Сэргэн мандалт ба бидний эрхэм үүрэг

Чухамдаа энэ л балгаас үүдэлтэй хохирол, хүндрэл бэрхшээлийг бид амсахад хүрсэн ажгуу. Тухайлбал, хөгжлийг тодорхойлогч гол шалгуур болсон ДНБ 1990 онынхоос 2003 оныг хүртэл доогуур үзүүлэлттэй өөрөөр хэлбэл 13 жилийн туршид өмнөх тогтолцооны үед олсон амжилтандаа хүрч чадаагүи юм. Улс орны үйлдвэрлэлийн бүтээмж, нэмүү өртөг, чанарын гол үзүүлэлт болсон боловсруулах аж үйлдвэрийн салбар уналтанд орж өнөөдрийг хүртэл сэргэж сэхэж чадаагүи нь Монгол Улс түүхий эд экспортлогч орон гэсэн нэрийг олон улсын зах зээлд одоо болтол хадгалахад хүрч, шинэчлэл өөрчлөлт хийж чадахгүй л байна.
Эдийн засгийн маань үндсэн салбар гэгддэг мал аж ахуй, газар тариалангийн салбар ч өмнөх олсон амжилтаа эвдэж, дэвшил хөгжил гаргасангүй. 1990 оны эхэн үеэс үр тарианы үйлдвэрлэл 11 дахин, төмс 1.9 дахин буурч хүнсний ногоонынхоо 60 орчим хувийг импортоор авч байна. Зарим шинжээчид хүнсний аюулгүй байдал алдагдахад хүрсэн гэх мэтийн зүйл ч ярьдаг. Хүнсний үйлдвэрлэлийн хэмжээ ч зах зээлийн эхэн үеийнхээс 3-4 дахин буурчээ.

Дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрлэлийн эзлэх хувь хэмжээ өнөөдрийн байдлаар мөн үеэс 12.7 хувиар доогуур байна. Энэ бүхнээс харахад хэдийгээр шилжилтийн 16 жилийн хугацаанд бидэнд олсон амжилт байгаа ч манай орны аж үйлдвэрлэлийн хөгжил тодорхой хэмжээгээр ухралтанд орж, бидний өмнө хөгжил дэвшлийн зорилго чиглэлээ улам нарийн тодорхой, баталгаатай болгох хэрэгцээ шаардлага тулгарч буйг давхар харуулж байна. Нийгмийн байдал ч тийм хангалттай үнэлгээ авч чадахааргүй байгаа билээ. Хүн амны дундаж өсөлт 1989 оныхоос бараг 2.5 дахин буурч, иргэдийн маань 36.6 хувь нь ядууралд орж, 200 орчим мянган хүн ажилгүйдлийн армийг бүрдүүлж байна. Иргэдийн жилийн дундаж цалин хөгжилтэй орныхоос 5-15 дахин доогуур, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1990 оны өмнөх түвшиндч хүрсэнгүй ээ.

Тэгвэл юугаар нь Монгол улсыг эрчимтэй хөгжиж, сэргэн мандсан орон гэж нэрлээд байнаа гэж асууж болох юм. Ардчилал зах зээлийн хөгжлийн замыг сонгосноороо олж авсан юутай ч зүйрлэшгүй давуу тал бидэнд би. Үүнд

Улс төрийн хувьд хийсэн зөв сонголт маань ардчилсан, иргэний эрх чөлөөг дээдэлсэн хэн нэгэн их гүрнээс хамааралгүй бие даасан орон болголоо.

Хувийн өмчийг хүлээн зөвшөөрч улсын өмчийг задалснаараа эрчимтэй хөгжлийн хамгийн том түлхэх хүч болсон хувийн хэвшлийн салбарыг хөл дээр нь босголоо. Одоо ДНБ-ний 75 хувийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэж байна.

Санхүүгийн мөнгөн капиталыг хувь хүн эзэмшиж их хэмжээний хуримтлал бий болгосноор иргэн бүрийн эдийн засгийн бие даасан эрх чөлөөт байдал улам өргөжин тэлж байна. Энэ нь асар их баялаг бүтээх гарцаагүй нэг эх булаг болох юм.

Иргэдийн бүтээлч сэтгэлгээ захиргаадалтын хүлээснээс тайлагдан шинэчлэгдэж сэтгэгч, бүтээгч, бүтээхийг хүсэгч шинэ монголчууд олноороо бий болж байна.

Хөгжлийн хамгийн гол хучин болсон хүний боловсрол эзэмших сонголт чөлөөтэй болсон. Гадаадын хамгийн шилдэг сургуульд суралцах боломж хүн бүрийн өмнө нээлттэй байна. Энэ Монгол орны оюунлаг капиталын нөөцийг улам нэмэгдүүлэх болсон.

Өрх гэр болон төсөв дэх хэрэглээний зардал маш их өссөн / нэг тэрбум орчим ам. доллар/ нь нэг талаар үрэлгэн, үйлчилгээний эдийн засгийн шинж төлвийг харуулж байгаа ч негөө талаар иргэд нь эрүүл байх, чанартай хүнс хэрэглэх, тохилог орон сууцанд амьдрах гэх мэтийн суурь хэрэглээ
чанаржин улмаар бие болоод сэтгэцийн хувьд эрүүл иргэд хөгжих нөхцөл орчин дээрдсэн юм.

Улс орон маань мйнхүү эдийн засаг ба улс төрийн хувьд нээлттэй болсноор дэлхийн улс орнуудаас чөлөөлөгдсөн хөрөнгө, капитал, технологи манайд урсан орох боллоо. Энэ бүх үндсэн шинжүүд нь монгол орныг маань цаашид улам хөгжих, сэргэн мандах сайхан ирээдүйг ямар нэгэн хэмжээгээр нотлон харуулж байгаа гэж болох аж. Өөрөөр хэлбэл бидэнд сэргэн мандах суурь, үндсэн шалгуурууд нэгэнт бий болжээ гэж болох юм.
Гэхдээ бидэнд дүгнэлт хийх ёстой зүйлүүд бас олон байгаа гэдгийг мартаж болохгүй байх л даа. Юуны өмнө бид улс орны баялаг хэмээх шалгуур үзүүлэлт болох ДНБ-нийхээ бүтцийг задлан шинжлэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Энэ шинжилгээ дүгнэлт маань оюуны төрөлхийн чадвартай, бүтээлч хүч нь байгалиас заяамал монгол хүний мөн чанартай зайлшгүй уягдаж, бид юуг хамгийн сайн хийж бүтээж чадах вэ тэр л салбаруудыг тогтвортой сонгож хөгжүүлэх, зөв гарцыг олоход тусална. Энэ тохиолдолд хөрөнгө тарамдах, хүч дутагдах гэсэн ойлголт бараг алга болж хүнээ хөгжүүлэх дэмжих чиглэл ч бүрэн тодрох юм.

Бид нэг иргэнд ногдох баялаг нь 30 мянган доллароос давж байдаг АНУ, Япон, Герман, Норвеги шиг хэмжээгүй ихийг бүтээх гэж хичээх шаардлага магад байхгүй бизээ. Оновчтойг бүтээж, зохистойг хэрэглэх нь шинэ Монголчуудын өмнө тавигдах болсон ээдрээтэй энэ зуунд сонголт хийх зөв алхам болно гэж бодогдож байна.

Дэлхийн банкнаас гаргасан албан ёсны судалгаанд өнөөдөр монголын нэг хүний худалдан авах чадвар нь 2040 ам.доллар буюу ДНБ-ний ногдох хэмжээнээс гурав дахин их байгааг харуулсан байх юм. Төсвийн хэрэглээний зардал , өрхийн хэрэглээ зэргээс харвал энэ нь байж болох үзүүлэлт мэт боловч,

– Нэгдүгээрт, бид бүтээж байгаа баялгаасаа гурав дахин ихийг үрж байна.

– Хоёрдугаарт, яагаад бүтээсэн зарсан хоёр маань баланслахгүй байнаа гэсэн асуултыг хөндөж бас болохоор харагдаж байна. Эндээс юуны өмнө манайд их хэмжээний далд эдийн засаг бий болчихжээ. Баялгийг хууль бусаар нуун дарагдуулах, авилга авах, татвараас нуугдах, мөнгө угаах зэрэг бохир гарын эдийн засаг нь хөгжин цэцэглэж болзошгүйг тоо баримт харуулж байна. Иймд юуны өмнө эдийн засгийн хөгжлийг цэвэршүүлэх, төрийн ажил үйлчилгээг бохир-аргаас нь салгах, санхүү, хөрөнгө оруулалтын салбарт хяналтыг чангатгах нь ирээдүйн монгол орны сэргэн мандалт, олон улсын нэр хүндэд тустай, бас гарцаагүй хийвэл зохих зүйл мэтээ.

– Гуравдугаарт, уламжлал ба шинэчлэлийг зөв зохистой хослуулсан өөрийн гэсэн хөгжлийн загвар боловсруулах цаг нэгэнт болжээ. Барилгын суурийг нь тавьчихаад бусдыг нь хүнд даатгаад орхидоггүй биз дээ. Монгол орон их эзэн Чингис хааны 800 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлж байна. Бидэнд зөвхөн энэ хүний төдийгүй үе үеийн монгол хүний суу билгийг харуулсан аугаа их амьдрал, хөгжлийн философи, арга билгийг хослуулсан дийлдэшгүй гүн ухаан өвлөгдсөн гэдгийн зөвхөн зах зухаас нь л тэмтэрч байна. Бидэнд өрнөдийн аргыг дагасан хөгжил, шинэ Азийн билгийг дагасан уламжлал бус арга билэг хосолсон хөгжлийн цоо шинэ загвар үгүйлэгдэж байна. Үүнийг зөвхөн монголчууд л бий болгож чадна.

МОНЦАМЭ 29 /1056/

Ч. Баяртогтох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button