэ цаг одоогийн гаальтай машин гэдэг шиг алтны машинуудаа төр дийлэхгүй болж, Монголбанк алтгүй хоосон авдар болохыг хэн ч үгүйсгэхгүй. Манай орны аль ч хилээр гаальтай машин чөлөөтэй зорчиж буйг энгийн иргэдээсээ эхлээд төрийн түшээд хүртэл мэддэг. Гэвч арга хэмжээ авлаа ч зогсоож чадалгүй өнөөдрийг хүрсэн. Тэгэхээр УИХ намрын чуулганаараа гаргасан хуулиа эргэн харахгүй бол Монголын валютын нөөцийг бүрдүүлдэг алт хэмээх үнэт шар металлаа өмнөд хөршийнхөө ах нарт алдаад өөрсдөө бадар барьж магадгүй нь ээ.
2006.08.16 Бизнес таймс