Тендерийг ганцхан багц болгосон нь үндэсний компаниудыг боомилсон хэрэг

50 мянган нарны зайн үүсгүүрийг суурилуулах ажлыг ганцхан багц болгож, зөвхөн нэг компаниар хийлгэнэ гэж муйхарлан зүтгэж буй албан тушаалтнуудад сэргээгдэх эрчим хүчний салбарынхан нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Физик, техникийн хүрээлэнгийн нарны зайн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Доржтой уулзаж, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт тулгамдаж буй зарим асуудлаар ярилцсаныг уншигчдадаа толилуулъя.

-Мэргэжлийн хүмүүсийн ярьснаар нарны эрчим хүчний кадастрыг үндэслэн хэрэглээг тооцох ёстой гэлцэнэ. Энэ талаар Та юу хэлэхсэн бол?
-Нарны зайн иж бүрэн систем нь нарны болон аккумляторын зай, цэнэг тохируулагч (өдрийн гэрэл, холболтын утас, суурь) зэргээс бүрдэнэ. Хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний өдөр тутмын хэрэглээг хангахын тулд ямар хүчин чадалтай цахилгаан төхөөрөмжийг өдөрт хэдэн цаг ажиллуулахаас шалтгаалан тооцдог. Монгол орон жилийн дөрвөн улиралтай. Өвөл, зуны улиралд нарны эрчим хүчний хэмжээ эрс ялгаатай. Өвөл цагт нарны цацрагийн эрчим зуныхаас 1.8-3 дахин бага болдог. Түүнээс гадна манай малчдын цахилгаан эрчим хүчний хэрэглээ өвөл ихэсч, зун багасдаг. Энэ нь нарны зайн системийн хүчин чадлыг Монгол орны нарны эрчим хүчний газар зүйн тархалтын кадастрт үндэслэн тооцох шаардлагатайг харуулж байна. Бид хоёр жилийн өмнө Монгол орны тэнгэр цэлмэг ба бодит үүлшилтэй үе дэх нарны цацрагийн эрчим хүчний газар зүйн тархалтын зураглал-ыг сүүлийн 20-30 жилийн хэмжилтийн судалгааг ашиглан сар, улирал, жилээр тооцон гаргасан.
Гэтэл нарны зайн системийн хүчин чадлыг хэрэглээндээ үндэслэн хэрэгжүүлж байгаа байгууллага, хувь хүн бараг байхгүй байна. Нарны эрчим хүчний эрс өөрчлөлттэй манай орны хувьд нарийвчилсан кадастрын зураглал ашиглахгүйгээр нарны эрчим хүчийг ашиглах асуудалд тооцоо судалгаагүй хандаж болохгүй.

-Сэргээгдэх эрчим хүчний төвийнхний зарласан тендер мэргэжлийн байгууллагуудын дунд нэлээд шуугиан дэгдээлээ. Уг тендерт заасан үнийн санал хяналтын төсвөөс хэтэрсэн нь зах зээлийн үнийн судалгаа хийгээгүйтэй холбоотой гэв үү?
-100000 нарны гэр үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50 Ваттын 50 мянган нарны зайн иж бүрэн системийг нийлүүлэх тендерийг өнгөрсөн наймдугаар сарын 31-нд зарлажээ. Уг тендерийн нийт зардлыг 16 тэрбум төгрөг байхаар төсөвт тусгасан. Хяналтын төсвөөс таван хувь буюу 800 сая төгрөгөөр хэтэрсэн тохиолдолд тендерийг хүчингүй болгох заалтыг ч оруулсан байна. ТЭХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга П.Ганхүүгийн хэлснээр тендерийн баримт бичгийг 18 компани худалдаж авснаас зургаан нь саналаа ирүүлжээ.
Нарны зай болон иж бүрдэл системийн дэлхийн зах зээлийн үнийн судалгаа хийхгүйгээр уг тендерийг зарласнаас буруудсан гэх үндэслэл байна. Yнийн дүнгээс үзэхэд 50 Вт-ын нарны зайн нэг иж бүрэн системийн үнэ 320 мянган төгрөг буюу 274 ам.доллар гэжээ. Уг системийн нэг Вт-ын үнэ 7-12 ам.доллар байгааг интернэтээс үзэж болно. Тендерийн зарласан үнэ нь малчдын гар дээр бэлэн очих нарны зайн системийн үнэ байхаар тооцжээ. Гэтэл нэгж бүтээгдэхүүний худалдаалах үнэд НӨАТ, гааль, тээвэр, үйлчилгээний зардал орох ёстой тул нарны зайн системийн нэг Вт-ын цэвэр үнэ 5.5 ам.доллар бус түүнээс бага байх болж байна. 50 мянган иж бүрэн нарны зайн системийн үнийг дэлхийн зах зээлийн хамгийн бага үнээр тооцоход 18 сая ам.доллар буюу 21 тэрбум төгрөг байх юм. Гэтэл энэ үнэд НӨАТ, гааль, тээврийн зардал, үйлчилгээний хөлсийг тусгаагүй. Хэрэв эдгээрийг тооцвол дээрх үнэ нэмэгдэх нь тодорхой.

-Тендер зарлагчдын тайлбарласнаар 50 мянган нарны зайн системийг зөвхөн нэг газраас авах нь үнийг бууруулах ач холбогдолтой гэжээ. Yүнийг давуу тал гэж ойлгож болох уу?
-Боломж байвал 50 мянган нарны зайн системийг нэг газраас авах нь үнийг бууруулах ач холбогдолтой. Гэхдээ тендерт төлөвлөсөн үнэд хүртэл буурахгүй. Энэ нь тендерт оролцсон компаниудын үнийн санал, хяналтын төсвөөс хэтэрч байгаагаас харагдаж байна. Нарны зайн чадлыг дэлхий нийтээр мөрддөг стандарт бий. Агаарын масс АМ-1-1.5 байхад 1000 Вт/м2 гэрэлтүүлэгт тодорхой ачааллыг өгч хүчдэл, гүйдлийн хамаарлыг хэмжинэ. Ингээд ашигт үйлийн коэффициентийг тооцон тодорхойлдог. Нарны зай хийх технологиос хамаарч ижил талбай (геометр хэмжээ) бүхий нарны зайнуудын гаргах чадал нь эрс ялгаатай. Өөрөөр хэлбэл, ашигт үйлийн коэффицент нь өөр өөр байвал чадал нь их, бага болдог.

-Дэлхийн олонхи оронд 50 Вт-ын нарны зайг хоцрогдсон гээд хэрэглэхээ больсон гэх юм. Гэтэл манай дарга нар айл болгонд ердөө чийдэн асааха телевизор ажиллуулах хэмжээний үүсгүүр хэрэглэ гэж тулгаад байгаа нь зөв үү?
-Ер нь 100х100 мм хэмжээтэй цахиурын кристаллыг дэлхийн хөгжилтэй олон оронд ашиглахаа больж байна. 130х130 мм-ийн поли ба монокристалл хавтангаар 14-16 хувийн ашигт үйлийн коэффиценттэй өндөр хүчин чадалтай нарны зай үйлдвэрлэдэг болсон. Иймээс өнөөдрийн нөхцөлд 50000 ширхэг 50 Вт-ын нарны зайг гадаадаас оруулж ирнэ гээд байгаа нь үйлдвэрлэлийн процесст гарсан гологдол байж магадгүй. Эсвэл харьцангуй бага ашигт үйлийн коэффиценттэй, өмнө нь үйлдвэрлээд хаа нэгтээ агуулахад хадгалж буй нарны зай байх магадлал ихтэй. Иймээс хөдөөгийнхөнд заавал 50 Вт-ын нарны үүсгүүр хэрэглэ гэхийг мэргэжлийн хүмүүс эсэргүүцэх нь үндэслэлтэй юм. Ер нь 50 мянган нарны зайн системийг нэг багц болгон зарласан нь Монголын мэргэжлийн компаниудыг боомилсон хэрэг юм.

-Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр байгуулсан Монголдоо ганцхан Нарны зайн үйлдвэр нэлээд хугацаанд дажгүй ажилласан. Гэтэл тендерт оруулаагүй нь ямар учиртай юм бол?
-50 Вт-ын 50 мянган нарны зайн нийт хүчин чадал 2.5 сая ватт буюу 2.5 Мвт болно. Ийм хэмжээний нарны зайг үйлдвэрлэн иж бүрэн систем болгох нь богино хугацаанд шийдвэрлэх зүйл биш. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн дарга Н.Энэбиш уг төвийн харьяа нарны зайн угсралтын үйлдвэрийн үйл ажиллагааг боомилсон тендер зарлаж байгааг мэргэжлийн хүмүүс хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Yүнийг буруутгах арга байхгүй. Яаж ч бодвоос, 500 мянган ам.долларын зээлээр байгуулсан уг үйлдвэр жилд 500 кВт-ын нарны зай угсрах хүчин чадалтай. Yүнийг 50 Вт-д шилжүүлэхэд 100000 нарны зай угсарна гэсэн үг. Харамсалтай нь, тэр их хөрөнгө зарцуулж бий болгосон орчин үеийн үйлдвэр одоогоор хүчин чадлынхаа дөнгөж 10 хувь орчмыг ашиглаж байгаа. Хэрэв эх орондоо нарны зай угсарвал харьцангуй хямд үнээр бүтээгдэхүүн хийхээс гадна үйлдвэр хүчин чадлаа бүрэн ашиглах боломжтой болно.

-Уг тендерт саналаа өгсөн Солонгосын Л-Систех компани хэвлэлийн хурал хийлгэсэн. Тус компанийн зөвлөх, хатагтай Грэсс Робертийн мэдэгдсэнээр Монголын Засгийн газар нарны зайн үүсгүүрийг суурилуулах ажлаас багагүй ашиг олох боломжоо алдаж байгаа юм биш үү?
-Тендерийн үнийн санал дээр будлиантай зүйл нэлээд байх шиг санагдсан. Тухайлбал, хатагтай Грэсс Робертийн мэдэгдэж байгаагаар тендерийн материалд нэг системийг 320 ам.доллараар худалдан авна гэжээ. Yүнийг үндэслэн тус компанийнхан үнийн доод хэмжээг тодорхойлжээ. Тэд нэг эх үүсвэрийг 296.5 ам.доллараар үнэлж нийтдээ 14.8 мянган доллар санал болгожээ. Ингэснээр Монголын Засгийн газарт нэг сая 750 мянган ам.доллар хэмнэх боломжийг бий болгосон гэж Грэсс Роберт мэдэгдсэн. П.Ганхүү, Н.Энэбиш нарын хэлснээр 16 тэрбум төгрөгийн төсөвтэй тендер юм гэсэн. Гэтэл хатагтай Грэсс Робертийн мэдэгдсэнээр 16573900 ам.доллар буюу 19.31 тэрбум төгрөгийн төсөвтэй болж байна. Эндээс харахад, хэн нь үнэн, хэн нь худал мэдэгдэл хийгээд байгааг ойлгоход бэрх юм. 16 тэрбум төгрөг, 16 сая ам.долларын ялгааг юу гэж үзэх вэ.
Тендерийн материалыг худалдан авсан зарим компанийнхан ийм зөрүүтэй мэдэгдэл хийж байгаа нөхцөлд учрыг мэдэх гэж хүсч байна. 50 мянгаар багц болгож үнийг зориуд багаар авч тендер зарлах, буруу болчихлоо гээд дахин зарлах нь тендерийн зарыг бизнес болгож байгаа хэрэг. Иймээс тендерийн материалыг худалдан авсан үнийг буцааж олгох ёстой гэж үзэж байна. Yүнийг ч бас буруу гэх боломжгүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button