Төрийн албыг завхаруулсан төрийн албаны зөвлөлөөс ял асууя!

Улсын өмчит томоохон үйлдвэрүүдийн удирдлагыг халж сольсон энэ хэрэг явдал Хар баасан гариг хэмээх нэр томъёог улс төрд цоо шинээр оруулж ирсэн билээ.
2000 он. МАХН-ын үнэмлэхүй олонхиос бүрдсэн УИХ, Засгийн газар Ардчилсан намын гишүүн гэгдэх том, жижиг албан тушаалтай 15 мянга гаруй хүнийг ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлэв. Энэ нь дөрвен жилийн өмнөх Хар баасан гариг-т хариу барьсан, нэг ёсондоо өшөө авалт байлаа.
2004 он. Парламент дахь улс төрийн хүчнүүдийн харьцаа бараг тэнцвэртэй болсон ч Ерөнхий сайдуудын өнгөн дээр халаа сэлгээ өнөө хэр үргэлжилсээр л байна. Зөвшилцлийн Засгийн газрын тэргүүн Ц.Элбэгдорж Тагнуулын ерөн¬хий газрын даргаар Б.Билэгтийг томилов. Гэтэл нэг бүтэн жил өнгөрөв үү үгүй юу Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын Ерөнхий сайд М.Энхболд өөрийн найз Н.Ганболдыг монгол төрийн нүд, чих-ээр томиллоо. Халагдсан, солигдсон дарга нарын хэн хэн нь тагнуулынхныг тэрүүхэн зуураа бужигнуулаад авсан нь тухайн үед хэвлэлээр мэдээлэгдэж байлаа.
2005 он. Ц.Баярсайхан сайдын томилсон Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга С.Эрдэнийг Л.Одончимэд сайд хүсч, оронд нь УИХ-ын гишүүн асан М.Далайхүүг тавив. С.Эрдэнэ ажлаас үндэслэлгүй халагдсан шалтгаанаа дурдаж, бараг бүтэн жил шүүхээр явсны эцэст нааштай шийдвэр сонсов.
2005 он. Зам, тээвэр аялал жуулчлалын сайд Г.Батхүүгийн томилсон Б.Цогоог МИАТ-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын гишүүн Ц.Цэнгэл ховхолж орхив. Б.Цогоо мөн л шүүхийн хаалга татсан боловч өнөөг хүртэл заргаа авсан ч юм шиг, аваагүй ч юм шиг байдалд ороод буй.
2005 он. Монгол шуудан компанийн захирлаар тогтвортой ажиллаж байсан Ж.Жанцанг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү өөрийнхөө ойрын хүрээний хүн гэгдэх Ю.Идэрцогтоор соль¬сон нь тухайн үедээ нэлээд дуулиан тарьж байсан. Ж.Жанцан шүүхээр явж ялсан боловч албан тушаалдаа эргэж очоогүй.
2005 он. Зөвшилцлийн Засгийн газрын гишүүн Д.Дорлигжав Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батбаатарыгхалж, нутгийн андаа томилсон. Гэвч шүүхийн шийдвэрээр Д.Батбаатар ажлаас үндэслэлгүй халагдсан нь нотлогдсон билээ.
2005 он. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр сонгогдсоныхоо дараагаас эхлэн хотын зарим сургуулийн захирал, цэцэрлэг, бүр яслийн эрхлэгч нарыг хүртэл халж сольсон тухай мэдээлэл эцэг, эхчүүдийн зүгээс одоо ч гардаг.
2006 он. Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын зарим сайд нар яам, агентлагуудынхаа бүтцийг өөрийн дураар өөрчилж, халснаа бас дахин халж, сэлгэснээ бас дахин сэлгэсээр байна. Үүний хамгийн том, хамгийн тод жишээ нь Л.Гүндалай сайдын эрүүл мэндийн салбарт сүүлийн үед хийж буй халаа сэлгээ болох юм.
2006 он. Төрийн албаны зөвлөл гэгч амьгүй албатуудын оролцоотойгоор яамдын зарим Төрийн нарийн бичгийн дарга нар тодорхой, тодорхойгүй шалтгаанаар өөрчлөгдөж байна. Улс төрийн бус статустай, илүү мэргэжлийн, салбарын төвшинд тогтвортой ажиллах учиртай Төрийн нарийн бичгийн дарга нарыг халж солиод байх нь тухайн яамны боловсон хүчний бодлогод маш хортой зүйл. Хам¬гийн сүүлд Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн даргаар улс төрийн алба хашиж явсан байнгын нэр дэвшигч Д.Загджав томилогдлоо.
2006 он. Засгийн газрын ойрмогхоны хуралдаанаар танхимын гишүүд томилгоог ёстой л бөөндөв. Нийтдээ зургаан хүнийг томилж, мөн төдий тооны албан тушаалтныг халсан юм. Шинэ албан тушаалтнууд томилогдсон газар, агентлагийнхаа бүтцийг баахан бужигнуулаад авсан билээ. Үүний жишээ нь Цагдаагийн ерөнхий газарт яг одоо үргэлжилж буй халаа сэлгээ. Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын шинэ удирдлагууд салбар нэгжүүдийнхээ дарга, цэргүүдийг ч нааш цааш нь болгоод эхэллээ…
Иймэрхүү жагсаалт үүгээр дуусахгүй, цааш үргэлжилнэ гэдэгт та итгэ. Энэ бол гэмт хэргийн хар мөр биш ч гэлээ төрийг өөрийг нь ганхуулах бараан баримтууд яах аргагүй мөн. Монголын төр ямар ч дархлаагүй, эрүүл саруул сэтгэлгээгүй, хэвийн ажиллах чадваргүй болсны бодит жишээ. Дээр, доргүй нөмөрсөн халаа сэлгээний гажиг синдромд харамсалтай нь бид даанч амархан дасчихжээ. Багаа бүрдүүлж байгаа юм гэх энгийн хариулт, тайлбар нь ч эцэс, төгсгөлгүй халаа сэлгээг мухарлаж чадахгүй болчихож. Хамгийн том дарга солигдлоо гэхэд доод хүмүүс нь бүрэн бүрэлдэхүүнээрээ шахуу өөрчлөгдөж бужигнах хүртлээ халаа сэлгээний тухай ойлгодог болж.
Дараагийн сонгууль нь эхлэх гэж байхад өмнөх сонгуулийн томилгоо дуусаагүй л явж байна. Бид дөрвөн жилийн турш төрийн албаны тогтвортой, байнгын, үл тасрах үйл ажиллагаагаар цаг ямагт дутаж ирлээ. Сонгуулиас сонгуулийн хооронд хоёр том намын албан тушаалын өшеө авалтын золиос болжээ, бүгдээрээ. Утга учиргүй халаа сэлгээн дунд төрийн ажлыг хийдэг хүн гэж бараг үгүй боллоо. Өнөөдөр шинэ дарга ирсэн, маргааш тэр хэнийг халах бол, миний ээлж удахгүй ирэх байх даа гэсэн айдас түгшүүр тээсэн хүн ажлаа хэвийн хийнэ гэж хэзээ ч байхгүй. Нөгөе талаар буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй-н үлгэр жишээ хаа сайгүй өрнөнө. Удахгүй халагдах дарамт, явахаасаа өмнө ачаалах хоёрын дунд тийм ч том ялгаа байхгүй бөгөөд эцсийн дүндээ иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ сульдан үлдэж буй нь монголчуудын хохь. Төрийн албан хаагчид тэнгэрээс унжиж ирэх дарга нарынхаа зүг дээшээ хараад суучихаар чинь хэрхэн ажиллах билээ. Шинэ дарга ирэх бүрт түүнд таалагдах гэсэн ажилтнууд бэлэг сэлт барьж гүйхээр чинь юун нөгөө төрийн эрхэмсэг чанар, ямар юмных нь төрийн үйлчилгээ ард түмэнд хүрэх.
МАХН-ын өшөө авалт, Ардчилсан намын хөмхий зуултын аль аль нь сүүлдээ бүр сургууль, цэцэрлэгт ч халдварлаж, хэзээд ариун байх учиртай орчныг тэр дор нь өвчлүүлж орхилоо. Багш нарын хэрүүл, эцэг эхчүүдийн гомдол дунд бяцхан үрс маань аль учраа ололгүй зутарч гүйцэх нь байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга өөрчлөгдөж, М.Ганболд томилогдоо л биз, Засгийн газрын шийдвэрлэсний дагуу Ч.Амарболдыг дэргэдээ авчраа л биз. Тэглээ гээд Монголын цагдаагийн байгууллага бүхий л шат төвшиндөө бужигнаад байдаг нь утгагүй биз дээ. Бүгд айж түгшээд, дээшээ харан сууж, даргадаа таалагдах гэж гүйхээр чухам хэн нь ажил хийх болж байна вэ. Замын цагдаагаас хусагдсан Ц.Амгаланбаяр Цагдаагийн академид очоод баахан халаа сэлгээ хийнэ, шинээр ирсэн М.Ядамдорж нь ч багаа бүрдүүлэх гэж бас баахан бужигнуулж таарна. Ц.Амгаланбаярын ч, М.Ядамдоржийн ч томилсон нөхдүүд тэрүүхэн зууртаа мөн л хөөрхөн халаа сэлгээ хийгээд л авна. М.Ганболдоос эхэлсэн халаа сэлгээ нийслэлийн цагдаагийн газрын архидан согтуурахтай тэмцэх тасгийн дарга, гавьяат хуульчийг хөөж явуулахдаа хүртэл даамжирчихаад байгаа
болохоор ингэж итгэлтэй хэлж байгаа юм шүү. Цагдаагийн хамгийн жижиг нэгжийн даргыг халж солихдоо тултлаа л энэ тэнэг давалгаа та биднийг бүрхээд авсан байна шүү дээ. Цаашилбал, гаалийн салбар дахь халаа сэлгээ Шадар сайдын оролцоотойгоор одоо ч үргэлжилж байна. Гаалийн ерөнхий газрын хоёр дэд дарга, Улаанбаатар хотын гаалийн дэд дарга нар бүгдээрээ М.Энхсайханы ойрын хүрээний хүмүүс, нэг нь бүр намынх нь санхүүжүүлэгч гэдэг. Шадар сайд гуай Монголын гаалийг атгасан гэх яриа үүнээс үзэхэд оргүй биш юм байна. Төрийн албыг өшөө авалтын бохир аргаар бүрдүүлэхээс гадна танил тал, найз нөхөд, нутаг нугын нүүрээр шийдвэрлэдэг болсон заваан хандлага өнөө цагийн эмгэнэл болж гүйцеэн байх юм.
Яг л ийм маягаар төрийн алба улам хэврэгшиж, хэврэг бүтцээ дагаад төр өөрөө юу ч биш болж байна. Төрийг ийм байдалд хүргэсэн Төрийн албаны зөвлөлөөс ял асууя. Юуны тулд ийм тусгай бүтэц байгаа юм, тэд чухам ямар үүрэг хүлээсэн болоод аль нэг на¬мын гар, хөл болсон мэт, энд тэндхийн томилгооноос ашиг хардаг юм шиг дүлий дүмбэ оргин сууна вэ? Нутаг нуга, төрөл садан, найз нөхдийн хүрээнээс хэзээ ч ангид байгаагүй халаа сэлгээний чимээ бүрт Төрийн албаны зөвлөл асуудлыг яагаад улстөрчдийн нөлөөнөөс тусгаарлаж чадахгүй байна вэ? Улстөрчид хэмлэлдэж байг л дээ, төрийн алба нь иргэндээ хүрч ажилламаар байна. Дарга нар уралцаж л байг, төрийн албан хаагчид харин оноосон ажла хиймээр байна шүү дээ.
Ардын эрх сонин 192, 193
Т. Мөнхтунгалаг