Орон сууцны корпорацийн хөрөнгийг шийдэж, багш нарын сууцыг хувьчлахаар

Сангийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран байгуулсан Орон сууц санхүүжилтын корпораци ХХК-ийн ногдол хөрөнгийн 51 хувийг хотын төсвөөс гаргах эсэх асуудал байв. Шинээр байгуулагдсан энэхүү компани нь орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан бөгөөд ирэх оноос эхлэн орон сууцны бонд гаргаж, хямд үнэтэй орон сууцаар иргэдийг хангах үйл ажиллагаа явуулах юм.

Орон сууц санхүүжилтын корпораци ХХК-ийн дүрмийн сан нь 10 сая төгрөг байхаар тогтжээ. Үүний 24.5 хувийг Сангийн яам, 24.5 хувийг Барилга хот байгуулалтын яам, үлдсэн 51 хувийг буюу 5.1 сая төгрөгийг хотын захиргаанаас гаргахаар төлөвлөжээ. Тэргүүлэгчид хэлэлцсэний эцэст 5.1 сая төгрөгийг хотын төсвөөс гаргахаар болж батлав. Орон сууц санхүүжилтын корпораци ХХК-ийн захирлаар өмнө нь нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орон сууц нийтийн аж ахуйн хэлтсийн дарга байсан н.Жаргалсайханыг томилсон. Харин төлөөлөн удирдах зөвлөлийн долоон гишүүний гурвыг хотын захиргаа, үлдсэн дөрвийг нь хоёр яам томилжээ.

Тэргүүлэгчдийн хэлэлцсэн өөр нэгэн чухал асуудал нь хоёр жилийн өмнөөс ярьж эхэлсэн нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 88 дугаар дунд сургуулийн багш нарын 18 айлын орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчлах байв. Хонхорын гэдгээрээ иргэдэд эчнээ танил болсон энэ орон сууц 1924 онд анх ашиглалтад орсон болохоор ихээхэн хуучирч муудсанаас гадна, дулааны шугам сүлжээг зайлшгүй солих шаардлагатай болсон гэнэ. Гэвч орон сууцанд амьдарч байгаа иргэдийн хүсэлтийг үндэслэн эзэмшигчдэд нь хувьчлахаар боллоо.

Ардын эрх сонин 227 /505/
Л.Төгс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button