Гантулгын утсыг чагнаж, Х. Баатарын гарын үсэгтэй албан бичгийг гадагш нь гаргахыг хоригложээ

Гаалийн Х.Баатар өөрийнхөө нууцыг зах зухаас нь дэлгэж, МАХН-ын лидерүүдийн зүрхийг донсолгоод авав. Энэ агшинд НҮБ-ын индрээс үг хэлж байсан Ерөнхий сайд М.Энхболд эх орондоо ирсэн хоёр өдрийн турш тун донсолгоотой байгаа сурагтай. Учир нь, МАХН-ын Удирдах зөвлөлд энэхүү жүжгийг М.Энхболд найруулсан гэдэг таамаг дэвшүүлэх хүн байгаа аж. Мөн нөгөө талаас Ардчилсан намынхан төр болоод МАХН эзгүй байр хойгуур амжуулж хуурамч захидал гаргав гэдэг хардлага ч бий гэнэ. Ийнхүү төрийн түшээд эөрийнхөө сүүдрээс хүртэл эмээж, улс төрийн явуулгын хохирогч болохгүйн тулд бүгд хумсаа нуух болж.

Гэтэл энэхүү айдас түгшүүр, хардлага гөжирдлөгийн гол баатар болсон Х.Баатар ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй. Найман жилийн хугацаагаар эрх чөлөөгөө хасуулж, учир битүүлэг хэргийг өөрийнхөө нуруунд үүрсэн түүнд үг хэлэх эрх байхгүй нь ойлгомжтой. Гэсэн ч хэрэв захидал бичээгүй бол өөрийнхөө нэрийг цэвэрлэж, өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийх хангалттай хугацаа өнгөрлөө. Эс бол жинхэнэ утгаар нь сүрдүүлэг хийхийн тулд дараагийн захидал гарч ирэх ёстой байлаа. Харин Х.Баатарын зүгээс ямар ч шийдвэртэй алхам хийсэнгүй. Иймд захидал хуурамч байж гэдэг мессеж хүчээ авч, МАХН-ын зүгээс захидал хүчингүй гэдэг ойлголт төрүүлэхийг хичээж буй гэнэ.
Тэгвэл Ардчилсан намын хувьд Х.Баатарын захидалд ач холбогдол өгч, том мэдэгдэл хийсэнгүй. Цаг хугацаа өнгөрч, намрын чуулган эхлэхийн хэрд МАХН-д том цохилт өгөх зорилгоор энэ удаа буурь зааж буй гэнэ.

Анх Х.Баатарын захидал тарах үед МАХН-ын Онц их хурлын төлөө хөдөлгөөний удирдах нөхдүүдэд захидлын нэг хувийг тараасан гэх сураг сонсогдсон.
Тэгвэл тус хөдөлгөөний тэргүүн Т.Гантулгын утсыг чагнаж буй тухай яриа гарч эхэллээ. Мөн өөр олон хүнийг мөрдөх Тагнуулын ерөнхий газрын үйл ажиллагаа эрчимжсэн гэнэ. Ингэхдээ Гаалийн ерөнхий газрын бичиг хэрэгт Х.Баатар даргын гарын үсэгтэй ганц ч бичиг баримтыг гадагш нь гаргахгүй гэдэг үүрэг өгсөн сурагтай. Учир нь, уг захидал Х.Баатарынх мөн, биш гэдгийг тогтоох эрмэлзэл хэвлэлийнхэнд бий. Иймд дээрх хатуу үүргийг өгсөн байна.

Гэхдээ Х.Баатар өөрийн гараар захидал бичиж, зүггүйтсэн тохиолдолд түүнд хэргийг нуун дарагдуулсан гэдэг ял тулгаж болно. Эс бол анхан шатны, шүүх хурлын үеэр гарч ирээгүй баримт байна гээд захидлыг үнэгүйдүүлэх боломж бий. Эс бол Нийслэлийн шүүхээс оноосон Х.Баатарын ялыг хүчингүй болгож, хэргийг эхнээс нь шалгах хэрэгтэй болох аж. Үнэндээ удирдах албанд олон жил ажилласан хүний захидал гэхэд хэл найруулга, логик дараалал муутай уг захидал Х.Баатарт гай тус хоёрын аль нь болох нь тодорхой бус байна. Ийнхүү Ерөнхий сайд М.Энхболд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр нарт хаягласан уг захидал асуудлыг хурцалж чадлаа. Айж буй болоод айлгахыг хүсч байгаа ашиг сонирхлын зөрчилтэй улстөрчид эмээж байна. Ядахад захидалд Илүү их мэдээллийг нууцалсан байгаа. Давж заалдах шүүхээр өршөөхгүй бол дэлгэнэ гэдэг сүрдүүлэг нуугдаж байгаа. Иймд давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр хаашаа эргэхээс их хэргийн учир тайлагдаж мэдэх юм.

Ардын эрх сонин 187 /465/

Г.Энхлэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button