Э. Бат-Yүл Ардчилсан сонгууль Конец

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан дээр эрхэм гишүүн Э.Бат-Үүл ардчилсан сонгууль төгсгөл болж буйд сэтгэл зовж байгаагаа илэрхийллээ. Парламентын сонгуулийн тойрог бүрт 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр ирэх оны төсөвт суулгаж буйг улс төрийн хөрөнгө оруулалт хэмээн нэрлэв. Ялсан нам улсын төсвийн хөрөнгөөр гишүүдийн тойрогт хөрөнгө оруулалт хийгээд байвал ардчилсан сонгууль хэлбэр төдий болно гэж эрхэм гишүүн үзэж байна.

УИХ-ын дарга Ц.Нямдоржийн захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санаачилсан УИХ-ын сонгуулийн тойрог бүр дээр 250 сая төгрөгийн хөрөнгөөр хөгжлийн хөрөнгө оруулалт хийх зориулалтаар бүс нутгийн болон орон нутгийн хөгжлийг дэмжихэд зориулж одоо төсөвлөсөн хөрөнгөн дээр нэмж 9 тэрбум төгрөг төсөвт нэмж тусгах санал олонхийн (87.3 хувь) дэмжлэг авсан юм. Б.Бадамдамдин, Э.Бат-Үүл, Батж.Батбаяр, Р.Нямсүрэн, Сү.Батболд нарын долоон гишүүн татгалзсан болох нь самбарт үзэгдэв.
Санал хураахын өмнө уг саналыг эсэргүүцэж болон дэмжин гурав, гурван гишүүн үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл,
-Сонгуулийн тойрогт 250 сая төгрөг төсөвлөж буй нь ирээдүйн сонгуулийн хөрөнгө оруулалтыг хийж байна. Үүнийг юу ч гэж тайлбарлаад ардчилсан сонгуулийг устгаж буй эдийн засгийн хөшүүрэг. Би сая Идэвхтэн даргад хэлсэн. Ардчилсан нам 2008 оны сонгуульд ялалт байгуулаад жил бүр тэрбум төгрөгийг тойргууддаа төсөвлөхөд МАХН 30 жил өндийхгүй гэж. Намынхаа нэрийг барьдаг нь улстөржихгүй гэсэн санаа. Төрийн мөнгөөр сонгуулийн тойргийг санхүүжүүлэх нь олигархын төрийн хийдэг ажил.

Гишүүн Г. Занданшатар
-Э. Бат-Yүл гишүүний хэлж буйгаар хаана ч санхүүжилт хийж болохгүй нээ. 250 сая төгрөгөөр тойргуудад хөрөнгө оруулалт хийж буйг гишүүдэд давуу байдал олгож байна гэвэл дөрвөн жилийн хугацаанд хийсэн бүхэн минь буруутах уу.Ер нь дэд бүтцийн төлөвлөгөөг батлах хэрэгтэй юм билээ. 20 жилийн хугацаанд хаана ямар хөрөнгө оруулалт хийж, юу барьж байгуулах вэ гэдгээ тогтчих хэрэгтэй. Тэгвэл гишүүд тойрогтоо мөнгө оруулах гэж уралдах шаардлагагүй болно.

Гишүүн Батж.Батбаяр,
-Шударга ёс, төрийн түшээдийн ёс зүйн асуудлыг ярих хэрэгтэй болжээ. Хүмүүс хэлж байна, гишүүд өөрсөддөө зориулж мөнгө батлан авч түүгээрээ сурталчилгаа хийж байна гэж. Энэ явган яриа биш. Хамгийн гол нь тэр 250 сая төгрөгөөр юу хийх нь тодорхой бус байна. Зам засах юм уу, эрүүл мэндийн төв барих юм уу. Миний хувьд энэ жил 100 сая, ирэх жил 250 сая, дараагийн жил 500 сая гээд бараг тэрбум төгрөг зарахаар бараг ялах байх. Гэтэл надтай өрсөлдөх хүн яах вэ. Тэгш байдал, гарааны ижил нөхцөл хаачих вэ.

Гишүүн Л.Гантөмөр,
-Энэ мөнгө бол гишүүдийн гар дээр өгөх мөнгө биш. Сангийн яамнаас оруулж ирсэн хөрөнгө оруулалтын төсөв тэгш бус орж ирсэн нь гишүүдийн шүүмжлэлд өртсөн. Сайд нарт ойр гишүүдийн тойрогт илүү их хөрөнгө хуваарилсан байсан. Нөгөөтэйгүүр манай байнгын хороонд л гэхэд гишүүд 3-15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санал гаргасан. Иймд энэ бүхнийг жигд болгох үүднээс тойрог бүрт 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийг дэмжиж байгаа. Засгийн газар аймаг бүрт 500 сая төгрөг хуваарилах санал ирүүлсэн.

Гишүүн Л.Гүндалай
-Ард түмний нам 250 сая төгрөгийг эсэргүүцэж мэдэгдэл гарган олон нийтэд хандаж байгаа. Шуудхан хэлэхэд энэ мөнгө бол гишүүдэд өгч буй хахууль. Ардчилал, шударга ёс ярьж тэмцдэг хүмүүс чинь МАХН-тай нийлчихэж. Ардчилал гэж ярихаа боль. 10 саяыг ичингүйрч авч байсан бол 100 саяыг нуугдаад авч байсан. Одоо 250 саяыг загнаад авдаг болж. Ийм УИХ тарах хэрэгтэй. Энэ мөнгөөр ажил хийснээрээ юм хийсэн болохгүй. Засгийн газраа хянаж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллах нь парламентын үүрэг.

Гишүүн Д.Ганхуяг
-Төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалтыг УИХ-ын гишүүн хийсэн хэмээн ойлгож ирсэн бол ташаа ойлголт. Өнөөдөр ард түмэн ингэж бодохгүй байгаа. Татвар төлөгчдийн мөнгө, хуримтлалаар бүтээн байгуулж байгааг мэдэж байгаа. Yүнийг мушгин гишүүд тойргоо төсвийн мөнгөөр тэжээж байна гэх нь сонин.

Ардын эрх сонин 227 /505/
С. Мөнхжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button