Сангийн сайд нар залуустайгаа уулзлаа

Зарлигаар Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайдаар Г.Чагдаржавыг томилон үе улирах түшээт цол, төрийн Жүн ван, улбар шар жолоо шагнаж байсан нь түүхийн хуудаснаа бичигдэн үлдсэн байна.УБХ-ын Тэргүүлэгчдийн 1945 оны 106 дугаар тогтоолоор Улсын төлөвлөгөөний комиссыг байгуулсан бөгөөд энэ байгууллага нь таван жилийн төлөвлөгөөт зорилт, улмаар улс орны эдийн засгийн 10-20 жилийн хэтийн төлөвлөгөөг зохион, хэрэгжилтийг хангаж ирсэн байдаг.
1988-1992 онд Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хороо, Нийгэм эдийн засгийн улсын хороо, Yндэсний хөгжлийн яам, 1992 оноос Засгийн газрын үндсэн бүтцэд Yндэсний хөгжлийн газар нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь өнөөгийн Сангийн яамны түүхэн замнал байлаа.
Сангийн яам, санхүүгийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд зохиогдсон Сангийн яамны ахмад, дунд, залуу гурван үеийнхний уулзалт өдөрлөг өчигдөр Төрийн үйлчилгээний Элит төвд боллоо. Танхимд хийлийн намуухан, тансаг аялгуу эгшиглэх мөчид гурван үеийнхний төлөөлөл болсон зочид байраа эзэлсэн байлаа. Тэдний дотор Т.Рагчаа, Ц.Молом, Д.Содном, П.Жасрай, У.Бямбажав нарын ахмад сайд нар, Н.Алтанхуяг, П.Цагаан, Ч.Улаан нарын дунд үеийн сайдууд болон өнөөдөр улс орны санхүү, эдийн засгийн асуудлыг барилцаж яваа залуу үеийн төлөөлөл хүрэлцэн иржээ. Ардын засгийн жилүүдэд Сангийн сайдаар нийт 27 хүн ажилласны дотор Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан болон төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд олон бий. Тухайлбал, Д.Лосол, С.Данзан, Д.Чагдаржав, Д.Моломжамц, Д.Содном, П.Жасрай гээд олон хүнийг нэрлэж болно.
Гурван үеийнхний уулзалтыг нээж Сангийн яамны газрын дарга Б.Рагчаа хэлсэн үгэндээ, сүүлийн жилүүдэд манай орны эдийн засгийн үзүүлэлтүүд ихээхэн сайжирлаа. Монгол Улсын ДНБ дунджаар 7.5 хувийн хурдацтай өсч байна. Хэрэглээний үнийн индекс тогтворжиж нэг оронтой тоонд хэлбэлзэж байгаагийн дээр улсын валютын нөөц тасралтгүй нэмэгдэж, төсөв ашигтай гарч эхэллээ. Энэ бүх ололт амжилт нь манай улсын санхүү эдийн засгийн байгууллагын үе үеийн сайд, дарга нар ажилтнуудын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлтэй холбоотой гэж онцлон дурдаж байлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын гавьяат эдийн засагч, Сангийн сайд асан Ц.Молом гуайтай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм. 1969-1979 оны хооронд сайдаар тасралтгүй ажилласан ахмад санхүүч манай ихэнх газар, зарим салбар Сангийн яамнаас тасарч гарсныг бахархан тэмдэглэж байлаа. Тухайлбал, Архины монополь эрхийг хамгаалах газар эндээс өрх тусгаарласан нь хөнгөн үйлдвэрийн үндэс суурь байсан төдийгүй Улаанбаатарт ганцхан дизель станц ажиллаж байсан нь Сангийн яамны мэдэлд байлаа гэх сонин түүхийг хүүрнэж байлаа. Түүнийг Сангийн яамны сайдаар ажиллаж байх үед 30 гаруй яамтай томоохон бүтэцтэй байсан бөгөөд тэндэхийн орлогч сайд, гарын үсэг зурдаг санхүү төсвийн ажилтнууд нь дандаа Сангийн яамнаас гардаг төрсөн мэргэжилтнүүд нь зүй ёсны бахархал гэж ярилаа.
Тухайн үеийн Улсын төлөвлөгөөний комиссын даргаар ажиллаж байсан, гавьяат эдийн засагч Т.Рагчаа гуай эрт эдүгээгийн Сангийн яамны ажил төрлийн талаар харьцуулан дүгнэлт өгч, нийгэм тэр аяараа нам эвсэл, шашин шүтлэг, нутаг нугаараа талцаж хэлхэлдсэн өнөөгийн нөхцөлд улс орны эдийн засаг, санхүүг барьж байгаа хүмүүс шударга, тууштай ажиллах ёстойг дунд, залуу үеийнхэндээ сануулж байлаа.
Нийгмийн харилцаа хатуу ширүүн байгаа одоо үед эх оронч үзэл санааг өндөрт авч явж, эв нэгдлээ эрхэмлэхийн чухлыг ч залуустаа сургамжилж байв.
Дараа нь Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн П.Жасрай уулзалтад оролцогсдод хандаж үг хэлэхдээ, би Д.Содном даргын өмнө үг хэлэх учиргүй боловч янз бүрийн шахаанд орж аргагүйдлээ гэж хөөрхөн хошигноод авсан.
Монголын ард түмний амьдрал, улс орны хувь заяа ямар байх нь санхүүгийн ажилтны мэдлэг чадвар, боловсролоос ихээхэн хамаарна. Мэдээллийн зуунаас мэдлэгт шилжиж байгаа энэ үед бүхний түрүүнд бид явах ёстой гэж П.Жасрай гуай зөвлөнө лээ. Байгалийн баялаг ихтэй орон яваандаа ядууралд орж, ард иргэд нь гуйлгачин болдог юм гэж Нобелийн шагналт эрдэмтэн хэлээд байна. Иймээс байгалийн баялагтаа шүтэх биш хүний хөгжил, оюун ухаан, боловсрол мэдлэгийг дээдлэх цаг болсон гэж гавьяат эдийн засагч хэлсэн юм.
Ийнхүү Сангийн яамны гурван үеийнхний уулзалт дурсамж яриа, чин сэтгэлийн халуун дулаан үгээр дүүрэн болж өнгөрлөө.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button