Тархи хэр бөх вэ

1879 онд Английн нэхмэлийн үйлдвэрийн ээрмэлийн машины нарийн төмөр гол суга үсэрч ажилчин залуу эмэгтэйн баруун нүдний нь дээгүүр цөм цохин тархинд нь гүн шигдсэн байна. Дээрх эмэгтэйг яаралтай эмнэлэгт хүргэж, хагалгаа хийлгэсэн бөгөөд тэрээр бүрэн эдгэрч, энэхүү ослоос хойш толгой нь ч өвдөхгүй эрүүл энх амьдарсаар 42 жилийн дараа өөд болжээ.
Харин иймэрхүү тохиолдлуудын дотроос Финеас Гагийн уураг тархи хамгийн бөхөөр тодорчээ. Тухайн үед 25 настай байсан Гаге төмөр зам тавих ажил эрхэлдэг байжээ. Тэрээр 1847 оны есдүгээр сарын 13-нд газар дэлбэлж, зам тавихын тулд нэг үзүүрийг нь шөвхөлсөн лоомоор нүхэнд хийсэн дэлбэрэх бодисыг чигжиж байтал түүний төмөр лоом хөрсөнд байсан чулуутай хавирч оч үсэрснээс дэлбэрэлт болсон байна. Энэхүү дэлбэрэлт барьж байсан төмөр лоомыг нь бууны сум мэт харван, түүний зүүн нүднийх нь доогуур хацрын нь ясыг цоолон, тархийг нь нэвт цохиж толгойнх нь араас тохой орчим илүү цухуйж байсан ажээ. Гайхалтай нь, Гаге энэ үед ухаан алдаагүй байна. Хотоос эмч дуудаж ирүүлтэл түүнийг зочид буудал руу аваачихад тэрээр өөрөө явж байшинд орсон байна. Эмч нар мэс засал хийж, түүний тархийг нэвт цоолсон төмөр лоомыг сугалан авч, уураг тархинд нь шигдсэн ясны хэлтэрхийнүүдийг цэвэрлэсэн ажээ. Түүнийг удаан амьдрахгүй гэж байсан ч сүүлд түүнийг үзэж шинжилсэн эмч нар түүний зүүн нүд хараагүй болсноос өөр ямар нэгэн гэмтэл согог илрээгүйд ихэд гайхацгаасан ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button