Самбо бөхийн Эрдэнэт-Од

Тэр ч утгаараа их спортын нэрийн хуудас болсоор өнөөг хүрчээ.Түүнийг самбо бөхийн дэлхийн аварга болсноос хойш Монголын бүсгүйчүүд Эрдэнэт-Одын мөрөөр аваргын титэм олон удаа гардсаар.
Мөн өнгөрсөн жил Египетийн Каирт болсон дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнээр 16 жил тасраад байсан медалийн буухиаг залгасан билээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний хүрэл, Азийн наадмын алт (1998), Азийн тивийн хошой алт, гурван мөнгө, нэг хүрэл, Зүүн Азийн болон Универсиадын хүрэл медаль түүний сан хөмрөгийг чимэглэх.

Самбо бөхөөр дэлхийн таван удаагийн аварга, Дэлхийн цомын хошоо түрүүтэй, Азийн гурван удаагийн аварга. Ийм ланжгар амжилт гаргасан тамирчин Монголд хуруу дарам цөөн. Гэхдээ олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээний медаль тоогоо алдсан болохоор энд тоочсонгүй. Үнэхээр ч Х.Эрдэнэт-Одын амжилт олон жил тогтвортой буй. Мөн тэрбээр гурван ч олимпод хүч сориод амжсан.
Түүнийг самбо бөхийн дэлхийн аварга болоод ирэхэд нь Монголын төр гавьяат тамирчин хэмээх эрхэм цол хүртээсэн. Харин өдгөө энэ бүсгүйн амжилт хөдөлмөрийн баатрын хэмжээнд хүрсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Түүнийг жүдо бөхийн Зүүн Азийн АШТ-ий бэлтгэлээ хангаж буй энэ үед нь уулзаж ярилцлаа.

-Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Эх орныхоо дэвжээнд олон орны хүчтэнтэй хүч үзнэ гэдэг бас л ховор завшаан
-Тиймээ, гэхдээ тэр хэмжээгээр хариуцлага оногддог. Ард түмнийхээ өмнө аль болох сайн барилдахын төлөө тамирчин бүхэн чармайдаг.

-Таныг Египетийн дэвжээнээс дэлхийн аваргын хүрэл медаль авчрахад монголчууд магнай тэнийн баярласан. Та жүдогийн дэлхийн аваргад хэдэн удаа зодоглоод байгаа билээ?
-Дөрвөн удаа оролцсон. Дөрөв дэх ДАШТ-ээс хүрэл медаль авлаа. Олимп, дэлхийн аваргаас медаль авах нь тамирчин хүний зорилго. Зорилгоо биелүүлсэндээ би баяртай байна. Медаль авсан гэдэг утгаараа Каирын ДАШТ миний хувьд бусдаасаа онцлог.

-Та олимп, дэлхийн аваргын тэмцээнд Испанийн И.Фернандестай олонтаа хүч үздэг. Каирт болсон ДАШТ-д энэ тамирчинтай барилдаад ялагдахад юу бодогдож байв?
-Дагах барилдаандаа сайн барилдана гэж бодсон. Тэгээд Макао, Украин, Францын бөхчүүдийг цэвэр ялсан. И.Фернандесийг ялах боломж байсан ч эвийг нь олоогүй юм болов уу.

-Хүрлийн төлөөх барилдаанд Кубын Ю.Люпетей гэмтэл авсан учраас барилдаагүй
-Тийм ээ. Түүнтэй барилдсан бол мэдээж ялахын төлөө зүтгэх байсан. Кубын бөх хагас шигшээд гэмтэл авсан учраас дэвжээнд гараагүй. Медалийн тавцанд зогсож байхад үнэхээр сайхан байсан. Би энэ мөчийг олон жил хүлээсэн. ОУХМ Д.Сүлдбаяр интернетээр жүдо бөхийн ДАШТ-ий тухай мэдээлэл уншиж байж л дээ. Тэгээд медальтнуудын дунд монгол хүн зогсож байгааг харахад сонин санагдсан гэж ярьж билээ.

-Египетийн пирамид бол дэлхийн долоон гайхамшгийн нэг. Ингэхэд дэлхийн хэдэн гайхамшгийг үзээд байгаа билээ?
-Гурав, дөрвийг нь үзчихсэн шүү, спортын буянаар.

-Жүдо, самбо бөхийн төрөлд гаргасан амжилтууд олон жил тогтвортой байгаагийн нууц юу вэ?
-Нууцсаад байх ч юу юм. Эмэгтэй хүн зорьсон зүйлдээ илүү тэвчээртэй, махруу ханддаг. Энэ нь ч амжилт гаргахад нөлөөлдөг байх. Гэхдээ би энэ чанарыг спортоос л олж авсан.

-Тэгвэл өмнө нь ямар зантай охин байсан юм бэ?
-Спортод зохицсон чанартай байсан учраас спортод дур сонирхолтой болсон биз ээ. Ер нь махруу, хор шартай охин байсан.

-Эмэгтэйчүүд бөх барилдахыг хүлээн зөвшөөрдөггүй байсан тэр цагт бэрхшээлтэй зүйл их тохиолддог байсан биз ээ?
-Харин ч хүн бага насандаа хэцүү хатууд шантардаггүй байх. Хэрвээ жүдогоор хичээллэхгүй л бол амьдрахгүй юм шиг санагддагсан. Манайх Дамбадаржаад байсан, би хоёрдугаар сургуулийн сурагч байв. Хичээлээ тараад гэртээ ирж цайгаа уучихаад Спортын төв ордон руу бэлтгэл хийхээр явна. Ядарна гэдгийг ердөө мэдэхгүй. Гэхдээ олон охин миний адил ингэж хөдөлмөрлөсөн.

-Хүүхдүүд хэн нэгнийг үлгэрлэн дууриаж, түүн шиг тамирчин болохсон хэмээн бодож өсдөг. Гэтэл жүдо, самбод та өөрөө анхдагч эмэгтэйчүүдийн хувьд. Тамирчин болохын жаргалыг хаанаас мэдэрсэн бэ?
-Манай ангийн хоёр охин жүдогийн секцэнд явдаг байлаа. Нэг удаа паркад үзүүлэх тоглолт хийсэн юм. Тэр тоглолтыг үзээд л би жүдогоор хичээллэхээр шийдсэн. Харин үүнээс өмнө гимнастикч болохыг хүсдэг байлаа.
1980 оны олимпийн наадмын гимнастикийн тэмцээнийг үзсэнээ ер мартдаггүй юм. Тэгэхэд би таван настай байсан. Монголоос хоёр гимнастикч оролцсон. Манайх телевизээ гурван залгуурт залгаж гаргадаг болохоор их урт утастай. Гимнастикчдын үзүүлбэрийг дууриаж хийхийн тулд өнөөх залгуур дээр үсэрч гараад зурагтаа унагаж аав, ээждээ зэмлүүлж билээ. Спортоор хичээллэснээр би их хэрсүү болсон.
Хүүхдүүд зуны амралтаараа зусланд амардаг байхад би бэлтгэлээ хийгээд үлдэнэ. Үерхэл нөхөрлөлийн талаар ам ангайхгүй. Ер нь спорттой холбогдсон тэр үеэс хүүхэд нас минь холдсон ч юм шиг. Ингээд бодохоор би хүүхэд болон залуу насаа спортод зориулжээ.

-Яг жүдо бөхийн секцэнд бүртгүүлсэн өдрөө санаж байна уу?
-Санахгүй байна. Наймдугаар сарын сүүлчээр секцэнд орж байсан.

-Кимоно болон хувцас хэрэглэлээ өөрсдөө л оёно биз?
-Тэгэлгүй яахав. Эгч маань надад сархинаган даавуугаар анхны кимоног оёж өгч билээ. Цагаан даалимбан өмд өмсөнө.

-Секц дугуйлан хаагдах вий гэхээс айдаг байв уу?
-Маш их айна. Яагаад эмэгтэй хүн бөхөөр хичээллэж болохгүй гэж, ямар ойлгодоггүй юм бэ гэж гайхдаг сан. Энэ спортыг хөгжүүлэхэд Ч.Машбат багш их зүйл хийсэн. Тиймээс би багшийгаа Монголын эмэгтэй жүдочдын залгалмайлсан эцэг гэж боддог. Багш маань бидэнд олон зүйл ярьж өгдөг. Бэлтгэл дууссаны дараа дэвжээ тойруулж суулгачихаад л ярьж гарна. Одоо бодоход энэ бүхэн бидэнд ухаарал хайрласан төдийгүй амьдралд ч давхар сургаж байж. Багшийн маань шавь нар бүгд л сайн яваа. Тэднээс дөрвөн гавьяат төрсөн.

-Багштайгаа хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Нас барахынх нь өмнөх өдөр уулзсан байх. Би самбо бөхийн дэлхийн аварга болоод удаагүй байсан үе. Гэхдээ намайг гавьяат авахыг багш маань үзэж чадаагүй.

-Тэр үеийн эмэгтэйчүүдээс спортдоо үлдсэн нь тоотой хэд юм
-Ажил төрөл, амьдралын байдлаас үүдэн олонх нь спортоо орхисон байх. Нийгэм ч хүнд байлаа. Лангуун дээр ганц давс л байсан үе шүү дээ. Спортын бүх төрлийн хөгжил зогсонги байдалд орсон учраас бараг хүн бүхэн наймаа хийх болсон. Амьдралын эрхэнд спортоо орхисон тамирчдыг буруутгах учиргүй. С.Дашдулам, Д.Цэрэнханд, Ш.Цэвэлмаа, М.Энхцэцэг бид хэд бууриа сахиад үлдсэн.
Үүний үр дүн ч гарсан. Биднийг юуны төлөө ингэж бэлтгэл хийгээд байна вэ гэж гайхдаг хүмүүс ч байв. Ингээд бодоход энэ бүхэн нэг ёсны шалгарал ч юм уу. СТО-д бэлтгэл хийх тамирчин цөөн болохоор заал чөлөөтэй. Бэлтгэлээ шижигнэтэл нь хийчихээд гэртээ харина. Сэтгэлд гал байхад зууханд гал бий гэдэг үг үнэн шүү.
Улмаар би Говь-ийн тамирчин болсон. Миний амжилт бүхэн энэ компанитай салшгүй холбоотой. Тиймээс баярлаж явдгаа илэрхийлье

-Зардал мөнгөний асуудлаас гадна бэртэл гэмтлээс болж оролцоогүй, өнөө хэр нь харамсаж явдаг тэмцээнүүд гэвэл
-1994 онд бэлтгэл сургуулилт өндөр, амжилт гаргах боломжийн жил байсан. Гэтэл бэртлээс болж Хирошимагийн Азийн наадамд оролцоогүй. Атлантын олимпод оролцох боломж байсан. Олимпийн эрх олгох Азийн АШТ-д оролцохоор явсан боловч мэдүүлэг оройтсон шалтгаанаар барилдаагүй. Атлантын олимпийг өнжсөндөө туйлын их харамсдаг.

-1991 онд та домогт тамирчин Тамуратай нэг жинд барилддаг байсан гэл үү?
-Тийм ээ. 1991 оны Азийн аваргын 48 кг-д Тамура бид хоёр хүрэл медаль хүртээд медалийн тавцанд хамтдаа зогссон удаатай.

-Та гурван олимпод оролцсон. Ер нь ажиглаад байхад сугалаа хүнд таардаг юм шиг. Эдгээр олимпийг харьцуулахад медаль авах хамгийн боломжтой байсан олимп?
-2000 оны олимп юм уу даа. Гэхдээ сугалаа хүнд таарсан. Олимп, дэлхийн аваргуудтай таараад ялагдсан. Японы бөхийг ялах боломж байсан ч мэхт мэхэндээ гэгчээр унасан. Насаа багш маань түүнийг ялах боломж байсан гэж хэлдэг юм.

-Афины олимпийн хувьд
-Афины олимпод нас, туршлагын хувьд жигдэрсэн учраас сайн оролцохыг хичээсэн. Олимпийн бэлтгэлээ бид Хөвсгөлд хийх үеэр хөлбөмбөг тоглож байгаад чулуун дээр эвгүй гишгэснээр шагайгаа мулталсан. Тэгээд олимпийн бэлтгэлээ сайн хангаж чадаагүй.

-Олимпийн медаль тамирчин бүхний зорилго. Сиднейн олимпоос манайхан медаль авч чадаагүй. Энэ хар үе та нарт хүндээр нөлөөлсөн үү?
-1992 оны олимпоос манайхан хоёр хүрэл медальтай ирсэн учраас бид эх орондоо нүүр бардам ирсэн. Сиднейгээс мэдээж сэтгэл хүнд буусан. Онгоцонд суугаад монгол сонингоо унштал Тамирчдаа өндөг шидэн угтая гэсэн нийтлэл гарсныг үзэж байв. Харин 2004 оны олимпоос Цагаанаа маань хүрэл медаль хүртэхэд бид маш их баярласан.

-Одоо ч гэсэн та олимпийн медаль авахыг зорьж байгаа биз дээ?
-Тамирчин хүний зорилго, мөрөөдөл бол олимпийн медаль. Мөрөөдөл хэвээрээ үлдэх үү, эсвэл биелэх үү гэдгийг тэр өдрийн тэнгэр л мэднэ. Гэхдээ одоогийнхоо амжилтыг би чамлахгүй.

-Олимпийн медалийг зүүдэлсэн удаа бий юу?
-Заримдаа зүүдэлдэг. Гэхдээ маш их шунаж, өөрийгөө зовоох хэрэггүй. Медаль бодсоор байгаад стресст орвол хэцүү биз дээ.
-Залуу тамирчдадаа хандаж юу хэлмээр байна вэ?
-Бид хүнд хэцүү замыг туулан өнөөдрийн түвшинд хүрсэн. Энэ хэцүү үеийг битгий мартаасай, амжилт өндөр үнээр ирдгийг ухаараасай гэж боддог. Мөн бидний гаргаж байсан алдааг залуучууд битгий давтаасай гэж хүсдэг. Энэ бүхнийг залуу тамирчдад хэлдэг юм.

-Аав тань бөхчүүдийн тухай сонирхолтой нийтлэл, хөрөг бичдэг. Нэг бус удаа ном хэвлүүлсэн. Охиныхоо тухай ном бичих болов уу?
-Аав маань надтай холбогдолтой материалуудыг цуглуулж байгаа. Удахгүй бичих байх. Би аавтайгаа хамтран Монголын жүдочдын амжилтын товчоон хэмээх ном бичсэн. Жүдо бөхийн босоо мэхний ангилал гэсэн гарын авлага хийсэн. Үүнийг ном болгох санаа бий. Жүдочдод сурах бичиг, гарын авлага хомс байдаг.

-Шавь бэлтгээд амжчихсан уу?
-Хоёр, гурван шавь бий. Авьяастай хүүхдүүдийг хүлээж авахад бэлэн.

-Жүдо бөхийн дүрэм хэр өөрчлөгдөж байна?
-Өөрчлөгдсөн. Гэхдээ жүдо цэвэрхэн спорт учраас дүрэмд нь бага багаар өөрчлөлт ордог.

-Та хүүхэд болон залуу насаа их спортод зориулсан гэж хэлсэн. Амжилт, бэлтгэл гэсээр ар гэрийн амьдрал орхигддог. Сайн тамирчин байхын тулд сайн ар гэртэй байх ёстой шүү дээ.
-Тийм шүү. Манай хүн намайг маш сайн ойлгодог. Бэртэл гэмтэл авахаар спортоо орхи гэдэг байв. Сүүлийн жилүүдэд ингэж хэлээгүй. 2008 оны олимп хүртэл бэлтгэлээ сайн хий гэдэг юм. Надад бас зөвлөнө. Миний төлөө их зүйлийг хийж яваа, Б.Шадав маань. Бид танилцаад долоон жил болж байна. Ханьдаа маш их баярлаж, хайрлаж явдаг.

-Үр хүүхэд бол амьдралын учир утга. Бээжингийн олимпийн дараа үрийн зулай үнэрлэнэ биз дээ.
-.(инээв).

-Спортоо орхисны дараа гадаадад амьдрах бодол бий юу?
-Монголдоо л байх сайхан. Гэхдээ дасгалжуулалтын чиглэлээр ч юм уу гадаадад боловсролоо дээшлүүлэхийг үгүйсгэхгүй.

-Танд рекламанд тоглох санал ирж байв уу?
-Ганц нэг санал ирж байсан. Жүдо, самбо бөхийн үе үеийнхэнтэй Х.Эрдэнэт-Од бэлтгэлээ хийж, тэмцээнд оролцсоор яваа. Эмэгтэй хүнд ахдам их ачааг эрчүүдээс ч дутуугүй үүрч яваа энэ бүсгүй хөдөлмөрийн үр шимийг сайн мэднэ. Тэрбээр өдгөө Женко клубт бэлтгэлээ базааж буй. 2008 оны олимп хүртэл түүнийг дэмжинэ гэдгээ тус клубийн удирдлагууд илэрхийлсэн. Мөн Ч.Насантогтох багштаа талархаж явдгаа өгүүлсэн юм.

(Таван цагираг)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button