Төрийн сүлд үү, төөрөгдлийн сүлд үү

Энэ хувилбаруудыг хооронд нь сэлбэж болох бөгөөд нэг их өөрчлөх бодолгүй байгаагаа албаны хүмүүс илэрхийлэв гэж өдөр тутмын нэр хүнд бүхий сонинд мэдээлжээ.
Хувилбар-1 нь тэргүүндээ номын алтан хүрдэнтэй, түмэннаст хээн дугариг хүрээн дунд төрийн их цагаан тугаар дэвсгэрлэсэн алтан соёмботой, цагаан бадам цэцгэн суурьтай аж.
Хувилбар-2 нь хөх могой гартаа тэлж, таван сум савартаа атгасан, элгэндээ цагаан бадам цэцгэн суурьтай соёмбо бүхий хангарьд шувуу гэнэ. Нэг их өөрчлөх бодолгүй байгаа эдгээр хувилбар нь Монголын төрт ёсны билэгдэл, уламжлалын үүднээс авч үзвэл андуу эндүү ихтэй болсныг мөхөс бичээч би өгүүлэхгүй байж чадахгүй нь.
Эн тэргүүнд хэлэх зүйл гэвэл хоёр хувилбарын аль аль нь шарын шашин, төрийн билэгдэл хоёрыг хольж хутгасан бантан болжээ. Ерөөс төрийн цагаан тугийг хасчихвал тэр чигээрээ шашины утга агуулагатай дүрс билэгдэл болчихож байгаа нь гайхалтай. Ийн өгүүлснийхээ учрыг тайлъя.
Хангарьд гэж юу вэ
Хангарьд шувууг монголчууд Хүннүгийн үеэс шүтэж ирсэн бөгөөд үлгэр домогийн шувуу юм гэж дээр дурдсан шинэ сүлдний хоёр хувилбарийн тухай мэдээнд өгүүлжээ.Энэхүү Хангарьд нь гэм хорын хөх могойн амийг булаан хоёр мутартаа тэлсэн гэнэ. Хачин юм даа. Хангарьд бол Азийн олон оронд түгэн тархсан үлгэр домогт гардаг шувуу бөгөөд Гариду гэдэг өөрөө саскрит үг. Монголчууд хангарьдыг төрийн шүтээн болгож байсан удаагүй.
Харин их хүрээг тойрсон дөрвөн хайрханыг шарын шашны уламжлалаар тахиж эхлэхдээ Богд хан уулын эзэн шүтээн нь хангарьд шувуу хэмээсэн түүхтэй, Гэхдээ нь бол Монголын нийслэл нүүн суурьшсан дараа үед хамаарах хожимын түүх. Хангарьдад хамаатуулах гээд байгаа Хүннү гүрэн маань алтан шонхор сүлдтэй, луу шүтээнтэй байсан нь нэгэнт нотлогдсон түүхэн үнэн.
Манай тооллын эхэн үед хамаатай нэгэн чухал олдвор Далан хар уулнаас гарсан нь Хүннүгийн хааны, дээрээ алтан шонхор бүхий алтан титэм билээ.Энэ титэм өдгөө Өвөр Монголын өөртөө засах орны үндэсний түүхийн мүзейн хамгийн үнэт олдвор гэгдэж буйг мэдэх хүн даан ч олон. Yүнээс хойш 500 орчим жил улираан үзвэл их Нирун улсын хаан алтан шонхор шүтээнтэй байв. Yүнээс дахиад хэдэн зууныг улираахаар Их Монгол Улс шонхорыг шүтсээр иржээ.
Гэтэл өнөө цагийн мэргэд шонхор бол домгийн шувуу биш, сэг зэм нь энд тэнд үзэгддэг тул төрийн сүлд болгож болохгүй гэж онолдож байх юм. Шонхор бол зөвхөн боржгоны шүтээн тул төрийн сүлд болгох нь зохисгүй гэж зарим нь үзсэн гэнэ. Дахиад л эндүүрэл. Энэ бол боржгоны шүтээн биш, хаан угсааны шүтээн, төрийн эзний шүтээн. Тийм ч учраас Хүннү, Нируны үед ч төрийн шүтээн байсан. Ийм түүхтэй шүтээнээ харь гарлын хийсвэр сэтгэлгээний хангарьдаар орлуулах нь сайны ёр биш ээ.
Хангарьд маань гэм хорын хөх могойн амийг булаан хоёр гартаа тэлсэн байх юм гэнэ. Хөх инээд минь хүрч байна.Угаасаа шарын шашны бодлого сурталаар бүтээгдсэн билэгдлээс санаа авсан тул тийн бүтээж л дээ. Монголчууд могойг лусын амьтан гэдэг. Бөө мөргөл, тэнгэр шүтлэгт могой чухал байр суурьтай.
Тэгэхээр бөө шүтэгч монголчуудыг шарын шашинд оруулж алгандаа базахын тулд ийнхүү амь могойг нь хангарьдын саварт базуулсан ёр билэгдэлийн дүрсээр Богд хан уулын эзэн савдгийг дүрсэлсэн байдаг нь явсаар байгаад төрийн сүлд болж залрах нь дээ. Гэм хорын хөх могой гэснээс үүдээд Монгол төрийн өнгөний билэгдлийн тухай бас өгүүлэхгүй байж чадаггүй нь.
Монголчуудын эрхэмлэн дээдэлдэг өнгөний нэг нь хөх. Хөх Монгол, хөх туг, хөх тэнгэр, хөх толбо ийнхүү ариун нандин тэнгэр усны өнгө гэж билэгдэн нандигнадаг хөх өнгө маань яахаараа гэм хорын хөх өнгө болчихдог байна аа? Эсвэл тэнгэр шүтлэгт хөх Монголын амийг нь таслахын билэгдэл үү? Төрт ёсонд өнгөний билэгдэл нэн чухал байсан эрхэм уламжлал хаачив? Манжийн төр монголчуудын эрчийг нь сааруулах гэж эрээн алаг дээл өмсгөж, эрдмийг нь юүлэх гэж этгээд өд, малгайд нь чулуу шигтгэж, омгийг нь барих гэж омрууг нь товчилж, гарыг нь хүлэх гэж нудрага зүүлгэж, төөргийг нь төөрүүлэх гэж цаг тооны бичгийг нь өөрчилсөн гэдэг.
Тэгэхдээ өнгөний билэгдэлийг нь эн тэргүүнд анхаарч өмсдөг хувцасыг нь эрээн цоохор болгосон түүхтэй. Гэтэл манай мэргэд лус савдагийг мөнх тэнгэртэй холбодог элч гэж тэнгэр шүтлэгтнүүд үздэг могойг хангарьдын саварт тас базуулж буйгаар тэгэхдээ бүр хөх өнгөтэйгээр дүрсэлж сүлдлэх гэнэ дээ. Уг нь тэнгэр, усны билэгдэл хөх, нар галын билэгдэл улаан,ургаж төлжихийн билэгдэл ногоон өнгийг дээдэлж,энэ гуравыг хувь тэнцүүлэхэд гардаг цагаан өнгийг бүр дээдийн дээд гэж үздэг ард түмэн юм сан.
Соёмбо гэж юу вэ
Хоёр хувилбарын аль алинд нь соёмбо оруулжээ. Аль алинд нь тэргүүүн зэрэгт тавьсаныг үзвэл ихэд чухалчилж байх шиг. Гэтэл соёмбо гэдэг маань юусан билээ? Түүнийг сөхөөд үзье. Их эзэн Чингисийн үед, эртний дээдэс Хүннү, Сүмбийн үед соёмбо төрийн гол шүтээн байсан уу? Yгүй, энэ бол хамаагүй хожим харийн шашинаар дамжин орж ирсэн зүйл. Чингис хааныг тэнгэрт хальснаас 351 жилийн дараа Түмэдийн Алтан хан Төвдээс нэгэн хутагтыг залан авчирч далай лам цол шагнан, шашинд нь дагаар орсон байдаг.
Энэ нь Энэтхэг орноос гаралтай, Төвдийн шар малгайтны шашины төлөөлөгч байсан бөгөөд үүнээс өмнө харийн шашиныг төртэй хослох оролддогыг Аригбөхөөс хаан ширээг хууль бусаар булаан авсан Хубилай хийж, Пагва ламыг Дайду (Бээжинд)-д урин Хос ёс гээчийг хэрэгжүүлсэн нь Юан гүрний мөхлийг далласан түүхтэй.
Соёмбын тухайд тодруулан өгүүлэх юм бол XҮII зуунд төр шашны тэргүүнээр өргөмжлөгдсөн хос ёсны тэргүүн, анхдугаар богд Занабазар түүнийг зохиосон гэдэг. Энэ үсэг нь өөрөө тодорсон гэсэн утгатай соёмбу зояди хэмээх энэтхэг үгээр нэршсэн гэдгийг судлаачид нотолдог. Өндөр гэгээний соёмбо үсэг нь Энэтхэгийн ланз үсгээс сэдэлтэй бөгөөд цагаан толгойн эхний титэм үсэг, зохиолчийн өөрийнх нь мутрын тэмдэг төдий билээ. Тэрбээр энэхүү соёмбо үсгийг бүтээснээсээ хойш ердөө ганцхан жилийн дараа Манжид дагаар орж монголчуудын 200 жилийн доройтолын түүх эхэлсэн.
1911 онд Манжийн дарлалаас сая нэг чөлөөлөгдсөн монголчууд төр улсаа сэргээж төвхнүүлэхдээ соёмбыг төрийн сүлд болгож улсын туг, далбаа, тамгандаа хэрэглэжээ. ҮIII Богдыг шашин төрийг хослон баригч хаанаар өргөмжилж өөрөөр хэлбэл, мөнөөх хос ёсны уламжилалыг сэргээхдээ соёмбыг ийнхүү залсан гэдэг. Соёмбу Э Бамүсэг энэ удаа ч монголчуудад ивээлээ өгсөнгүй.
Монголчууд төдөлгүй гаминд эзлэгдэж, дараа нь коммунизмд нухлуулав. Оюун санааны мухардал төөрөгдөлд хэдэн үеээрээ автаж, түүнийхээ үр дагаварыг одоо ч гэсэн амссаар байна. Монголчууд шарын шашны нөлөөнд бүрэн автаж, эртнээс уламжлалт гурамсан сэтгэлгээ нь Арга билэг хэмээх хоймсон сэтгэлгээгээр солигдсоны, шашин нь төрөө давамгайлж алтан ургийн их хаадын төрт ёсны уламжлал алдагдсаны хөдөлшгүй нотолгоо нь соёмбо үсгийг төрийн сүлд билэгдэл болгосон явдал байсан билээ.
Бадам цэцэг гэж юу вэ
Бадмалянхуа гэдэг нь угтаа харь хэлний үг. Бадмаа нь угтаа түвэд, Лянхуа нь хятад үг.Тэгээд ч 12 дэлбээтэй Бадамлянхуаг буддын шашинд л түгээмэл хэрэглэдэг болохоос Монголын төрд даанч хүртээлгүй. Шашин төрийг хослон баригч, өөрөөр хэлбэл, хос ёсны төрийг эрхэмлэгч I,ҮIII богдын үед бадамлянхуа төрийн сүлдэнд ороод ирвэл ойлгож болохсон. Гэтэл энэ чинь хэддүгээр зуун билээ, бид чинь ямар орон билээ?
Нэгдүгээр хувилбарын тэргүүнд номын хүрдэн залсан нь юуг өгүүлнэ вэ? Бас л Буддын шашны үнэр нэвт ханхална биш үү? Шашин төрийг хослон баригч наран гэрэлт Богд хаан-тай болох гэж мөрөөдөж байгаа бол харин нэг иймэрхүү сүлдтэй байж болох юм шүү. Ийнхүү учир шалтгаан, билэг ёс, эндүү андууг яриад байвал нэн их тул орхиж сүлдний дээрх хоёр хувилбар Монгол төрийн билэг тэмдэг болж яавч чадахгүйг хэлээд нуршуу үгээ цэглэе.
Монгол төр сүлд шиг сүлдтэй болох болтугай!
Урианхан Бадам-Очирын ГАЛААРИД (2006.08.14)