Хатуу вагонд телевиз тавих боломж бий

Энэ талаар тодруулж өгөхийг хүссэн уншигчдынхаа хүсэлтээр Аялагчдын телевизийн захирал У.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай телевиз үйл ажиллагаагаа эхлээд хэр удаж байна вэ. Хүмүүс төмөр замын телевиз гэж ойлгоод байгаа болохоос уг нь бол танайх бие даасан байгууллага гэж би ойлголоо?

-Манай телевиз TҮT буюу Аялагчдын телевиз гэсэн нэртэй Төмөр замаас тусдаа байгууллага юм. Бидний хэдэн санаа нийлсэн залуус энэ телевизийг байгуулаад өнгөрсөн наймдугаар сард Монголын төмөр замтай гэрээ хийсний үндсэн дээр галт тэргэнд нэвтрүүлгээ цацаж байна. Ийм үйлчилгээ манайд л одоо эхэлж байгаа болохоос биш бусад оронд бол аль эртнээс байсан үйлчилгээний нэг хэлбэр шүү дээ.

-Наймдугаар сараас эхэлж галт тэрэг телевизортой болж эхэлсэн гэсэн үг үү?

-Наймдугаар сарын 16-наас бид эхний эфирээ туршилтын журмаар үнэ төлбөргүй цацаж байгаад өнгөрсөн аравдугаар сарын 12-ноос төлбөртэй цацаж эхэлсэн.

-Төлбөрийн талаар дэлгэрүүлж тайлбарлахгүй юу?

-Одоогоор бид зөвхөн зөөлөн вагонд телевизүүдээ тавьсан байгаа. Зорчигчид телевизортой өрөөнд орохын тулд 500 төгрөг төлөх журмаар явж байна. Энэ төлбөр тасалбарын үнээс тусдаа тооцогдож байгаа. Гэхдээ бид зорчигчдод сонголт хийх боломж олгосон. Өөрөөр хэлбэл тасалбар худалдаж авахдаа телевизортой өрөөнд орох уу, үгүй юу гэдгээ тасалбар. түгээгчид хэлж, 500 төгрөгөө үндсэн үнэ дээр нэмж бичүүлсэнээр аян замын уртад телевизор үзэх боломжтой болох юм.

-Тусдаа тасалбар бичүүлнэ гэсэн үг үү?

-Үгүй ээ. Тасалбар дээр тэр 500 төгрөг нэмж бичигдэнэ.

-Одоо хэдэн галт тэрэг телевизортой болсон бэ?

-Бид эхний ээлжинд Эрдэнэт, Замын-Үүдийн чиглэлийн таван галт тэрэгний 23 вагонд телевизор тавьсан байгаа. Нийтдээ 90 гаруй телевиз суурилуулсан гэсэн үг. БНХАУ-д бид тусгайлан захиалж, дээрх телевизүүдийг угсруулсан. Манай телевизийнхэн одоогоор 25 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Цаг үеийн мэдээ, мэдээлэл, цаг агаар, зочны ярилцлага, уран зохиолын цаг, инээдмийн дэлгэц, уран сайхны кино зэргийг бид өөрсдөө бэлтгээд зорчигчдод кабелын телевизээр хүргэж байгаа. Мөн засварын бригад ажиллуулж байна. Зам зуур яваа хүмүүс телевизийг эвдэх зэргээр бэрхшээл мундахгүй л гарч ирж байна. Гэхдээ бид цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, эхэлсэн ажилдаа эзэн болох бодолтой яваа. Зөвхөн зөөлөн галт тэргэнд биш хатуу вагонд ч гэсэн телевиз тавьж өгөхийг хүссэн санал зорчигчдоос их ирж байгаа. Үүнийг бид бодолцож үзнэ. Тийм боломж бий.

Ардын эрх сонин 227 /505/
Б.Баясах

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button