Э.БАТ-YYЛ Ирэх сонгуулийн хөрөнгө оруулалтыг төрийн төсвөөр хийхээ больё

Харин ирэх оноос энэ нь бүр 2.5 дахин нэмэгдэх аж. Нэмэгдэх ч гэж дээ, гишүүд өөрсдөө нэмэгдүүлж буй юм. Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх үед ингэж нэмэгдүүлэхээр гар өргөөд тохирчихов. Гэхдээ 250 саяын эсрэг саналтай гишүүд цөөхөн ч гэсэн байв. Тэд горимын санал гаргаснаар УИХ-ын өчигдрийн чуулган эхэллээ. Тухайлбал, Э.Бат-Yүл гишүүн тойрог бүрт 250 сая төгрөг өгөхөөр тусгасан заалтыг хасах санал гаргав. Энэ нь хүн бүр тэгш эрхтэй байх Yндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж үзэж байгаа аж.

Харин Л.Гүндалай гишүүнийг горимын санал хэлэхэд УИХ-ын дарга Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төслийг хэлэлцэх үед сайдад горимын санал байж таарахгүй гэж сануулаад түүний микрофоныг нээв.
Л.Гүндалай сайд төсвийг хэлэлцэх хугацааг хойшлуулах горимын саналтай байлаа. Төсвийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт Ард түмний намын төлөөллийг оруулаагүйгээс ийм санал гаргаж байгаа аж. Гэхдээ түүний горимын саналыг УИХ-ын дарга хүлээн авахаас татгалзав. Өөрөөр хэлбэл санал хураалгасангүй. Учир нь энэ ажлын хэсэгт Засгийн газрын гишүүдийг оруулаагүй. АТН-аас оруулах гэхээр парламент дахь ганц төлөөлөл нь сайд болчихсон учраас боломж байгаагүй юм байна. Харин төсвийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт ормоор байгаа бол Засгийн газраас гар. Тэгвэл 2008 оны төсвийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт оруулж болно гэсэн зөвлөгөөг УИХ-ын дарга Эрүүл мэндийн сайдад өглөө. Э.Бат-Yүл гишүүний гаргасан санал ч олонхийн дэмжлэг аваагүй учир төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм.

Э.Бат-Yүл 250 саяыг тойрогт нь өгөх гэж байхад эсэргүүцэж байгаагаараа улстөрчийн хувьд тэнэгдүү юм хийж байгаагаа ойлгож байна. Тойргийнхон маань ч харж л байгаа. Гэхдээ энэ чинь цаад утгаараа 2008 оны сонгуульд хийж байгаа улс төрийн хөрөнгө оруулалт. Удахгүй 500 сая, тэрбум төгрөг болно. Энэ бүхнийг тойрогтоо зарцуулна. Ийм их мөнгөтэй хүнтэй ирэх сонгуулиар хэн өрсөлдөх юм. Сонгуулийн хуулиар 10-хан сая төгрөг зарцуулах эрхтэй нэр дэвшигч яаж надтай, бидэнтэй өрсөлдөх юм бэ.

Ц.Нямдорж Дандаа ингэж мушгин гуйвуулдгаа боль. Энэ оны 100 сая төгрөгөөс ганцыг нь ч хэн ч халааслаагүй гэдгийг мэдэж л байгаа. Хамт сууж байгаа нөхдөө гүтгэж, өөрөө шударга царайлахаа боль.

Э.Бат-Yүл Би тэгвэл 1990 онд Yндсэн хуулийг батлалцсан дэд даргаас асууя. Тэр хуульд тунхагласан ардчилсан сонгуулийг баллуурдаж байна. Өөрийнхөө баталсан хуулийг өөрийн гараар нурааж байгаагаа юу гэж бодож байна.

Д.Лүндээжанцан Гол нь сонгуулийн системдээ байгаа юм. Можаритор системтэй үед хүссэн ч хүсээгүй ч тойрогтоо юм хуваарилуулах асуудал босоод байдаг юм. Овсгоотой нь тойрогтоо хөрөнгө оруулчихдаг, нөгөөдүүл нь үлдчихдэг. Yүнээс шалтгаалаад ингэж тойрог бүрт 250 сая төгрөг тэгш хуваарилъя гэж оруулж ирсэн байна. Yндсэн хуулийг зөрчсөн гэхэд хэцүү. Энэ асуудал сонгуулиа пропроциональ систем рүү шилжүүлсэн цагт л арилна.

Л.Гүндалай 250 сая төгрөгийн саналыг яг хэн гаргасан юм бэ.

Т.Очирхүү Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр гарсан санал. Ажлын хэсэг дээр ч эсрэг саналтай хүн байгаагүй. Дэгээр зарчмын зөрүүтэй санал хэлэлцэх үед дэмжиж гурав, эсэргүүцэж гурван гишүүн үг хэлдэг.

Э.Бат-Yүл Би энэ саналыг эсэргүүцэж байгаа нь улс төр хийсэн юм байхгүй. Энд чинь зарчим хөндөгдөөд байна. Ирээдүйн сонгуулийн хөрөнгө оруулалтыг төрийн төсвөөс хийгээд байна. Сонгуулийн ардчилал алдагдлаа. Ганц л зүйл хэлье. 2008 онд АН 92 хувийн санал авч гарч ирээд тойрог бүрт тэрбум төгрөг хуваарилаад авчихвал МАХН 30 жил өндийхгүй шүү.

Г.Занданшатар Э.Бат-Yүл гишүүний ярьж байгаа логикоос харвал тойрогт хөрөнгө оруулалт байхгүй болох нь. Цаашид энэ асуудлыг шийдэхийн тулд бусад оронд байдаг шиг дэд бүтцийн урт хугацааны төлөвлөгөө батлах ёстой. Ингэвэл хөрөнгө оруулалтыг тойрогтоо хийлгэхээр уралддагаа болино.

Батж.Батбаяр Гадуур биднийг өөрсдөдөө зориулж мөнгө хуваарилж байна гэж ярьж байна. Явган яриа биш шүү. Тэгээд ч баталбал Ерөнхийлөгч хориг тавих байх. Yндсэн хуулийн цэцэд ч очиж магадгүй.

Л.Гантөмөр Энэ нь гишүүний гар дээр очиж байгаа мөнгө биш. Энэ оны 100 сая төгрөгт миний оролцоо нь ганц хуудас бичиг л байсан. Миний тойрогт 95 сая төгрөгөөр оношлогооны төв бариулж өгнө үү гэсэн ганцхан бичгийг л Шадар сайдад явуулсан. Өөр оролцоо байгаагүй.

Л.Гүндалай Энэ мөнгө бол гишүүдэд өгч байгаа хахууль. Худлаа ярих хэрэггүй. Төр төмөр нүүртэй гэдэг нь энд суугаа хэдэн хүн ширэн нүүрлэхийг хэлдэггүй. Э.Бат-Yүл, Мо дарга (Б.Батбаяр гишүүнийг хэлэв) зөвлөлөөсөө асуу л даа. Яагаад дэмжсэн гэдгийг нь. УИХ-ын гишүүд төсөв баталдаг болохоос зарцуулдаг хүн биш шүү. Ичих булчирхайгаа энд тэнд гээчихсэн бол та нар олж авцгаа. Төр төмөр нүүртэй байсан бол төрийн түшээд нь ширэн нүүртэй болчихоод байна.

Yүний дараа УИХ-ын сонгуулийн тойрог бүрт 250 сая төгрөг хуваарилах саналыг дэмжье гэж санал хураалгасан юм. Хуралдаанд оролцсон 58 гишүүний 87.3 хувь нь дэмжжээ. Эсрэг санал өгсөн долоон гишүүний дотор уг саналыг хамгийн их эсэргүүцэж байсан Л.Гүндалайн нэр байсангүй. Тэр дэмжсэн товчлуур дарсан байв. Энэ нь түүний уурыг барав. Нударга зангидан ширээгээ балбах аж. Санал хураах үед эрхэм гишүүн эзгүй байснаас нэг нь түүний кнопыг дарж дамшигласан бололтой. Харин Миний эрх чөлөөнд халдлаа. Би эсэргүүцэж байна гэж хоолойгоо сөөтөл бархирч, ширээ балбах гишүүндээ УИХ-ын дарга тусалсан юм. Хажууд нь суудаг М.Сономпил хэргээ хүлээ гэснээр хүний өмнөөс товчлуур дарсан БХ-ын сайдыг илчилж орхив. Энэ нь Л.Гүндалай гишүүнийг нэлээд тайвшруулав бололтой. Соном дарсан гээд хүлээчихлээ шүү хэмээн арайхийн уужуу амьсгал авлаа.

Төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг үүнээс хойш гацсангүй. Санал бүрийг дэмжиж гар өргөх гишүүд юутай ч 250 сая төгрөг өвөртлөх замаа засчихав бололтой. 250 сая төгрөг авахгүй хэмээн товчлуур дарсан гишүүд Р.Бадамдамдин, Р.Нямсүрэн, Б.Эрдэнэбат, Э.Бат-Yүл, Батж.Батбаяр, Сү.Батболд нар байсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button