Эрхэм гишүүд ээ, 250 саяыг авахаасаа эмгэнэхгүй байна уу

дарангуйлагч төртэй улс орнуудад байдаггүй сод жишээ. Энэ нь гагцхүү Монголд байдаг ажгуу. Уншигч та хэнийг хэлээд байгааг цээжиндээ нуулгүй, гараа имрээд л хэлчих байх. Эрхэм гэгддэг манай УИХ-ын гишүүд та нарын төлөө… гээд л хэдэн сонгууль дамнан ард түмнээ хуурч сурав. Бүр мэргэжлийн хэмжээнд гээч. Үүнд сонгогч олон ч буруутай. Өөрсдийгөө хуураад сурчихжээ. 1996 оноос өрнөсөн энэ хөгийн үзэгдэл 2000 онд лавшран, 2004 онд бүрэн эрхт засаглалаа тогтоов. Үүнээс хойш амладаг хуурдаг үзэгдэл адалдаг, шоолдог болов. Зах зээл гэдэг хүнийг хэрэглээний сэтгэхүйгээс ангижруулж, бүтээгч, хөдөлмөрлөгч хүчин болгон хувиргадаг атал манай төрийн бодлого, төрийн түшээдийн амнаас гарсан хий болгон нь та нарт алт эрдэнэс өгнө, үгүй ядахдаа хоногийн хоол, баярын ширээний зууштай болгоно, намайг сонгоод аль гэх юм. Нөгөөдүүл нь ч үүнд нь итгээд, бэлэн ааруул хүлхээд сурчихжээ. МАХН-ын шинэ гэр бүлийн 500, хүүхэд мэндэлсний 100, АН-ын хүүхдийн 10 мянган төгрөг үүний тод жишээ шүү дээ. Эдгээрийг амлаж гарч ирсэн улс төрийн гол хоер хүчин өнгөрсөн хоёр жилийг үүнийгээ өгнө, өгөхгүй гэж маргалдсаар өнгөрөөв. Үүнийгээ төрийн бодлого, бид улсаа хөгжүүлэх гэж сууна гэж өгүүлэх. Энэ нь тэдний халхавч. Авилга, хүнд суртлын жинхэнэ эзэд гэмт хэргээ шүхэр дор ийн нуудаг байв. Олиггүй олигархи гэж дуудуулахаасаа ичдэг байсан бол одоо маадгар алхах болов. Бүр ил цагаанаар ард түмний татварын мөнгийг хуваан авдаг эрхтэй болжээ. Ингэж болох уу. Оюу толгой минь, Оюу толгой минь гэж цээжээ дэлддэг элдэв иргэний хөдөлгөөнүүд үгүй ядахдаа үүнийг нь зогсоо л доо. Ширэн нүүртэй 76-гийн саяхан үйлдэх гэж буй ийм төрлийн нэг нүгэл бол өөрийн тойрог бүрт 250 сая төгрөгийг хоорондоо үгсэн тохирч байгаад хуваарилахаар болсон явдал. 19 тэрбум төгрөг гарч байна аа. Сонгуулийн чимээ дөхөх үед л ийм синдром Саарал ордонд дэгддэг моод Монголд тогтов оо, хөөрхий. Үгсэн тохирч хуйвалдан мөнгө, эрх мэдлийн наймаа хийхийг хөгжилтэй улс орнуудад картель хэмээнэ. Авилгалаас ч аюултай үзэгдэл. Үүнийг даран сөнөөх ёстой жүжгийн гол баатрууд маань эгээ л Цогт тайж киноны Арслан тайж Далай ламын толгойг авах гэж яваад шүтэн бишрэгч нь болон хувирдаг эмгэнэлтэй дүйнэ. Энэ бол мөнөөх 76-д бус Монголын ард түмний л эмгэнэл болдогт гол аюул орших. Эрхэм гишүүдийн энэ синдром бүр хэдэн галавын үеэс эхтэйг дээр дурдсан. Анх АН-аас сумдыг хөгжүүлэх сан хэмээн байгуулж таван сая төгрөг хуваарилснаар эхэлж байв. Засаг дарга нар нь хэрэндээ л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн. Төрийн халамж ивээл гэдгийг мөнгө, эд зүйлс зүгээр тараахыг хэлнэ гэсэн ойлголт тэр үеэс болчимгүй сонгогчдын ой тойнд ургаж эхэлеэн. Гэтэл тэр халамж нь цоорхой уутан дахь элс шиг гоожсоор жалганд амьдарч буй Дондогийн харцанд жаргах нарны туяа шиг үзэгдээд л алга болно. Бас яг энэ үеэс л хөөрхий сонгогчдыг мөнгө өгнө гэж наранд харуулчихаад сарны гэрэлд дуу чимээг нь сонегосноор болдог юм байна, хувааж идэж, хумсалж, хүүдийлж болдог юм байна гэдэг урхагт үзэгдэл манай эрхтэн дархтнуудын цээжинд үндэслэх нь тэр дээ. Тойрогтоо мөнгө өгөв гэхээр нөгөө сонгосон лүдийгээ лусын хаан шиг хардаг өлегөлөн сонгогчдын тоо нэмэгдсээр. Ингээд л сонгууль дөхөхөөр хэчнээн мөнгө, машин, худаг, эвдэрхий хөгжим, архи өгөх бол гэсэн гуйлгачны хүлээлт 76 тойрогт түймрийн гал шиг өрнөдөг болсон юм.

10 сая төгрөгийг гишүүн бүрт өгч тойрогтоо хуваарилтугай гэхэд жаахан маргалдасхийгээд тосоод авч байсан эрхэм гишүүд маань энэ тал дээр гаргуун мэргэжиж байна. Сүүлдээ 100 сая болгон өегөсөн. Одоо бүр 250 саяд хүргэв. Үүнийгээ батлах нь бололтой. Манай эдийн засаг доголдоод байдгийн нэг нууц нь олдсон, олсон жаахан ашгаа тал тал тийш нь цацдагт оршдог. Энэ гашуунаас ер холдож чадахгүй нь гэж үү. Төсвийн мөнгийг баруун солгойгүй цацдаг том толгойтой үзэл, шуналаасаа эрхэм гишүүд одоохон татгалзахгүй бол бид удахгүй өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдэнэ биз. Бүр 500 сая, нэг тэрбум төгрөг хувааж авдаг болох вий.

Алт, зэсийн өсөлтийн үр дүнд бялуурч, хөдөлмөрлөгч бус хөхөгч, шимэгч ард түмэн болсоор байна. Сонгуулийн чимээ гэж. Өсгөгч шил шиг санагдав. Хэн нь хэн бэ гэдгийг тод харагдуулах юм.

Б.ЦОГНЭМЭХ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button