ХОТОЛ БЯЛУУ-гаа хэрхэн хуваах вэ?

Үндэсний эв нэгдлийн Засгийн газар ирэх онд цалин, хөлсийг 20 хувь нэмэхээр тооцоолжээ. Ингэхдээ таны халаасанд шууд орж байхыг чухалчилж буй гэнэ. Урьд өмнөх Засгийн газруудын цалингийн нэмэгдэл бодитой байж чадаагүйд Засгийн газар дүгнэлт хийжээ. Ингээд ирэх оны төсвийг хотол бялуу-гаа иргэддээ хүртээх үзэл санаан дээр тулгуурлан боловсруулсан гэнэ. Эдийн засгийн өсөлтийг иргэн хүн дээр очдог байх зарчмыг баримталсан-аа Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Н.Дэмбэрэл хэллээ. Эдийн засаг 10 хувиар өслөө ч иргэдийн халаасанд ордоггүй хэмээн шүүмжлүүлдэг. Үүнийг ирэх онд засах бололтой.

Эдийн засгийн өсөлт энэ онд 7.5 хувь байх төлөвтэй байгаа бол ирэх жил найман хувийг (8.6 хувьд хүргэх төлөвлөгөөтэй) давах гэнэ.
Цалинг 20 хувь нэмснээр бялуу-наас 244.7 тэрбум нь хэлтрэх-ээр төсөвлөгджээ. Мөн өндөр настны тэтгэврийг 15 хувь нэмснээр 283 мянган хүн 206.6 тэрбум төгрөг хүртэх гэнэ. Хүүхэд, багачууд ч хотол бялуу-наас хүртэнэ. Энэ хичээлийн жилд эхэлсэн Үдийн цай хөтөлбөрт бага ангийн хүүхдүүдийг ялгалгүй хамруулахаар болжээ. Одоогоор нэг, хоёрдугаар ангийнхан л үдийн цай ууж байгаа билээ. Мөн Хүүхдийн мөнгө-ийг 5000 төгрөг болгон өсгөхөөр төсөвт тусгасан байна. Нэг сая илүү хүүхэд 36.7 тэрбум төгрөгийг энэ нэмэгдлээр хүртэх ажээ.

Тэгвэл бидний хүртэх хотол бялууг хэн хийх вэ гэсэн асуулт гарч ирнэ.
Төсвийн орлогын дийлэнхийг татварын орлого бүрдүүлдэг. Ирэх онд Эрдэнэт үйлдвэрээс 70.7 тэрбум төгрөг төсөвт орох ажээ. Энэ нь татварын орлогын 56.7 хувийг эзэлж байгаа аж. Мөн Бороо гоулд компани 17.3 тэрбум төгрөгийг татварт хураалгах гэнэ. Алт олборлогч тус компани Тогтвортой байдлын гэрээний дагуу ирэх жилээс 50 хувийн татвар төлж эхлэх бөгөөд ийм байдал 30 жил үргэлжилнэ.

Татварын реформоос орлого буурч байгаа ч энэ нь иргэдийн гар дээр үлдэж буй мөнгө тул тэдний амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлнө гэж Засгийн газар үзэж байгаа ажээ. Дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ өсч байгаа нь иргэн бүрт бялуу хуваах боломжийг олгож буй бололтой. Мөн аялал жуулчлал өргөжин, цахилгаа холбоо, үйлчилгээний салбар хүрээгээ тэлж байгаа нь төсвийн орлогод эерэг нөлөө үзүүлж байгаа гэх. Энд нэгэн жишээ дурдахад, эхний зургаан сард нэгдсэн төсвийн орлого 549.5 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 42.9 тэрбум төгрөгөөр давжээ. Энэ мэт өнгөрсөн оноос тавь шахам хувиар өссөн үзүүлэлтүүд нь иргэдээ халамжилсан төсөв зохиоход хүргэж буй бололтой.

Эцэст нь хотол бялуу-г хотолд хүртээх төсөв зөвхөн Засгийн газрын боловсруулсан төсөл гэдгийг хэлье. Парламент намрын чуулганаараа хэлэлцээд, эцэслэн батлах учиртай.

Ардын эрх сонин 188, 189 /466, 467/

С.Мөнхжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button