Гаалийн шинэчлэл, түүний модерназаци төслийн зээлийн хэлэлцээрийг дэмжлээ

Мөн УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцсөний дараа зээлийн хэлэлцээр хийж, гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар болов.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол улс гаалийн шинэчлэл, худалдааг хөнгөвчлөх бүс нутгийн техник, туслалцааны төслийг өнгөрсөн жил хэрэгжүүлж дуусчээ. Уг төслийн тайланд дурдахдаа, гаалийн эрх зүйн орчинг бүрдүүлэх, хүний нөөцийн талаар бодлого боловсруулах, ил тод байдлыг сайжруулах, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хөнгөвчлөх, мэдээлэл технологийг хөгжүүлэх асуудлыг хамарсан Гаалийн шинэчлэл, модернизацийн хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахыг зөвлөмж болгосон аж. Үүнээс гадна олон улсын болон бүс нутгийн хэмжээнд гадаад худалдаанд тавигдаж байгаа шаардлагуудтай холбогдуулан Монгол улс экспортын, дамжин өнгөрөх үйл ажиллагааг нягтлан, тэдгээрийг өөрчлөн шинэчлэх зорилт мөн тавигдаад байна. Энэ бүхнээс үүдэн дээрх төслийг Гаалийн байгууллага хэрэгжүүлэх шаардлага гарсан аж.
Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 5 сая ам. доллартай тэнцэх хөнгөлөлттэй зээл болон 500 мянган ам.доллартай тэнцэх буцалтгүй тусламжийг Азийн хөгжлийн банк олгох юм. Зээлийг АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр Азийн хөгжлийн сангаас 32 жилийн хугацаатайгаар олгоно. Эхний 8 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй аж.
Энэхүү зээлийг хэрэгжүүлснээр хууль ёсны дагуу улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, ачаа барааны хөдөлгөөнд аль болох саад тотгор учруулахгүйгээр улсын төсөв бүрдүүлэх, хууль ёсыг сахиулах үүргийнхээ тэнцлийг Гаалийн байгууллага хадгалах юм. Хилээр нэвтэрч буй зорчигч, барааны хөдөлгөөн хөнгөвчлөгдөнө. Мэдээлэл, технологийн ачаар үйлчилгээ үнэн, зөв ил тод болно. Гаалийн үйлчилгээг олон газар нэг зэрэг хүргэдэг болох юм байна.

/Засгийн Газрын Хэвлэлийн албанаас манайд мэдээллээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button