Д.Батбаяр Зөв эрхлэхэд буруудахгүй

-Эх орондоо ирээд сайхан амарч байна уу?
-Аки башё өндөрлөж, манай сүмочид эх орондоо ирээд байгаа. Амрах зав зайгүй л байна даа. Анд Н.Цэвэгнямын маань гавьяат тамирчны цолны найр өнгөрсөн мягмар гарагт боллоо. Мөн Ирээдүйн аваргууд нэрэмжит хүүхдийн их наадам болж өндөрлөлөө.
Ер нь амрахаасаа илүү ажил төрөл гэж гүйсээр нэг мэдэхэд хэд хоног өнгөрчихдөг.

-Гэр бүлийнхэн тань хамт ирсэн үү?
-Тийм ээ. Нэрэмжит тэмцээнээ хүүтэйгээ цуг үзлээ.

-Хүү тань сумоч болно гэдэг үү?
-Сүмогийн ертөнцөд амьдарч, амьсгалж байгаа болохоор аав шигээ болно гэж нэг бус удаа хэлж байсан. Гэхдээ нас нь бага байна. Томроод ирэхээрээ өөрөө л шийднэ байх. Эхнэр бид хоёрын хувьд хүмүүжил, боловсрол мэдлэг дээр нь илүү анхаардаг. Ямар мэргэжил сонгохоо хүү минь шийднэ шүү дээ.

-Нэлээд эрх бололтой, хүү тань. Янз нь та ч бас их энхрийлдэг юм уу. Аавынхаа өвөр дээр суугаад л, бас бөөрөнд нь наалдчихаад л ?
-Гайгүй ээ. (Инээв) Хайранд өлгийдүүлж өссөн хүүхэд илүү уян зөөлөн, энэрэнгүй сэтгэлтэй болдог гэж боддог. Би ч их дураараа, эрх өссөн хүн. Зөв эрхлэхэд буруудах зүйл үгүй.

-Таныг ширүүн аав мөн үү гэж асуух нь илүү юм шиг. Түүний оронд хүүхдүүддээ хатуухан үг хэр хэлдэг вэ гэвэл?
-Аавын сургаал алт гэж манай өвөг дээдэс зүйрлэсэн нь мөн л нэгийг хэлсэн хэрэг. Заримдаа хөмсөгөө зангидаж байгаад сургах үе ч байна.(инээв) Гэхдээ хүүхэд л юм чинь аливаад мөчид хандана. Загнаж, зандрахын оронд тайлбарлаж хэлээд ойлгуулахад л болно.

(Өнөөдрийн монгол 186/356)
Д.Ариунзаяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button