Улсын хил давах гэж уур цухлаа барсаар байх уу

Бидний монголчууд алба, амины ажлаар урд хөрш рүү байнга зорчих болсоор удлаа. Жилдээ 500-600 мянган зорчигч Замын-Үүдийн боомтоор дамжин өнгөрдөг гэсэн тоо бий. Тэдний дийлэнх нь ганзагын наймаачид байдаг. Гахай үүрч, ганзага чирч яваа эгэл жирийн борчуудад хилийн наана цаана гарна гэдэг санаан зоргын хэрэг биш ажээ. Үүнийг бичигч миний бие амин хувийн ажлаар Эрээн хот руу гарах үеэрээ хил, гаалийн хүнд суртал ялангуяа тэр Гурвын хаалт гэгчийнх нь даваагаар гарах гэж уураа барж, тэвчээрээ шалгасныг энд тэмдэглэх хэрэгтэй. Надтай нэгэн адил яваа жирийн олон иргэд ч бухимдан энэ талаар төвийн хэвлэлд нэг сайн бичүүлэх юмсан гэж дор дороо дуу алдана.

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэг өглөө эрт Замын-Үүдэд очдог. Наймаачид галт тэргэнээсээ буунгуутаа л Эрээн хот руу гарахын тулд өдрийн тэн хагасыг бардаг гэнэ. Манай машинд суу, манай машинд суу. Бид хамгийн түрүүнд хилээр гарна хэмээн бие биенээсээ өрсөх хүн тээврийн жолооч нараас найдвартайг нь сонгоно гэдэг бас нэгэн авъяас ажээ. Зарим нэг нь өргөөд явчих шахахыг яана. Үүнээс болж жолооч нар хоорондоо нанчилдах нь энүүхэнд гэнэ. Намайг харсаар байхад нэг жолоочийн нармайг нээгээд авна билээ. Хятад иргэд Замын-Үүдэд хоорондын зорчигч тээвэрлэхээр өрсөлдөж байгаа нь монголчуудын дургүйг хүргэснээс энэ зодоон үүссэн юм байна. Харин шалганыхан гэгдэж өөрсдийгөө томъёолсон УАЗ-469 маркийн машинтай хүмүүс хил гааль дээр ёстой хөндлөн юм билээ.

Учиргүй л Манайх шалганы машин, Эрээн руу нэг цагийн дотор оруулна гээд зорчигчдыг дор нь өөртөө татна. Шалганы машин гэдэг нь Замын-Үүдийн Гаалийн газрын шалган нэвтрүүлэх газрын удирдлагуудын ах дүү, хамаатан садан, танил тал, найз нөхөддөө албан бусаар олгосон хил гаалиар хүн тээвэрлэх машинуудыг хэлдэг юм байна. Шалганы машины тоог тоолоход бэрх. Хил дээр цувран зогсох олон машины өмнүүр шалганы машинууд ямар ч саад тээггүйгээр ороод явчихна. Албан ёсны зөвшөөрөлтэй бага оврын автобусууд улам л хойшилсоор үдээс хойш 15 цагийн үед л нэг юм хилээр гардаг юм байна.

Гэхдээ хилээр гарахаас өмнө тэр Гурвын хаалт гэгчийн давааг давах гэж л ёстой дайн дажиндаа хүрч, эр хүний 13 мэхийг шалгадаг ажээ. Тэртээ тэргүй гааль дээр очоод гаалийн мэдүүлэг бөглөж, шалган нэвтрүүлэхээр орохоос хойш наана нь давхар хаалт хэрэглэх нь илүүц санагдсан. Чухам юуны тулд ингэх болсон тодорхойгүй. Гэтэл Эрээн хотоос монголын хил рүү ороход нэг ч хаалт шалгалтгүйгээр ямар ч дайн дажин, дараалал бололгүйгээр орж ирж болоод л байх юм.

Гурвын хаалт болгон дээр шалганыхны машин урдуур дайрна. Харин албан ёсны зөвшөөрөлтэй бага оврын автобусны дугаар хойшилсоор л. Дор дор нь шалгаад өнгөрөхийн оронд ямар ч шалтгаангүйгээр удаан хугацаагаар хүлээлгэх нь гачлантай. Уурлаж бухимдсан зорчигчид байсхийгээд л хэл ам, хэрүүл шуугиан дэгдээж эмх замбараагүй байдал үүсгэдэг гэнэ. Үүнд хил, гаалийн ажилтнууд бүр дөжирч гүйцсэн учраас ажлаа сайжруулахын оронд гомдол гаргасан иргэдийг араа шүдэндээ зууж Ахиад та нар хилээр гарч л таарна хэмээн заналхийлдэг гэнэ.

Ардын эрх сонин 227 /505/
С.Бадарч

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button