Монголчууд чамгүй их хөеө цуглуулжээ

Тариаланчид маань хөеө-гөө хураагаад дууслаа. Монголчууд гэдэс цатгалан өвөлжих нь үү, аль эсвэл бүсээ чангалах хэрэг гарах нь уу гэдэг хэр ургац хурааснаас шалтгаалдаг. Сүүлийн жилүүдэд байгаагүй сайн ургац гарч буй тухай халуун зунаас л эхэлж ярьсан. Тэнгэр хангай монголчуудыг гайгүй харж үзсэний хүчинд өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ онд ургац чамгүй ургажээ. Найр наадам хэсүүчилж явсаар ургацаа бүрэн хурааж амжилгүй цасанд даруулж байсан гашуун сургамж монголчууд бидэнд бий. Намар намарт найр наадамд дарагддаг монголчуудыг аз болоход байгаль дэлхий ч байдгаараа харж үзлээ. Тиймдээ ч ойрын жилүүдэд хураагүй их ургац хураажээ. 2006 оны ургац хураалтын эцсийн дүн мэдээг үзвэл монголчууд гэдэс цатгалан өвөлжих нь ээ. Энэ жил 12.7 мянган га газраас 135.7 мянган тонн үр тариа, 10.5 мянган га газраас 107.8 мянган тонн төмс, 5.8 мянган га газраас 70.2 мянган тонн хүнсний ногоо, 3.3 мянган га газраас 10.7 мянган тонн малын тэжээлийн ургамал, 14.9 мянган га газраас 12.0 мянган тонн тосны ургамал хураан авсан байна.

Өнгөрсөн оныхоос бараг хоёр дахин илүү үр тариа хураасан, дотоодод үйлдвэрлэх гурилыг нэмүү өртөгийн албан татвараас чөлөөлсөн гэхээр энэ өвөл гурилын үнэ ямарч байсан тогтвортой байх нь. Тэрчлэн 2006 онд ОХУ болон Япон, Хятадаас тусламжаар нийлүүлэгдэх 76.7 мянган тонн буудайг нэмснээр нийт 176.8 мянган тонн буудайгаар жилийн хэрэгцээт гурилын 60 шахам хувийг нь дотооддоо үйлдвэрлэх боломжтой юм байна. Үүн дээр гурилын үйлдвэрүүд болон худалдаанд байгаа 20.8 мянган тонн гурилыг нэмж тооцоход идээд л байх хэрэгтэй болж. Түүнчлэн төмс, хүнсний ногооны үнэд ч бараг өөрчлөлт орохгүй л болов уу. Учир нь энэ жил өнгөрсөн онтой харьцуулахад төмс 25.0 мянган тонн, хүнсний ногоо 7.7 мянган тонноор илүү хураажээ. Тиймээс монголчууд амт муутай хятад төмсийг хэрэглээнээсээ хасах цаг ойрхон байна гэхэд дэгсдэхгүй. Хэдийгээр цаг агаар тогтуун сайхан байсан ч тариаланчид маань залхуураад хэвтээд байсан бол ийм их ургац хурааж чадахгүй нь ойлгомжтой. Үр тариа төмс хүнсний ногооны ургац сайн гарсан нь газар тариалангийн салбарт хийсэн технологийн шинэчлэлийн үр дүн гэж мэргэжилтнүүд дүгнэж буй. Ногоон хувьсгал үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэдийг хүлэмж, бордоо, бага оврын усалгааны тоног төхөөрөмж, трактороор хангасны хүчинд чамгүй хөеө цуглуулж чаджээ.

Цаг агаар энэ жилийнх шиг налгар сайхан байх юм бол цаашдаа ч үүнээс илүү ургац хурааж авах боломжтой хэмээн тариаланчид үзэж байгаа гэнэ. Төрөөс усалгаатай тариаланд нэлээд анхаарал тавьсан нь ургац сайн гарахад багагүй нөлөөлсөн байна. Цаашдаа ч усалгаатай тариаланг хөгжүүлэхэд нэлээд ажил хийгдэх бололтой. Ингэснээр дотоодын гурил, төмс, хүнсний ногоог гадагшаа экспортлох боломжтой гэж зарим мэргэжилтнүүд үзэж буйгаа нуугаагүй. Энэ жилийн байдлаар Сэлэнгэ аймаг хамгийн их ургац хурааж авчээ. Өөрөөр хэлбэл тус аймаг 63.3 мянган га газар үр тариа тариалснаас 74.6 мянган тонн ургац хурааж авсан байна. Харин хамгийн бага ургацыг Архангай аймаг авчээ. Тус аймаг 520 га газраас 648 тонн ургац хураажээ. Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь зэрэг есөн аймаг ургац огт тариалаагүй гэсэн мэдээ байна.

Ардын эрх сонин 227 /505/
Ж.Нямсүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button