М.Баттөмөр Зөвхөн өөрийнхөө бичсэнийг уншина гэдэг мартсанаа санаж байгаатай л адилхан..

-Сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна вэ?
– Насных байдаг юм уу, юуных ч байдаг юм, сүүлийн үеийн уран бүтээл гэвэл үргэлжилсэн үг, радио жүжгийн төрлийг нэлээд сонирхож байна даа.
-Шүлэг бага бичиж байна гэсэн үг үү?
-Тийм дээ. Шүлэг нэг их бичихгүй байгаа. Шүлэг гэдэг залуу настай холбоотой байдаг болоод ч тэр үү, их тунгалаг, гэгээн байх ёстой гэж боддог. Ер нь шүлгийг дурлалгүйгээр ч юм уу, уянгын юм руу орохгүйгээр бичиж болдоггүй юм шиг байгаа юм. Яахав, хурц дайчин, иргэний уянгын шүлэг бичиж болох байх л даа. Гэхдээ миний хувьд айхтар дайчин юм руу хандахыг бодохгүй байна. Дурлалын шүлэг бичиж л байна.
-Радио жүжиг гэснээс сонсогчдын сонорт хүрсэн нь бий юу?
-Одоохондоо хүрээгүй байгаа. Олон ангитай радио жүжиг нухаж сууна. Ер нь сонирхолтой төрөл л дөө. Мөн хэд гурван өгүүллэг бичиж байна.
-Ямархуу сэдвээр туурвиж буй жүжиг вэ?
-Өнөөгийн хөдөөгийн амьдралыг харуулсан, ахуйн талыг нь нэлээд барьж бичиж байна.
-Нэр нь
-Олон хэсэгтэй болохоор бичихэд амаргүй юм, тиймээс нэр оноож өгөөгүй байгаа.
-Та хичнээн ном гаргаад байгаа билээ?
-Би ер нь хоёр л ном гаргасан. Анхных нь Хайрлахын заяа, удаахь нь Цагаан тэнгэрийн зүг нэртэй.
-Ажил алба хуучиндаа юу?
-Хуучиндаа. Монголын радиогийн Уран зохиолын редакцидаа ажиллаж байна.
-Радиогийн уран зохиолын нэвтрүүлгийн цаг бага байна гэх шүүмжлэл гарч байсныг санаж байна. Өөрчлөлт орсон уу?
-Хуучин янзаараа, хуучин цагаараа явж байгаа. Уран зохиол бол байнга явж байх эд л дээ. Дэлхийн уран зохиол гэж бас явдаг. Ер нь бол цаг нэмэх л шаардлагатай.
-Редакторын хувьд ямар бодлого баримталж байгаа вэ. Тухайлбал, залуучуудын бүтээлийг түлхүү оруулдаг ч гэх юм уу
-Эн тэнцүү явах ёстой. Гэхдээ эн тэнцүү явуулж байна гээд хуучирчихсан өнгө аясыг мэдээж давамгайлуулаад байж болохгүй, харж үзэх хэрэгтэй л дээ. Энэ дашрамд хэлэхэд өнгөрсөн үеийнхээ уран зохиолыг соц реализм гэдэг явцуу утгаар авч үзнэ гэдэг маш буруу. Реализм гэдэг бол мөнхөд байж байх, уран зохиолын том гольдрол, чиглэл юм шүү дээ. Бид түүнээс халиад хаашаа ч явахгүй. Энэ бол оргил дээрээ байгаа юм. Хүнийг хэзээ ч гурвалжин толгойтой болгохгүй шүү дээ. Тэрэн шиг реализмын чиглэлээр туурвиж байсан зохиолчдын бүтээлд сайн юм маш их байдаг. Би саяхан С.Эрдэнэ гуайн тухай дурсамж нэвтрүүлэг хийх гээд бичсэн бүтээлүүдийг нь үзэж байсан чинь Би реалист зохиолч оо гэж өөрийгөө тодорхойлсон байгаа юм. Тухайн үед соц реализмын чигийг баримтлагч гэж хэлэхгүй бол нөгөө айхтар дээд талынх нь цензур хутгаад авахад ойрхон байсан. Тэгэхэд тэр хүн өөрийгөө тэгж тодорхойлж чадсан байгаа юм. Тэгэхээр манай сонгодог зохиолчид гэдэг бол тэр үед ч гэсэн тийм бодолтой, тэрийгээ зоригтой хэлдэг байж. Тэр үед ихэнх нь реализм гэдгийг мэдэхгүй шахам байлаа шүү дээ. Тийм болохоор бид тэднийгээ хүндэлж, бүтээлийг нь нэлээд сурталчлахгүй юм бол, том үеэсээ салчихаж мэдэхээр эмзэг үе таарчихлаа.
Залуучуудын хувьд шинэчлэл хийнээ гээд зүтгэж байгаа нь зөв юм. Шинэчлэлгүйгээр уран зохиол хөгжинө гэж байхгүй. Шинэчлэл хийнэ гэдэг амаргүй, эхлээд хэцүү байсанШүүмжлэгч Д.Галбаатар, Г.Аюурзана бид хэд хойно сурч байхдаа энэ талаар бишгүй л ярилцаж байсан даа. Ер нь бол эрч хүч нь тэгтлээ харьчихаагүй, бүх юм сайн явж байгаа. Шинэчлэлийг байнга хийж байх ёстой. Харин шинэчилж байна гээд хуучнаа үгүйсгээд шинэ юм гарна гэж байхгүй. Шинэ юмыг мэдрэхгүйгээр, урд үеийнхнээ уншихгүйгээр шинэ юм хийнэ гэж үгүй. Сүүлийн үед уншилт нь их бага болж. Өөрийнхөө юмыг л уншдаг, нөхдийнхөө юмыг уншдаггүй. Зөвхөн өөрийгөө уншина гэдэг мартсан юмаа санаж байгаатай л адилхан. Тиймээс бусдыг сайн уншаад, болохгүй байгааг нь хэлдэг, болж байгааг нь үнэлдэг, авьяастайг нь дэмждэг баймаар байна. Тэгэхгүй болохоор нэг л бөөрөнхий чанар давуу байгаад байх болж. Утга зохиолын хөгжилтөд саад тотгор их байна. Жаахан боловсролтой маягийн улсууд л ном гаргачихаад байна. Үүнийг жаахан хил хязгаартай болгож өгмөөр юм.
-Тэгэхийн тулд яах ёстой гэж
-Утга зохиолын талбар дээрх зохиолчдын хоёр байгууллага маань шүүмж судлалын асуудалд тодорхой бодлогоо солилцож, уран зохиолынхоо хөгжлийн талаар ярилцах цаг болжээ. Чөлөөт зохиолчдын холбоо гэхэд Ч.Байгальсайхан гэж нэртэй шүүмжлэгч байж байна, наана нь шүүмжлэгч Ц.Энхбат сууж байна. Эд нар хоорондоо ярилцаад, тийм тийм урсгал, чиглэлийг дагнаж бичиж байвал ямар уу гэж үзэл бодлоо илэрхийлэх шаардлагатай байна. Түүнээс биш дураар нь ингээд тавьчих юм бол утга зохиолын түвшин аль хэмжээнд явааг мэдэхэд хэцүү байна шүү дээ. Хожмынхон маань гайхана биз дээ, ямар гээчийн холион бантан байж вэ гэж
-Та хамгийн сүүлд Миний Монголын газар шороо хөдөлгөөн-өөс зохион байгуулсан Их Монголын Хийморь яруу найргийн наадмын шүүгчээр суусан. Наадмын талаархи болон тэнд уншигдсан шүлгүүдийн тухайд санал бодлоо хуваалцахгүй юу. Шүүхэд амаргүй байсан уу?
-Ер нь манайхан шүлгээ их сайхан уншдаг болчихож. Аль болохоор хүнд хүргэх гэж зүтгэж байгаа байдал нь үнэхээр бахархмаар байсан.
Түүнээс биш нэлээд хэдэн жил шүлэгтэй дотносож яваагийн хувьд хэцүү юм байгаагүй. Пауз аваад зогсчихож ч байх шиг, чагнаж ч байх шиг, чанга хашгирч, орилж ч байх шигХүн ер нь шүлгээ сайн уннших хэрэгтэй л дээ. Гэхдээ уянгын сайхан шүлгийг хашгирчихаар
тааруухан болчихоод байдаг. Ихэнх яруу найрагчид шагналдаа улайраад байна уу гэж бодогдсоныг нуугаад яахав. Гайхалтай сайн шүлэг
байхгүй байсан. Б.Лхагвасүрэн гуай сүүлд хэлсэн шүү дээ, Нэгэнт л газар шорооны тухай бичих гэж буй юм бол миний энэ шүлгийг хаана нь хийх вэ гэж Үнэхээр ч Боржигоны бор тал-ыг давах шүлэг ирээгүй. Уралдаанд зориулсан бол уралдаанд л зориулсан шүлэг байдаг. Ихэнхдээ хэтэрхий цагаан шүлгүүд байсан. Ер нь ч тайзан дээр тийм шүлэг уншихаас ч бас яахав. Өөр шүлэг уншаад гарахгүй л дээ. Явж явж энэ олон нэрэмжит наадмууд яруу найрагтаа тус хүргэхээсээ илүү ус хүргээд, хойч үеийнхэн маань дандаа уралдааны хүмүүс болчих вий гэж бодогдсон шүү. Шүүж байхад халуун юм билээ. Зарим нь утас шөрмөсөөр янз бүрийн юм ярьдаг юм байна билээ.
-Танд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцах хувь тохиосон шүү дээ?
-Тийм ээ. Хүний хувь заяа гэдэг сонин л доо. Би чинь эхлээд долоодугаар анги төгссөн юм. Дараа нь оройгоор арав төгсөөд, малчин болоод, барилгачин болоод, сонины газар ажиллаж үзсэн. Нэг өдөр Бат-Очирын Сундуйтай хамт зохиолчдын хороон дээр болдог байсан Нээлттэй хаалганы өдрүүд-ээр очиж Хулан гэдэг шүлэг уншсан. Гэтэл зохиолчид жигтэйхэн үнэлээд, Гармаа багш Хэрэгтэй хүн байна гэж дэмжсэн. Тэгээд Хөтөл рүү томилолт өгч жил гаруй явуулж ажиллуулаад, дараа нь Горькийн сургуульд явуулсан даа.
-Төв аймгийн утга зохиолын нэгдлээс гарч ирсэн гэдэг байх аа?
-Тэгсэн, тэгсэн. Ер нь зохиолч болоход хүний найз нөхөд их үүрэг гүйцэтгэдэг юм билээ. Утга зохиолын сургуульд сурч байхад бусдыг уншихыг л зөвлөдөг. Харин яаж бичихийг утга зохиолын нэгдэл, дугуйлангууд зааж өгдөг юм шүү. Манай Төв аймгийн утга зохиолын нэгдлийг Ш.Бадарч багш эрхэлдэг байлаа. Тэнд миний бие Ш.Сүхбаатар, Ж.Мягмарсүрэн, Б.Цэнддоо, Б.Цогзаяабаатар, Ш.Ганхуяг нартай шүлэг зохиолоо уншиж танилцаж байлаа. Тэд маань өнөөдөр бүгд хотод ороод ирчихсэн, бүгд сэтгүүлч болцгоочихсон, жигдэрчихсэн явж байна. Аргагүй л их Нацагдоржийн, тэр нутгийн амьсгал шингэсэн байдаг юм уу. Бидний дээд талд Цэрэндоо, сая миний хэлдэг Ш.Бадарч багш, Г.Дашрэнцэн гээд байлаа. Бие биенийхээ шүлэг, зохиолыг уншина, шүүнэ. Шүлэг бичихийн учгийг тэндээс л мэддэг. Тиймээс утга зохиолын нэгдэл, дугуйланг маш хүчтэй хичээллүүлэх юм бол тэндээс зохиолчид өөрсдөө гарч ирдэг. Түүнээс Утга зохиолын дээд сургууль бол Зөвхөн дээд боловсрол олгодог. Өөрийгөө голж чаддаг, мэдэрч чаддаг болгоно уу гэхээс биш шүлэг, зохиол бичихийг заадаггүй. Монгол шүлгийг орос хэлээр хөрвүүлээд, санаа оноог нь л ярилцдаг юм. Шүлгийн хөг, аялгууг монгол дээр уншуулж
байгаад сонсдог. Энэ дашрамд дурдахад хөдөлгөөнтэй шүлэг гэж байхгүй болчихож. Манай шүлгүүд ерөнхийдөө уриа лоозон болчихсон юм уу даа. Хашгирсан, зандарсан, нэг хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн, би бодож байвал болно гэж үздэг ч юм уу Уг нь бол сайн уран бүтээлчийг тухайн цаг үе нь ч, дараагийн цаг үе нь ч үнэлж байдаг. Тэр бол жинхэнэ үнэлгээ. Түүнээс биш намайг зуун жилийн дараа
ойлгоно гэдэг бол хэзээ ч байхгүй асуудал. Юмны донж нь хэтрэхээрээ эвгүй болдог. Иймээс манайхан шүлгэн дээрээ их анзаарахгүй бол яруу найргийн нэр саараад эхлэх юм бол уран зохиолын ханш тэр чигтээ буураад явчихдаг гэмтэй.
-Хэдүүлээ сурч байв?
-Би болохоор курстээ ганцаараа. Миний дээд талд Д.Чинзориг, доод талын курсэд Г.Аюурзана сурч байсан.
-Та чинь хэдэн онд төгслөө?
-1986 онд яваад 1992 онд төгсөж ирж байлаа.
-Ингэхэд та утга зохиолд хэрхэн хөтлөгдөж орж ирсэн юм бэ?
-Утга зохиолд хөтлөгдөхөд миний эмээгийн ач тус байсан юм болов уу гэж санаж явдаг. Би чинь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул бөгөөд Төв аймгийн Сэргэлэн сумд өссөн хүн байгаа юм. Хаа сайгүй л шоолдог улсууд элбэг байдаг, ер нь хөдөөгийнхөн элдэвтэй шүү дээ. Тэрнээс мэдээж улбаа бий байх. Анх уншсан ном маань гэхээр үнэг, хэрээ хоёр бяслаг дээр суугаад л Нэг тийм үлгэр байдаггүй юу. Тэрийг их сайн ойлгож уншиж байснаа санадаг. Мөн Т.Юмсүрэн гуайн Толын харгиа гэдэг өгүүллэгийг уншаад, ямар гоё бичсэн юм бэ гэж бодож байж билээ. Дөрөвдүгээр ангид сурч байхад эгч маань багшийн тухай шүлэг бичээд өг гэхээр нь бичээд өгчихсөн. Гэтэл тэр шүлэг маань эгчийн нэрээр Залгамжлагч сэтгүүлд гарчихсан байсан. Тэгэхэд л эгч маань Чи шүлэг бичиж чадах юм байна гэж урам өгч байж билээ. Тэгээд л янз бүрийн шүлэг бичдэг боллоо. Сүүлдээ Сундуй, Баяртогтох гээд уран зохиолын багш нар маань шүлэг бичүүлдэг болсон. Тийнхүү долоодугаар ангид байхдаа л анхны шүлгээ сонинд хэвлүүлж гарч ирсэн хүн дээ.
-Хэр олон дуутай болоод байгаа вэ?
-Хүүхэд мөлхөж байна гэдэг ганц дуутай. Радиогийн фондод л байдаг юм(Инээв). УГЗ Г.Алтанхуяг аялгуу хийсэн дээ.
-Шавьтай болж байна уу?
-Шавь найз нар олон бий. Багш аа гэдэг хүн бол Өдрийн сонин-ы Эрдэнэбат байх шив дээ. Мань хүн сүүлийн үед шүлэг бичихгүй, улс төр бичээд байдаг болчихожХүүхдийн зохиолч Лхагваа гэж бий. Би өөрөө олон багштай. П.Бадарч гуай миний анхны номыг өлгийдөж
авсан хүн. Д.Гармаа, Ш.Бадарч, шүүмжлэгч Ч.Дагвадорж, Оросоос Лев Ошанин гэж хүн бий. Монголоос би гурав дахь шавь нь. Нөгөө хоёр нь болохоор Б.Явуухулан, Д.Давааням нар даа.
(Утга зохиол урлаг 2006.08.16)
Ярилцсан Х.Отгонбаяр