Батж.Батбаяр Гишүүдэд 250 сая төгрөг хуваарилах гэдэг үндсээрээ буруу

улсын төсөвт тусгуулахаар ярьж байна. Үүнийг эсэргүүцэж буй цөөхөн гишүүний нэг болох Батж.Батбаяртай ярилцлаа.

-Гишүүд 2000-2004 оны УИХ-ын үед арав арван сая төгрөг тойрогтоо гаргуулж хэл амны бай болж байсан. Өнгөрсөн жил тойргийн хөрөнгө оруулалтын мөнгө гэж зуу зуун сая төгрөг хуваарилуулсан. Энэ удаа гишүүн бүр 250 сая төгрөг төсөвт тусгуулахаар ярилцаж эхэллээ. Харин та бусдаасаа арай өөр хандлагатай байх шиг байсан?

-Гишүүдийн тойрогт хөрөнгө оруулахад зориулж нийтдээ 19,2 тэрбум төгрөг төсөвт тусгаж байгаа юм билээ. Уг нь Засгийн газраас боловсруулсан төслөөр бол аймаг бүрийн төсөвт 500 сая төгрөг суулгаж өгөхөөр болсон. Би энэ хоёрын аль алийг буруу гэж үзэж байгаа. Төсвийн мөнгийг ингэж хамаагүй зарцуулж болохгүй. Төсвийн тухай хууль гэж хууль бий.
Тэр хуулийг гажуудуулж, нэг хэсэг хүний сурталчилгаа маягаар төсвийн хөрөнгийг зарцуулах нь зохисгүй. УИХ-ын гишүүд өөрсдөө төсөв баталдаг атлаа тойрогтоо 250 сая төгрөг хуваарилах гээд сууж байдаг нь үндсээрээ буруу. Төсвийн, татварын хөрөнгөөр сонгуульд бэлтгэж, өөрийгөө сурталчлах гээд байгаа хэрэг. Энэ бол УИХ-ын тухай, Төсвийн тухай гээд олон хууль зөрчиж байгаа асуудал. Наад зах нь Үндсэн хуульд иргэн бүр тэгш эрхтэй гээд заачихсан байдаг. Ардчиллын олон зарчмыг ч зөрчиж байгаа. Үүнийгээ татаж аваач, болиоч, яасан ичгүүргүй юм бэ гэж би гишүүдэд хэлсэн.

-Та өөрөө өмнө нь тойрогтоо хөрөнгө оруулалтын мөнгө авч байгаагүй гэж үү?

-Би арав арван сая төгрөг хувааж авч байх үед УИХ-ын гишүүн байгаагүй. Өнгөрсөн жилийнхээ 100 сая төгрөгийг нэг их хэрэглээ ч үгүй. Хаана ч яваа юм мэдэхгүй. Надад энэ удаа 250 сая төгрөг аваад, түүгээрээ тойрогтоо юм хийгээд, сонгогчдодоо нэр хүнд олох нь сайхан л байна. Гэхдээ УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшиж надтай өрсөлдөх нөгөө өрсөлдөгч маань яах болж байна. Үүнд ямар зохицуулалт хийх талаар хариулж өг гэж би байнгын хорооны хурал дээр хэлсэн. Хариулаагүй. Нэр дэвшигчид ижил гараанаас өрсөлдөх эрхтэй биз дээ. Энэ зарчим ноцтой алдагдана. Төрийн олон ёс зарчим наадхаас чинь болж үгүй болно. Үүнийг анхаараасай л гэсэндээ хэлж байгаа юм.

-Та мөнгөө яасныг мэдэхгүй гэлээ. Та нарын өмнөөс захиран зарцуулдаг байгууллага нь орон нутгийн Иргэдийн Хурал бил үү?

-Засгийн газрын Шадар сайдын төсөвт тэр мөнгө суудаг юм. Тэгээд орон нутгийн Иргэдийн Хурал, засаг захиргаагаар дамжуулж хөрөнгө оруулалтыг хийдэг.

-Таны 100 сая төгрөг хаана яваа бол?

-Таны мөнгөөр хэдэн дээвэр засуулсан л гэж илтгэсэн шүү дээ. Хаана, юу засуулсныг мэдэхгүй. Жаахан зам заслаа л гэсэн.

-Хэн танд илтгэсэн гэж?

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас. Тэгэхдээ Улаанбаатараас сонгогдсон 20 гишүүний мөнгийг нийтэд нь нийлүүлээд л хийж байгаа ажил шүү дээ. Хэний мөнгө хаана яваа нь бүү мэд л байхгүй юу. Зарцуулалт нь тиймэрхүү л байдаг юм.

-Аймгуудын төсөвт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулах нь буруу гэж үү?

-Энэ ч бас олон хууль зөрчиж байна гэдгийг хэлсэн. Хуулиар бол аймаг, орон нутаг өөрийнхөө төсвийг хийх ёстой. Бүгдэд нь хавтгайруулж тав таван зуун саяыг бэлэглэнэ гэдэг буруу. Гишүүд хүнд юм бэлэглэх өвчтэй болж. Хүүхдэд 10 мянга, эхнэр авбал 500 мянга гэх шиг. Хөрөнгө оруулалтад яаж мөнгө олох вэ гэдэгтээ гол анхаарлаа хандуулах ёстой. Хөрөнгө оруулалтад мөнгө дутсан газарт нь өгөхөөс биш юу ч мэдэлгүйгээр, мухар сохроор тав таван зуун сая төгрөг түгээх нь утгагүй хэрэг. Орлого сайтай, төсөв нь хүрдэг Орхон, Дорноговь аймагт энэ мөнгө хэрэггүй л байхгүй юу.

-Та нийслэлийг хөгжүүлэхэд хөрөнгө хуваарилуулъя гээд дэмжлэг аваагүй. Энэ санал тань дээр таны хэлсэнтэй зөрчилдөхгүй юу?

-Энэ өөр. Би бол Улаанбаатар хотын төвөөс сонгогдсон хүн. Ганц би ч биш нэлээд хэдэн гишүүн нийслэлийн төвөөс сонгогдсон. Нийслэлийн төвийн тохижилт, зам харгуй, зүлэг ногоо, өнгө үзэмжийг анхаарахгүй бол горьгүй. Улсын нийслэл гэхэд ичмээр юм. Гадаадын хүн байтугай хөдөөнөөс ирсэн хүн ийм ч нийслэлтэй байх гэж дээ гэж шогшрохоор байдалтай байна. Үүнд анхаараад 15 тэрбум төгрөг төсөвт тусгаач гэж хүссэн. Эдийн засгийн байнгын хороогоор үүнийг баталсан. Гэтэл Төсвийн байнгын хороон дээр УИХ дахь МАХН-ын бүлэг, Ардчилсан намын зөвлөл харилцан тохиролцоод бүх гишүүдийн саналыг татаж хэлэлцэхгүй болгосон. Би үгээ хэлэх гэж, сонгогчдоо төлөөлөх гэж, санал оруулах гэж сонгогдсон. Хэн нэг дарга миний саналыг татах юм бол би УИХ-д суухын хэрэг байхгүй. Тэгэхээр санал хураалгаж өг гэснийг хэрэгсээгүй. Тиймээс би гомдолтой байгаа.

Ардын эрх сонин 227 /505/
Д.Оюунцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button