Манай улсын 3 эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байна

Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг анхааран үзэж, анх удаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг 2004 онд батлан гаргасан юм. Манай улсын 3 эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгааны дүн байдаг бөгөөд ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болдог байна. Энэ төрлийн хүчирхийлэл голдуу далд хэлбэрээр үйлдэгддэг байна.
Хууль зүй дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр-ийг боловсруулаад байгаа. Хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сан, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам зэрэг холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл ажиллаж байна. Уг хөтөлбөр батлагдан хэрэгжсэнээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын уялдаа холбоо сайжрах, нийгмийн ажлын үйлчилгээний сүлжээтэй болох, мэрэгшсэн боловсон хүчин бэлтгэгдэх, эрх зүйн орчин цогцоороо бүрдэх зэрэг ач холбогдолтой юм байна.
Хууль зүй дотоод хэргийн яамнаас Хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлэн санал авах зорилгоор зөвлөлдөх уулзалтыг нилээн өргөн хүрээнд зохион байгуулсан бөгөөд уулзалтад төрийн яам, агентлаг, нутгийн захиргааны, төрийн бус болон олон улсын байгууллага, түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар эрх, үүрэг хүлээсэн байгууллагуудын анхан шатны нэгжүүдийн зэрэг бүх шатны төлөөлөл оролцон санал бодлоо илэрхийлснээрээ онцлогтой болов.
Тус зөвлөлдөх уулзалтад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулах нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар Засгийн газраас баримтлаж буй бодлого Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилт, Азийн орнуудын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлын зохицуулалт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудалд НХХЯ-ны оролцоо сэдэвээр илтгэлүүд тавигдлаа.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button