Цаначин Ганбат

Калгари. 1988 он
15 км 48.48,9 62-р байр
30 км 142.24,2 72
50 км 226.22,0 57
Альбервилль. 1992 он
30 км 144.45,6 78
15 км 54.48,4 84
10 км 35.10,3 83

З.Ганбат Калгари, Альбервиллийн олимпод оролцож байсан цаначин. Нийслэлийн 42-р сургуульд сурч байхдаа Пионер-42 цанын баазад түүх, газар зүйн багш Лувсандоржоор цанын спортын цагаан толгойг заалгасан ажээ. Түүнээс хойш олон жил өнгөрч. Цанын секцэнд явж, УАШТ-д оролцож, хилийн дээс алхаж, бас хүн төрөлхтөний хүслэн олимпийн наадамд хоёронтоо оролцож явснаараа бахархдаг.

Ээж нь түүнийг цанаар хичээллэхийг хориглодог байж. Харин тэрбээр спортын хүн болохыг хүсдэг байлаа. Энэ хүсэл нь ч биелсэн.
Ганбат 1982 онд Замчин-д Дашзэвэг багшийнхаа удирдлагад тамирчны гараагаа эхэлсэн бол улмаар Н.Пүрэвжавын удирдлагад шилжжээ. Д.Баттулга, Ч.Батболд гээд л хүчтэй өрсөлдөгчид нь түүнийг ирлэлдэг байжээ..

-Цаначин болоход таны бие бялдар анхнаасаа л зохицсон уу?
-Үгүй. Сургуульд байхад биеийн ерөнхий хөгжил сул хүүхэд байв. Тиймээс хүчний бэлтгэлд голлон анхаардаг байлаа. Удалгүй биед өөрчлөлт орж ахиц гарсан.

-Бэрхшээлтэй зүйл хэр тохиолдож байв. Техник эзэмших ч гэх юм уу?
-Гайгүй. Спортоор багаасаа хичээллэсэн болохоор эвсэлтэй байв. Би өвөл цанаар, зун дугуйгаар хичээллэдэг байсан. Ер нь л спортын бүх төрөлд дуртай.

-Та 21-тэйдээ Калгарийн олимпод оролцсон. Тэр үед өрсөлдөгч олон байсан. Тэднээс шалгарч гарна гэдэг шаггү й даваа байсан болов уу?
-Тийм ээ. Эхний 20 тамирчны дунд хүчтэй өрсөлдөөн өрнөдөг байсан. Хориос хоёр, эсвэл дөрөв нь л олимпод оролцох ёстой. Энэ боломжийг алдахгүйн төлөө зүтгэдэг байлаа. Одоогийнхоор бол олимпийн эрхийн төлөөх тэмцээнд оролцдог шиг тийм л өрсөлдөгчид. Тэрхүү тамирчдаас шалгарч, ялалт байгуулж, хоёр олимпод оролцсоноороо бахархдаг.

-Калгарийн зам хэр хүнд байсан бэ?
-Уулархаг газар болохоор зам нь хэцүү байсан. Огцом эргэлт ихтэй. Гэхдээ тэр замд шантраагүй. Бид Калгарид тэмцээн болохоос гурав, дөрвөн хоногийн өмнө очсон. Норвег, ЗХУ-ын тамирчдын бэлтгэлийг ажиглана. 50 км-т Шведийн Гунде Сваны техникээр уралдах ёстой байв. 1988 онд энэ техникээр гулгах дүрэмтэй болсон. Тэр техникийг сурах бэрхшээлтэй байлаа. Камер үгүй учраас нүдэндээ л тогтооно. Гэхдээ хоёр жил шахам энэ техникээр дагнан хичээллэсний хүчинд гайгүй эзэмшсэн. Калгарид техникээ баталгаажуулсан.

-Таныг энэ зайд улсын дээд амжилтыг 20 минутаар эвдсэн гэж номноос уншсан юм байна.
-Үүгээрээ би бахархдаг. 50 км-ийн уралдаан хатуу самар. Олон сайн тамирчин оролцсон. Өөрөөр хэлбэл, цэвэр тактикийн уралдаан. Тэшилтийн техник 8-10 хувийг эзэлж байсан болохоор богино хугацаанд амжилт гаргах боломж сонгомлоос илүү.

-Тэгвэл 15, 30 км-т хэрхэн уралдсан бэ?
-Сонгомол техник бол тэшилтийн техникээс хэцүү. 15-30 км-т сонгомол техникээр өрсөлдсөн. Нойтон цасан дээр тос таараагүй учраас амжилтад сөргөөр нөлөөлсөн тал бий. Олимп бол агуу баяр. Олон удаа ийм тэмцээнд оролцохсон гэж бодож билээ.

-Калгарийн олимпийн дурсгал танд одоо бий юу?
-Байлгүй яахав. Охинтой болох гэж байсан залуу эцэг Калгариас хүүхдийн янз бүрийн хувцас авчирч байлаа. Манайхан Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гээдТиймээс хүхдийн хувцас нууж хааж авсан.

-Калгариас ирээд дараагийн олимпдоо бэлтгэсэн үү?
-Өрсөлдөгч олон. Тэднээс шалгарах нь чухал. Альбервиллийн олимпод Г.Мерей бид хоёр оролцсон.

-Монголын тугийг нээлтийн ёслолд та барьсан байх аа?
-Тийм ээ. Яагаад ч юм, миний сүүлчийн олимп гэж бодоод сэтгэлд гуниг төрсөн.

-Та Альбервилльд яагаад 50 км-т уралдаагүй юм бэ?
-Биеийн байдлаас шалтгаалаад уралдаж чадаагүй. Харин нөгөө хоёр зайдаа уралдсан (15, 30 км). Замын хувьд Канадтай төстэй. Уралдааны үед цаасаар шуурч, бороо орж байсан.

-Бие муудсан гэлээ. Гэмтэл авсан юм уу, эсвэл
-Шүд өвдөөд. Ямар нэгэн өвчин намдаах эм, тариа хэрэглэж болохгүй учраас өвдөөд байхаас өөр аргагүй. Шүд зуугаад л хоёр зайдаа уралдаж билээ. Өвдөлт намдаагүй учраас нойргүй хононо. Тэгээд хоёр зайдаа уралдчихаад шүдээ авахуулж амарсан.

-Та дээр Альбервиллийн олимпийг сүүлчийнх гэж бодсон тухайгаа ярилаа. Дараагийн олимпод оролцох боломж байгаагүй гэж үү?
-Ах нь цэл залуу 25 настайдаа их спортоо орхисон хүн. Ид уралдаж, амжилт гаргах нас. Зах зээлийн нийгмээс шалтгаалж спортоо орхихоос өөр аргагүй болсон юм. Үүнд маш их харамсч явдаг. Залуу нас эргэж ирэхгүй. Гэхдээ би 1990 оны Азийн наадмаас хүрэл медаль авчирсан багийн гишүүн гэдгээрээ бахархдаг. Энэ бол Монголын цаначдын хүсч хүлээсэн медаль байлаа.

-Монголын өнөөгийн цанын спортын хөгжилтийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Цанын спортын хөгжил зогсонги байна. Үүнд бидний буруу бий л байх. Залуу тамирчдаа сургалгүй, өрсөлдөөнийг мэдрүүлэлгүй спортоо орхисон. Тиймээс залгамж халаагаа бэлтгэж чадсангүй. Үндэсний шигшээ баг тарж, тамирчид спортоо орхисон тэр үед цанадаа үнэнч хоцорсон Л.Дорж багшаараа бахархдаг. Гэхдээ цанын спортын хөгжилд МЦХ-ны баримталж байгаа бодлого алдаатай байна гэж боддог юм. Дасгалжуулагч хүн ерөнхий нарийн бичгийн даргын албыг зэрэг хашиж болно гэж үү?

Дасгалжуулагч бол дасгалжуулагч, дарга гэдэг дарга. Хоёулаа тэс өөр ажил. Үүнийг ялган салгаж ойлгох цаг болсон. Түүнээс гадна өрсөлдөгч үгүй бол амжилт гарахгүй. ҮШБ-ийг хоёр тамирчнаар хязгаарлаж болохгүй биз дээ. Туриний олимпийн үеэр Tү-5, Tү-9 телевизүүд надад цанын тэмцээнийг тайлбарлах хүсэл тавьсан. Хоёр цаначныхаа байрыг урьдчилан баримжаалсан болохоор тэмцээнийг тайлбарлахаас ичээд татгалзсан удаатай. Азийн наадмаас хүрэл медаль авсан тэр үеийн хөгжилд эргэж хүрэхэд олон жил шаардлагатай. Ингэж бодохоор сэтгэл өвддөг.

Чанчунь-2007-д уралдах цаначдын сорил
Италийн Турин хотноо ирэх оны нэгдүгээр сарын 17-27-нд болох оюутны Универсиад, мөн сарын 28-наас хоёрдугаар сарын 4-нд БНХАУ-ын Чанчунь хотноо зохиогдох Азийн өвлийн наадамд оролцох гүйлтийн цанын тамирчдыг сонгон шалгаруулах уралдааны хуваарь гарчээ. Азийн наадамд оролцох цаначныг олноор шалгаруулсан дасгалжуулагч нь Чанчунийг зорих эрхтэй болох аж.

2006.XII.2. Эрэгтэйчүүд 10, эмэгтэйчүүд 5 км-т сонгомол техникээр уралдана. 2006.XII.9. Эрэгтэйчүүд 15, эмэгтэйчүүд 10 км-т тэших техникээр, 2006.XII.16. Эрэгтэйчүүд 15, эмэгтэйчүүд 10 км-т сонгомол техникээр, 2006.XII.23. Эрэгтэйчүүд 10, эмэгтэйчүүд 5 км-т тэшнэ. 2006.XII.30. Эрэгтэйчүүд 30, эмэгтэйчүүд 15 км-т сонгомол техникээр уралдана.

(Ням гариг)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button