Томоохон албан тушаалтнууд орлогоо нийтэд зарлаж байх ёстой болов

Төрийн албан хаагч албан тушаалынхаа эрх мэдлийг хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бусдад давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг авилга хэмээн энэ хуульд тодорхойлов. Авилгатай тэмцэх бие даасан байгууллага байгуулахэсвэл хүчний байгууллагын /цагдаа, прокурор/ дэргэд байх эсэх талаар хуулийн төслийг боловсруулах шатнаас эхлээд хамгийн их маргаан үүсгэж байсан билээ. Хараат бус, бие даасан төрийн тусгай байгууллага.Авилгатай тэмцэх газар байгуулахаар хуульд тусгалаа. Хүчний байгууллагын дэргэд байгуулбал авилгын хэргийг мөрдөн шалгах, илрүүлэх ажил нь давамгайлж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүрэг нь орхигдож болзошгүй байсан. Бие даасан байгууллага байснаараа энэ бүх чиг үүрэг төвлөрөх ач холбогдолтой гэж Авилгын эсрэг хуулийн төсөлд анхнаас нь гар бие оролцсон гишүүн С.Оюун хэллээ.
Авилгатай тэмцэх газарт /АТГ/ нүсэр аппарат байхгүй учир төсөвт хүндрэл учруулахгүй гэж үзэж байна. Тус газар нь урьдчилан сэргийлэх, судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалт, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажлын, захиргааны чиглэлийн гэсэн үндсэн бүтэцтэй байхаар хуульд заав. Тус газрын ажилтнууд нь өөрсдөө авилгад өртөхгүй байх эдийн засгийн баталгааг төр хангана. АТГ-ын төсөв болон албан хаагчдын цалин, нэмэгдлийн хэмжээг УИХ батлах бөгөөд тус газрын дарга, орлогч нь Засгийн газрын гишүүний нэгэн адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байна. АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох юм. АТГ-ын ажилтан нь ажлаас гарснаас хойш таван жилийн дотор алив сонгуульд нэр дэвших эрхгүй. АТГ нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэнээс шаардлагатаa мэдээлэл, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг үнэ төлбөргүй гаргуулан авах, танилцах, мэргэжлийн дүгнэлт, магадлагаа гаргуулах, авилгын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор гүйцэтгэх ажил явуулах, гүйцэтгэх ажил эрхэлдэг бусад байгууллагатай хамтран ажиллах, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргуулан авах, хяналт тавих зэрэг эрхтэй. Энэ газрыг их эрх мэдэлтэй, хүний эрхийг хөсөрдүүлэгч, залхаан цээрлүүлэх машин болгох вий гэдэгт зарим гишүүн сэтгэл зовниж байсан. Авилгатай тэмцэх газар нь гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулж, хэргийг илрүүлнэ. Гэхдээ прокурор энэ газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, харин буруутай эсэх тухай эцсийн шийдвэрийг шүүх гаргах юм гэж Авилгатай тэмцэх хууль-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан өгүүлэв. Энэ хуульд оруулсан нэг чухал зохицуулалт нь авилгаас урьдчилан сэргийлэх зорилгоор албан тушаалтнуудаас хөрөнгө орлогын мэдүүлэг гаргуулан, хяналт тавих юм. Хөрөнгө орлогын мэдүүлгийг төрийн, улс төрийн, захиргааны, тусгай албан тушаал эрхэлж байгаа албан хаагчид, төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, төрийн өмчит хувьцаат компанийн захирал, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, ОНРТ-ийн ерөнхий захирал, төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа ТББ-ын дарга, сонгуульд нэр дэвшигч гаргана. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс эхлээд аймаг, нийслэлийн Засаг дарга, Монгол банкны ерөнхийлөгч, Засгийн газрын агентлагийн дарга нарын албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны хоёрдугаар улиралд багтаан Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэн нийтлэж, интернетэд байрлуулах юм. Бусад албан тушаалтны хувьд ч хөрөнгө, орлогын мэдүүлэг нь нээлттэй байх аж. Төрийн албан хаагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, бүртгүүлээгүй, санаатай худал мэдүүлсэн бол түүнийг албан тушаалаас нь огцруулах, халахаар хуульчилжээ. Мөн хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, мэдүүлгийг хянан шалгах, хариуцлага хүлээлгэх харилцааг энэ хуульд тусгажээ. Авилгын эсрэг хуулийг XI дүгээр сарын нэгнээс мөрдөж эхэлнэ. Хэдий хэмжээний зүйл авбал авилгад тооцох, авилга авснаас гадна өгсөн, зуучилсан хүн ямар
хариуцлага хүлээх зэрэгхарилцааг нарийвчлан зохицуулах Захиргааны хариуцлагын туха, Эрүүгийн хууль-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг ирэх намрын чуулганаар шийдвэрлэхээр төлөвлөж байна.
2006.08.16 Бизнесийн мэдээ