Барилга угсралтын ажил эрхлэх зөвшөөрөл авахдаа та ийм баримт бичиг бүрдүүлээрэй

Техникийн нөхцлийн хувьд дулаан, цэвэр бохир ус, цахилгаан, холбоо, радио хангамжийн талаар тоотоор дурьдсан байна. Мөн инженер геологийн дүгнэлт, зурагтөслийн байгууллагын тусгай зөвшөөрөл, улсын экспертизийн алба, эрүүл ахуй, халдвар судлалын хяналт, гал түймэртэй тэмцэх газрын визийг тус тус авсан барилгын ажлын зураг төслөө бэлтгэнэ. Гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрөл, захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээнүүд /зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай/, хариуцан бариулагчийг томилсон тухай гүйцэтгэгч байгууллагын удирдлагын тушаал хэрэгтэй болох нь. Захиалагчийн хяналт хийх төлөөлөгчийг томилсон тухай захиалагч байгууллагын даргын тушаал, барилгын тэг тэнхлэг тавьсан акт, түүнийг тавихад гаргасан зай хэмжээний зураг, захиалагч, гүйцэтгэгчээр батлуулсан талбайн зохион байгуулалтын зургийг хавсаргах хэрэгтэй болно. Үүн дээр зохиогчийн хяналт хийлгэх талаар зураг төслийн байгууллагатай хийсэн гэрээ, байгаль, цаг уур, газар хөдлөл, инженер геологийн төвөгтэй нөхцөлд баригдах барилгын угсралтын ажил гүйцэтгэх даамлын баталгаагаа хавсаргаарай. Эцэст нь байгаль орчны ерөнхий үнэлгээ, экспертизийн нэгдсэн дүгнэлтээ нэмэх нь байна. Одоо энэ тухай хуульд ямар заалт байдгийг танилцуулья. Барилгынтухай хуулийн /1998 онд батлагдсан/ барилга байгууламж, барилгын зураг төсөл, гэрээнд тавих шаардлага хэмээх III бүлэгт барилга байгууламжид тавих шаардлагыг тусгажээ. Үүнд хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлж, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх нь эн тэргүүний шалгуур байх ёстой. Хот байгуулалт, архитектур төлөвлөлтийн шаардлага хангасан зураг төслийн дагуу барьсан байх, түүхий эд материал, түлш, эрчим хүч, усны нөөцийг хэмнэлттэй ашиглах нөхцөл бүрдүүлэх, шаардлагатай тохиолдолд иргэний хамгаалалтын арга хэмжээг тусгасан байхыг хуульчилжээ. Түүнчлэн гудамж талбай, амралт зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг зэрэг нийтийн эдэлбэр газрыг чөлөөтэй ашиглах нөхцөлийг хангасан байх, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан, дулаан, холбооны хэрэгсэл, байгалийн гэрэл ашиглах боломжийг хязгаарлахгүй байхыг шаардах нь байна. Дуу чимээ, доргио, утаа, хорт хий, хог хаягдал, цацраг идэвхт бодис, хөрсний бохирдлоос хүрээлэн байгаа орчныг хамгаалсан байх ёстой. Стандарт нь тогтоогдоогүй шинэ материал, эдлэхүүнийг стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтийг үндэслэн үйлдвэрлэж, туршилтын журмаар хэрэглэхийг зөвшөөрч харин барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эхлэх, үргэлжлүүлэхийг хориглосон байна. Барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа нэг жил байна. Хуулийн энэ заалтад барилгын зураг төсөлд болон гэрээнд тавих шаардлага мөн орсон ажээ.
Нийслэлд барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй учир цахилгаан, ус хангамжийг нь зогсоосон барилгын жагсаалт
Баянгол дүүрэгт
-Улсын мөрдөн байцаах газрын захиалгаар X хороололд барьсан 40 айлын орон сууц
-Иргэн Мөнхболдын захиалгаар Пайонеринг интернэшнл ХХК-ийн I хороололд барьсан 40 айлын үйлчилгээтэй орон сууцны барилга
-Нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар Шүнди ХХК-ийн I хороололд барьсан ажилчдын орон сууц
-Пума ХХК өөрийн ажилчдын хэрэгцээнд нэгдсэн III эмнэлгийн ард барьсан Ачтан эмнэлгийн барилга
Сонгинохайрхан дүүрэгт
-Иргэн Энхцэцэгийн Жаргалан луу ХХК-д захиалж XҮII хорооны 32 дугаар байрны урд бариулсан үйлчилгээ, орон сууцны барилга
Баянзүрх дүүрэгт
-Иргэн Саранцэцэг Ванхүү ХХК-иар ҮI хороонд бариулсан Алтан Өргөө орон сууцны цогцолбор
-Баян констракшн ХХК-ийн XIII хороонд барьсан Өглөө орон сууцны цогцолбор
-Иргэн Баярсайхан захиалж Эко констракшн ХХК-иар XҮI хороонд бариулсан орон сууцны цогцолбор
-Иргэн Шүрэнцэцэгийн захиалгаар Зун чон ХХК-ийн Ү хороонд барьсан 30 айлын орон сууц
Сүхбаатар дүүрэгт
-Авзага трейд ХХК өөртөө конторын зориулалтаар I хороонд барьсан барилга
-Хурд интернэшнл-ийн захиалгаар Инкон ХХК-ийн ҮI хороонд барьсан компанийн 72 айлын орон сууц
-Ситико аудит ХХК-ийн захиалгаар Нью ком ХХК IX хороонд барьсан үйлчилгээ, 18 айлын орон сууц
Хан -Уул дүүрэгт
-Цаст импэкс ХХК-ийн XI хороонд барьсан 3 х 5 айлын орон сууц
-Дабу ХХК-ийн XI хороонд барьсан Хатан Туул цогцолборын зочид буудлын барилга
Чингэлтэй дүүрэгт
-Эл-Жи Монгол ХХК-ийн I хороонд барьсан үйлчилгээтэй орон сууц
-Иргэн Ю.Алимаагийн I, II, III, IҮ хороонд барьсан дулаан дамжуулах төвүүд
Дээрх зөвшөөрөлгүй барилгуудын ус, цахилгаан хангамжийг эхний ээлжинд таслаад байгаа бөгөөд цаашид энэ мэт зөрчилтэй барилга байгууламжид дээрх арга хэмжээг үргэлжлүүлэн авах юм байна.
2006.08.16 Бизнесийн мэдээ