Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 47 хувь нь нь 0-18 насныхан байна

Тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих дэд хөтөлбөрийг баталлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саад тотгоргүй амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, эрхийг нь хүндэтгэсэн нийгмийн орчин бүрдүүлэхэд төр, иргэний нийгэм болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг татан оролцуулахад Хөтөлбөрийн зорилго чиглэж байна.
Хөтөлбөр 2 үе шаттай, 2012 оныг хүртэл хэрэгжих юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс орныхоо хөгжилд оруулах хувь нэмрийг үнэлж, төр, аж ахуйн байгууллага, ТББ-га, хамт олон, гэр бүл, иргэдийн санал санаачлагыг дэмжих замаар нийгэмд эдгээр иргэдийн талаарх эерэг хандлагыг төлөвшүүлэх нь чухал байгаа аж. Хөгжлийн бэрхшээл бүхий иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдэнд ээлтэй дэд бүтцийг сайжруулах, мэдээлэл, харилцааны технологийг хөгжүүлэх, сурч боловсрох орчин, нийгмийн хамгааллыг нь сайн болгох зэрэг арга хэмжээг хөтөлбөрийн дагуу авна.
Өнөөдөр манай оронд халамжийн үйлчилгээнд хамрагдах сонирхол нэмэгдэж бэлэнчлэх сэтгэлгээ газар авснаас болоод өөрсдийн нөөц бололцоог дайчлан ажиллах хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо цөөрчээ. Гэвч тэдний дийлэнх нь хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлөөр муу байгаагаас үүдэн ядуурал, ажилгүйдэлд өртөх эрсдэл өндөр байгаа юм.
2001-2006 онд хийсэн улсын хэмжээний судалгаанаас харахад манай оронд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар нарийвчлан гаргасан тоо бүртгэл, цэгцтэй мэдээллийн сан өнөөг хүртэл байхгүй байна. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, сурч боловсрох байдал эмзэг, хязгаарлагдмал хэвээр байгаа бөгөөд тэдний амьдрах нөхцөл, амьжиргааны түвшин ч доогуур түвшинд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 66.4 хувь нь орлогын эх үүсвэргүй буюу өрхийн ам бүлийн нэг гишүүнд ногдох орлогын хэмжээ нь ядуурлын шугамаас доогуур байгаа өрх гэрт амьдардаг ажээ. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн аж байдлыг сайжруулахад тэдний оролцоо, эцэг эх, хамт олны үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэхэд Хөтөлбөрийн дэд хэсэг чиглэгдэх юм. 2004 онд манай улсад 69263 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэгдсэний 47 хувь нь 0-18 насны хүүхдүүд гэсэн мэдээ бий. 2006 онд явуулсан салбарын чиглэлийн судалгаагаар Архангай, Хөвсгөл аймгийн 40 орчим суманд хөгжлийн бэрхшээлтэй 2628 хүүхдийг илрүүлэхэд тэдний дийлэнх нь 11-12 насны хүүхэд байжээ.
Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьдарч, сурч, хөдөлмөрлөж байгаа нийгмийн амьдралын бүхий л хүрээнд таатай орчныг бүрдүүлэхэд тэдний оролцоог дэмжих, идэвхжүүлэх нь дэд хөтөлбөрийн онцлог байх юм. Дэд хөтөлбөр мөн өмнөх шигээ хугацаанд 2 үе шаттай явагдана.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button