Шимтгэлээ хасвал цалингаа нэмье

Энд нийгмийн даатгалын 29 хувийн шимтгэлийг хэлж буйг та анзаарсан байх. Цалингаас авдаг хамгийн том шимтгэл. Гэхдээ цалин авж байгаа та өөрөө 10, нь ажил олгогч 19 хувийг нь төлдөг болохоор сайн анзаардаггүй ч байж магадгүй. Харин энэхүү 19 хувь ажил олгогчдын хувьд жинхэнэ шүдний өвчин болдог. Ялангуяа хувийн хэвшлийнхэнд
Ажилчдынхаа цалинг нэммээр байдаг. Бүр өөрийнхийгөө ч бас. Гэтэл тэр хэрээр дахиад шимтгэлийн мөнгө нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл цалин нэмсэн хэрээрээ эзэн тань шийтгүүлнэ гэсэн үг. Сард 50 мянган төгрөгний цалинтай хүн байлаа гэхэд та эрүүлийн мэндийн даатгалд гурван хувь буюу 1500 төгрөг, ажил олгогч тань гурван хувь төлнө. Харин нийгмийн даатгалд та 10 хувь буюу таван мянган төгрөг харин ажил олгогч 9500 төгрөг төлөх ёстой. Танд сард 50000 төгрөгийн цалин олгохын тулд 60000 төгрөг гаргадаг гэсэн үг хөөрхий эзэн чинь. Гэхдээ энэ бол таны хөдөлмөрийн хөлс.

Тийм болохоор та хийснийхээ хэрээр цалингаа нэмүүлэхийг шаардах эрхтэй. Нөгөө талаас эзэн тань ч бас сайн ажилтнаа алдахгүйн тулд цалинг тань нэммээр байдаг. Өрсөлдөөний ширүүсч байгаа нөхцөлд сайн ажилтан илүү цалин, нөхцөл амласан газар руу нь урваад явчихна шүү дээ. Ингээд эрхэм бизнесмэнүүд маань элдвийн арга сэдэж, татвараас зугатаж өөрөөр хэлбэл гэмт хэрэг хийж эхэлдэг. Наад зах нь л гэхэд үе үе нь будаа агшаагч, индүү мэтийн бэлэг бэлтгэх, гадаад дотоодод амраах гэх мэтээр урамшуулах. Эсвэл сайн ажилтандаа сэм сэмхнээр бэлэн мөнгө бэлэглэх. Үүнийгээ тайлан балансдаа гэнэтийн зардал гэж бичнэ. Яасан ч дуусдаггүй гэнэтийн зардал юм? Бас хүмүүсийнхээ цалинг хамгийн багаар бодож тайландаа тусгадаг. Хамгийн их шалгарсан түгээмэл арга нь амьгүй албат гэдгийн эсрэгээр нэргүй цалингүй ажилтнуудтай болох. Үүнийгээ дандаа гэрээт ажилтантай гэж тусгана. Хүмүүстээ цалин олгож байгаагаа баримтжуулахгүй, шууд л өөрт нь өгчихнө. Хамгийн харамсмаар нь ажилчид эрүүл мэндийн ч нийгмийн ч даатгалгүй үлдэж, хохирч байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэншсэн нийгмийн нэг иргэн биш зүгээр л ажлын мал гэсэн үг. Өвдөх, үхэхийн цагт ямар ч хамгаалал байхгүй. Шимтгэлээс зугтахын тулд эзэд ийнхүү хүний амь амьдралаар ч тоглож байна.

Өдгөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх санал яригдаж байгаа. Хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, бүр нарийвчилсан утгаараа өрсөлдөөн, эдийн засгийг хөгжлийн дэмжих сайхан боломж. Харин энэ нь мөнөөх үйлийн үртэй захирлуудад мөн л хүндээр тусна. Энд тэртэй тэргүй төсвөөс мөнгө гардаг төрийн байгууллагуудыг дурдсангүй.
Харин хувийн компанийн захирлууд ажилчдынхаа цалинг нэмэх боломжтой боллоо гэж баярлахын дээр бас өөрийн төлөх шимтгэлийнхээ хэмжээг бодон гуниглаж байна.
Өмнө нь цалин өсөхийн хэрээр авах татвар мөн нэмэгддэг байсан хуучны татварын системийг бас ч гэж саяхан манай хууль тогтоогчид өөрчилсөн. Үүнийг бүх бизнэсмэн алга ташин хүлээж авсан. Манай сонин ч Цалингаа нэмцгээе, захирлууд аа гэж уриалж байсныг санаж байгаа байх. Орлогын албан татварын шатлалыг өөрчилснөөр их цалинтай хүмүүс их татвар, бага нь бага татвар төлдөг социалист харилцааг халах боломжтой болсон. Захирлууд ч цалингаа нэмэх боломжтой боллоо гэж баярлацгаасан.

Гэхдээ энд бас нэг жижигхэн зүйл бий. Тэр нь дээр дурдсан нийгмийн даатгалын 29 хувийн шимтгэл.
Татварын багц хуульд өөрчлөлт орон Flat tax Монголд хэрэгжиж байгаа талаарх цуврал нийтлэлдээ. Эдийн засгийг хөгжүүлж, эрүүлжүүлдэг Flat tax-ын гол зарчим бол тэнцүү татвар. Манайх бараг л бүх татварыг 10 хувь /аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр бага зэргийн шатлал бий/ болгосон гэж хэлж болно. Энд бас л нэг жижигхэн зүйл бий. Тэр нь бас л нийгмийн даатгалын шимтгэл. Ганцаархнаа 29 хувь гээд данхайж байгаа мэдээж хэрэг, үүний гол ачаалал нь ажил олгогч нарт буудаг. Хүнийг ажилтай болгосны төлөө, үйл ажиллагаа явуулж байгаагийнх нь төлөө шийтгэж байгаа юм шиг.
Энэхүү ганцаархнаа торойгоод үлдсэн нийгмийн даатгалын 29 хувийг багасгаад эзэн ч, цалин авагч ч бас 10, 10 хувиа төлж байхаар хуульчилья гэсэн яриа хөөрөө бас байгаа юм билээ. Үүнд ч бизнэсмэнүүд бас найдаж буй.

Татварыг нь багасгаад л багасгаад л байхад ямар даварчихсан юм бэ гэж бодож байна уу? Тэгвэл Flat tax-ын бас нэг зарчмыг санаарай. Их хувь тогтоогоод их мөнгө олдоггүй. Хэт их татвар түүнээс зайлсхийх бултах арга замыг хайхад хүргэж байдаг. Дээр дурдсан жишээнүүд шиг. Харин хамгийн тохиромжтой бөгөөд дундаж, хөшүүрэг болж чадахуйц хувилбар л татварын орлогыг нэмэгдүүлдэг. Тийм ч учраас Flat tax-ыг эдийн засгийг эрүүлжүүлэгч гэж нэрлэдэг.
Нэгэнт л Flat tax-ыг Монголдоо урьж хэрэгжүүлж чадсан юм чинь нийгмийн даатгалын шимтгэлээ бас адилхан 10, 10 хувь болгочихьё л доо, яадгийм. Захирал эздийг татвараас зугтаах гэмт хэргийн зам руу түлхэхээ болъё л доо.

Ардын эрх сонин 227 /505/
А.Алтантуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button