Парламент дэгийн гадна гишгэлээ

Парламент ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэхдээ УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчив. Зөрчих санаачилгыг эрхэм гишүүн Д.Дэмбэрэл гаргасан бөгөөд тэрээр, байнгын хороодын санал дүгнэлтийг унших нь ач холбогдолтой эсэхийг ойлгохгүй байна. Зөвхөн байнгын хорооны дүгнэлтийг сонсвол ямар вэ гэв. Түүний энэ саналыг гишүүдийн олонхи дэмжсэнээр төсвийнхөөс бусад байнгын хороод хуралдааны гадна үлдлээ.

Уг нь хуралдааны дэгээр төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхдээ бүхий л байнгын хорооны дүгнэлтийг сонсон, гишүүдийн гаргасан саналыг хураан шийдэх учиртай. Асууж, хариулах боломж ч гишүүдэд нээлттэй. Гэтэл өчигдрийн хуралдаанаар зөвхөн Төсвийн байнгын хорооны дүгнэлтийг сонсч зөрүүтэй саналуудыг эрхэм түшээдээр хагалуулсан юм. Тодруулбал УИХ төсвийн тухай хуулийн хоёр, гуравдугаар хэлэлцүүлгийг бөөндөж байна гэсэн үг. Үүнийг зарим гишүүн сануулсан ч эрхэм спикер чихнийхээ хажуугаар өнгөрөөсөөр байв.

Энэ нь ирэх оны төсвийг өмнөх оны арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө хэлэлцэн батлах хуультай холбоотой хэмээн гишүүд тайлбарлаж байна. Эс амжвал парламент тарах учиртай. Иймд сайн дураараа тарахгүйн тулд эрхэм гишүүд хууль ёсыг ч болов умартаад төсөв батлахаар ханцуйгаа шамалжээ. Уг нь УИХ гэдэг хууль тогтоох, түүний хэрэгжилтэд хяналт тавих ганц субьект юм.

Ардын эрх сонин 227 /505/
М.Билгүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button