Хувийн сургуулиудын хаалгыг барих уу

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн үдээс өмнөх хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэх эсэхийг шийдлээ. Засгийн газар хуульд нэмэлт оруулахаар парламентад төсөл ирүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүд зарим зүйл, заалт нэмэх шаардлагатай гэж үзэн өөрсдөө мөн хуулийн төсөл санаачилжээ.
Төсөл санаачлагчдын нэг Б.Эрдэнэсүрэн гишүүний тайлбарлаж буйгаар гишүүдийн төсөл нь нийгмийн хамгааллын шинжтэй аж.
Парламентаар хэлэлцэх эсэхийг шийдэхийн өмнө гишүүд санаачлагчдаас байцаалт авлаа. Тэдний санааг хамгийн их чилээж буй асуудал нь чанаргүй боловсрол олгож буй их дээд сургуулиуд байв. Эрхэм гишүүн Р.Раш, сургууль төгссөн залуус ажлын байргүй байна. Иймд хувийн сургуулиудыг яах вэ гэсэн бол Г.Занданшатар гишүүн, сурах сонирхол дээр бизнес хийж, диплом үйлдвэрлэн байгаа сургуулиудыг хаах санал дэвшүүллээ. Зам, барилгад чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл үйл ажиллагааг нь зогсоодог. Гэтэл боловсролын салбарт муу боловсон хүчин бэлтгэж буй сургуулиудыг яагаад хааж болохгүй гэж хэмээн Р.Буд гишүүн асуулаа. Түүний тооцоолсноор боловсролын салбарт 56 тэрбум төгрөг зарж буй нь нэг өрхөд 100 орчим мянган төгрөг ногдож байгаа ажээ.
Манай Улсад хувийн их, дээд сургуулиуд чамгүй олон байгаа бөгөөд нэг тушаалаар 60 сургууль зөвшөөрөл авсан тохиолдол ч бий гэнэ. Гэхдээ тэднийг шууд хааж болохгүй гэж Ө.Энхтүвшин сайд хэллээ. Шалгуур шаардлагаа өндөрсгөх бодлогыг яамны зүгээс барьж, 10 гаруй сургуулийг хаажээ. Эрхэм гишүүн С.Ламбаа хувийн их, дээд сургуулиудыг олон байна гээд хаах, хориглох хууль зүйн үндэсгүй гэв. Тэрээр төсөл санаачлагчдын нэг бөгөөд зах зээлийнхээ жамаар л сургуулиуд явах ёстой, харин магадлан итгэмжлэлийг чангатгах
хэрэгтэй гээд өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй сургуулиудаас маш цөөхөн нь итгэмжлэгдсэн гэлээ.
Хуулийн төсөлд тусгаснаар Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Яам сургуулиудад аттестатчилал хийгээд шаардлага хангаагүй тохиолдолд зөвшөөрлийг нь цуцлах эрхтэй болох аж. Одоо мөрдөж буй хуулиар магадлан итгэмжлэл олгох, аттестатчилах заалт бий ч хориглох эрх олгогдоогүй байжээ.
Сонирхууштай нь боловсролын салбарт зах зээлийн хууль үйлчлэхгүй байгаа гэнэ. Эрхэм гишүүн А.Бакей ингэж хэлэв. Үйлдвэрлэгчид олширч өрсөлдөөн ихсэхийн хэрээр бүтээгдэхүүний чанар сайжрах хуультай. Гэтэл 2.5 сая хүнтэй манай зах зээлд 180 сургууль өрсөлдөж байгаа ч чанар дээшлэхгүй байгаа ажээ. Иймд боловсролын дотоод хяналтыг бий болгох ёстой гэлээ.
Ардын эрх сонин 194 /472/
С.Мөнхжаргал