Хятад иргэн осол гаргаж, цагдаагийн ажилтнууд хэргийг нь дарсан уу?

Сэлэнгэ аймгийн Зүүн хараад хоёр хятад, нэг өвөрмонгол хүнтэй дөрвүүлээ хамт явж байхад машин нь осолдож, хамт явсан гурван хүн нь газар дээрээ нас барж, өөрөө амьд үлдсэн хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарчээ. Осолд орж нас барсан гэх хүмүүсийн нэгнийх нь ар гэрийнхэн үүнийг зориудаар зохион байгуулсан осол болсон гэж үзэж байгаа аж. Нэг машинд сууж явсан дөрвөн хүний гурав нь газар дээрээ нас барчихаад байхад нэг нь шалбархай ч үгүй амьд үлдсэн нь ингэж сэжиглэхэд хүргэсэн гэнэ. Нөгөөтэйгүүр гурвын гурван хүний амийг авч одсон байхад Зүүн хараагийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд энэ осол юунаас үүдэлтэйг огт шалгасангүй. Харин ч осол гаргасан хятад иргэнээс хахууль авч хэргийг хаасан гэж гомдоллож байгаа юм. Энэ хэргийн талаар сайн мэдэх нэгэн хүн бидэнд хандаж ийм мэдээллийг өгсөн. Болсон явдлын талаар зарим зүйлийг түүнээс тодрууллаа. Тэрээр өөрийгөө нас барсан хүмүүсийн нэгнийх нь ар гэрийн хүн, хохирогч гэж хэлж байлаа. Шүй Хуа Дун өөрийг нь яаж ч магадгүй гэж болгоомжлон нэрээ хэлэхийг хүсээгүй юм.

-Төмрийн үйлдвэрийн захирал нутаг нэгтнүүдээ зориуд осолдуулсан гэж та сэжиглэж байгаа юм уу, эсвэл баталж чадах уу?

-Ер нь бол баталгаатай. Ганцхан цагдаа нар шалгаж, нотлохыг хүсэхгүй байсан юм. Зүүнхараагийн цагдаа нар бараг бүгдээрээ тэр хятадаас хахууль авч, энэ хэргийг дарсан. Гэхдээ Хууль зүйн дотоод хэргийн яаманд энэ тухай мэдэгдэж, яамнаас үүрэг өгсний дагуу хэргийг шалгасан байна лээ.Өнөөдөр шүүх хурал болох гэж байгаа гэсэн. Гэтэл Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн дэд дарга байсан, хурандаа Н.Баярмагнай гэдэг хүн төмрийн үйлдвэрийн захирлын найз Жо гэдэг хятадыг дагуулаад Зүүн хараа явсан байна. Шүүх хурлыг болиулахаар. Тэр шүүхийн хүмүүст мөнгө өгөхөөр явсан. Долоон сая төгрөг аваад явлаа гэж манай хүмүүс мэдээлсэн.

-Н.Баярмагнай яахаараа төмрийн үйлдвэрийн хятад захирлыг таньдаг, бас шүүхийнхэнд хахууль өгөх гэж явдаг билээ?

-Ван шин да гэдэг төмрийн үйлдвэр Баянзүрхийн нутагт байдаг юм. Захирал гээд байгаа Шүй Хуа Дун хууль бус юм хийхдээ гаргуун. Цагдаа нарт хахууль өгч, өөрийн хийсэн хэргийг хэрэгсэхгүй болгуулж сурсан хүн.Түүний хийсэн хууль бус үйлдлүүдийг Баярмагнай дарга дардаг. Өмнөөс нь бүх юмыг нь хийж явдаг юм билээ.

-Шүй Хуа Дун нутаг нэгтнүүдээ дагуулж ямар хэргээр Зүүн хараа явсан юм бол?

-Талийгаачдыг вагоноос буунгуут Шүй Хуа Дун наймаа олж өгнө гээд машиндаа суулган дагуулж Дархан явж байгаад Баруун хараад онхолдсон юм билээ.

-Яагаад заавал зориудаар зохион байгуулсан осол гэж та үзэж байгаа юм бэ. Санамсаргүй осол байсан байж болно шүү дээ?

-Санамсаргүй осол биш ээ. Онхолдсон машины дөрвөн дугуй нь дөрвүүлээ хагарсан байсан. Дэлхийд машины бүх дугуй хагарсан осол болж байгаагүй. Би түүнийг осол болсон гэж харагдуулахын тулд машиныхаа дугуйнуудыг өөрөө хагалсан гэж сэжиглэж байгаа. Тэр бас цагдаа нарт өөрөө машинаа барьж яваагүй, унтаж явсан гэж хэлсэн байна лээ. Гэтэл түүнтэй хамт явсан гурван хүний нэг нь ч машин барьж чаддаггүйг би мэднэ. Тэр өөрийнхөө нөхдөөр хөөцөлдүүлж, өөрөө биш хамт явсан хүмүүсийнх нь нэг машин барьж явсан болгуулсан. Үүнийг хийсэн шинжээчид сая 500 мянган төгрөг өгсөн. Ийм байдлаас би нутаг нэгтнүүдийнхээ мөнгийг авах гэж Шүй Хуа Дун осол хийжээ гэж үзээд байгаа юм. Үүнийгээ далдалахын тулд цагдаа нарт мөнгө өгч, ослыг шалгуулахгүй байсан. Цагдаа нарыг би бас гайхаж байна. Гурвын гурван хүний амь хохирчихоод байхад юунаас болсныг нь шалгаж, тогтоохгүй байгаад.

-Нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн яагаад гомдол гаргахгүй байгааг гайхаж байна?

-Ар гэрийнхэн нь Монголд ирсэн. Ирэхэд нь харин Шүй Хуа Дун мөнгө өгнө гэж гарын үсэг өгөөд буцаачихсан. Одоо болтол амласан мөнгөө өгөхгүй байгаа гэсэн. Тэр бас өндөр цалин өгнө гэж хятад хүмүүсийг төмрийн үйлдвэртээ авчирч ажиллуулчихаад та нар ажлаа сайн хийсэнгүй гэх зэрэг шалтаг хэлж, бүр хэрэлдэж зодолдоод хөөгөөд явуулчихдаг муу аргатай хүн. Монгол ажилчиддаа ч олигтой цалин өгдөггүй. Төмрийн үйлдвэр нь гэр хороолол дунд ажиллаж, хорт утаа ялгаруулж байдагт тэндхийн иргэд дургүй ч хууль хяналтын байгууллагууд тэр үйлдвэрийг хотоос гаргах, эсвэл хаах арга хэмжээ авч болох байхад хуруугаа ч хөдөлгөдөггүй.

-Өнөөдөр болох шүүх хурлаар ямар асуудлыг хэлэлцэх юм бол?

-Шүүх хурал болох эсэхэд эргэлзэж байна. Хэрвээ болбол гурван хүний амь хохирсон хэргийг Монгол, Хятад хоёр улсын хуулийн байгууллагын аль нь ч шалгаж тогтоогоогүй талаар хэлэлцэх ёстой.
Хятадуудаас хахууль авч хэрэг дарсан гэх Зүүн хараагийн цагдаагийн хэлтсийн дарга, Батдорж болон, төмрийн үйлдвэрийн хятад захирлын өмнөөс бүх асуудлыг нь зохицуулдаг гэх Н.Баярмагнай нартай утсаар холбогдлоо.

Батдорж Хүнд хэрэг гээд Мөрдөн байцаах тасгаас шалгасан шүү дээ

-Автын осол гаргасан хятад иргэнээс танай ажилтнуудыг хахууль авч, хэргийг нь дарсан мэдээлэл ирсэн юм. Үүнтэй холбогдуулж таны байр суурийг сонсох гэсэн юм?

-Хятадууд автын осолд орж, нэг нь амьд үлдсэн хэрэг өнгөрсөн наймдугаар сард Баруун хараад гарсан. Эрүү үүсгэж шалгаад прокурорт шилжүүлж, одоо шүүх хурал нь болох гэж байна. Бүр хүнд хэрэг гээд Мөрдөн байцаах тасгаас шалгасан шүү дээ. Тухайн үед би өөрөө машинаа бариагүй гэж амьд үлдсэн хятад хүн хэлдэг. Хэргийг ямар нэгэн байдлаар хэрэгсэхгүй болгож, буцаасан болон мөнгө төгрөг авсан юм байхгүй.

-Онхолдсон машины дөрвөн дугуй хагарсан гээд байгаа. Үнэн юм уу?

-Би хэргийн газарт очоогүй болохоор мэдэхгүй байна. Баруун хараагийн Баянгол сумын нутагт гарсан хэрэг. Баруун хараагаас болон манайхаас хамтарч хэргийн газарт үзлэг хийж, энэ хэргийг шалгасан.

Н.Баярмагнай Ямар ч хятад юм бүү мэд

-Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Ван ши да төмрийн үйлдвэрийн хятад захирлын хийсэн хууль бус хэргийг таныг дардаг, өмнөөс нь бүх асуудлыг нь хөөцөлдөж явдаг.Тэр хүний Зүүн хараад гаргасан автын ослыг дарахад таныг багагүй үүрэг гүйцэтгэсэн, түүнээс мөнгө авдаг гэсэн мэдээллийн мөрөөр таны байр суурийг сонсох гэж таньтай холбогдоод байна?

-Ийм юмны талаар сонсоо ч үгүй юм байна. Ёстой наад асуудлын чинь талаар ойлголт алга. Ямар ч хятад юм бүү мэд.

-Та одоо хаана байна?

-.

-Улаанбаатарт уу, эсвэл?

-Улаанбаатарт байна.
Хятад иргэд монголын нутагт автын осол гаргаж, түүнийг нь манай хууль хяналтын байгууллагын ажилтнууд дарагдуулсан нь үнэн эсэхийг холбогдох газрууд нь шалгаж тогтоох биз ээ. Сүүлийн үед хятад хүмүүсийн өдүүлсэн хэргийг хуулийн ажилтнууд дарагдуулдаг гэсэн зүйл ихээр яригдах болсон. Үнэхээр мөнгө авч, хятадуудыг өөгшүүлээд байдаг юм уу, эсвэл энэ нь хоосон таамаглал уу гэдэгт холбогдох газрууд нь хариулт өгөх цаг болсон байна.

Ардын эрх сонин 227 /505/
Ц.Хонгор

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button