Г.ЛИЛЛИКОС Турк улс биднийг хүлээн зөвшөөрөх ёстой

1974 онд Кипрт Туркийн цэрэг орсноор тус арал хоёр хэсэгт хуваагдсан юм. Хойд талын буюу Туркийн хэсгийг Анкарагаас өөр хэн ч хүлээн зөвшөөрдөггүй. Харин олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Грекийн Кипр 2004 онд Европын холбоонд элссэн билээ. Турк улсыг Европын холбоонд элсүүлэх яриа хэлэлцээний хүрээнд Киприйн худалдааны хөлөг онгоцонд Туркийн тэнгисийн боомтуудыг нээхийг шаардаж байгаа юм. Гэвч Анкара үүнийг хийхээс татгалзсаар байна. Ингээд Г.Лилликосын ярилцлагыг сонирхуулъя.

-Европын холбоог тэргүүлж байгаа Финлянд улс Киприйн хямралд оролцогч бүх талыг энэ жил яриа хэлэлцээнд урьсан. Гэтэл эцсийн мөчид урилгыг буцаан татсан байна. Яагаад?
-Та нар мэдэж байгаа байх, Турк Киприйн бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байна. Бид нартай ч уулзахгүй гээд байгаа. Одоогоор би өөдрөг үзэлтэй байна гэж хэлж чадахгүй нь. Турктэй харилцдаг эх сурвалжуудаас авч байгаа бүх мэдээлэл таагүй мэдээлэл байна.

-Арванхоёрдугаар сарын дундуур Европын холбооны гишүүн орнуудын удирдагчид уулзаж Турк, Киприйн асуудлыг хэлэлцэнэ. Тодорхой шийдвэрийн хүрээнд танай тал юу санал болгож байгаа вэ?
-Турк улс амлалтаа л биелүүлэх ёстой.

-Туркийн боомтуудыг нээх тухай ярьж байна уу?
-Европын холбооноос тавьсан хэд хэдэн болзол байгаа. Турк, Европын холбооны хоорондох хилийн тухай тохиролцоо, мөн Анкарад баталсан протоколын дагуу Турк улс тэнгисийн болон агаарын хаалгаа нээх ёстой. Дараа нь Туркийн эрх баригчид Киприйн бүгд найрамдах улсыг Европын холбооны гишүүний хувиар хүлээн зөвшөөрөх ёстой. Одоогийн нөхцөл байдал их хачин байгаа. Европын холбоонд элсэж, Европын гэр бүлийн гишүүн болохыг хүсч байгаа туркууд энэ гэр бүлийн нэг гишүүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, бидэнтэй дипломат харилцаа тогтоохоос зайлсхийсээр байна. Энэ чинь гаж үзэгдэл биз дээ.

-Европын холбоо арлын хойд хэсгийг эдийн засгийн хувьд ганцаардуулах явдлаа зогсооно гэж амлачихаад үүнийгээ биелүүлэхгүй байна, тиймээс бид татгалзаж байна гэж Турк хэлдэг. Энэ чиглэлээр арга хэмжээ авах хэрэгтэй юм биш үү?
-Нэг юмыг онцолж хэлье. Арлын хойд хэсгийг эдийн засгийн хувьд ганцаардуулж байна гэдэг нь үлгэр домог юм. Турк Киприйн иргэдийн орлого дөрөв дахин нэмэгдсэнийг юу гэх вэ. Тэд худлаа ярьж байгаа юм.

-Саяхан олон улсад хүлээн зөвшөөрдөггүй Хойд Киприйн Ерөнхийлөгч Мехмет Али Талат хэвлэлд өгсөн ярилцлагадаа Та нар яагаад Туркийн цэргийг газар нутгаасаа гаргадаггүй юм бэ гэж асуухад Грекийн цэргүүдээс айж байгаа учраас тэр гэж хариулсан. Та энэ талаар юу хэлэх вэ?
-1974 онд арал дээр 120 мянган турк-кипр хүн амьдарч байсан. Хүн амын жирийн өсөлтөөр тооцож үзэх юм бол эзлэгдсэн газар нутаг дээр эдүгээ 200 мянган турк-кипр амьдарч байх ёстой. Гэтэл одоо тэд дөнгөж л 75 мянга байна. 1974 оныхоос хамаагүй цөөрсөн байгаа биз. Харамсалтай нь Туркийн ивээн хамгаалагчид гэдэг нэрийн дор хүмүүс арлыг орхин хаашаа ч юм явчихсан байгаа юм. Турк улс юу хийсэн юм бэ. Тэд Анатолийгоос 180 мянган хүнийг аваачиж суурьшуулсан. Энэ бол Хойд Киприйг колоничлож, арлын хүн ам зүйн байдлыг өөрчилсөн. Хойд Кипрт Туркийн 40 мянган цэрэг байрлаж байна. Гэтэл манай Yндэсний гварди есөн мянган л цэрэгтэй. Киприйн аюулгүй байдлын тухай асуудал байгаа бол бидний л тухай асуудал байх ёстой. Яагаад гэвэл Туркийн хэт давуу арми бидэнд заналхийлж байна. Бид бол жижиг орон. Манай хүн ам сая ч хүрэхгүй. Аюулгүй байдлын тухайд гэвэл ширээний ард сууж байгаад ярилцъя. Киприйн үндэсний гварди, Туркийн армийг Европын энхийг сахиулах хүчнээр солиход манай тал бэлэн байна. Арлаас гадаадын зэвсэгт хүчнийг бүгдийг нь гаргах хэрэгтэй.

-Турк хэзээ нэгэн цагт Европын холбоонд элсэхийг зөвшөөрөх үү?
-Тэгэлгүй яахав. Турк улс Европын холбоонд элсэх асуудлыг бид хоёр ч удаа дэмжиж байсныг санах ёстой. Эхний удаа 2004 оны арванхоёрдугаар сард, хоёр дахь удаа нь энэ оны аравдугаар сард. Бид Турктэй яриа хэлэлцээг эхлүүлэхийн төлөө санал өгсөн. Гэвч бидний дэмжлэг болзол нөхцөлгүй юм биш. Турк амлалтдаа хүрэх ёстой. Одоохондоо татгалзсаар л байна.

-Эдгээр болзлын нэг нь Туркийн тэнгисийн болон агаарын боомтыг нээх. Гэвч Анкара үүнийг хийх бодолгүй байгаагаа мэдэгдсэн. Тэгээд асуудал мухардалд орчихлоо. Түрүүн таниас арванхоёрдугаар сард болох уулзалтад Европын холбооны лидерүүдэд ямар шийдвэр санал болгож байгаа вэ гэж асуухад та хариулаагүй?
-Бид Туркийн шаардлагыг хүлээж авч чадахгүй. Турк улс өөрөө өөртөө туслах ёстой. Туркийн талтай уулзаж ярилцахад бэлэн байна. Гэвч одоохондоо ийм уулзалт, яриа болохгүй юм шиг байна. Туркууд Европын холбоонд элсэх нормыг рестораны цэс шиг үзэж, үүнийг авъя, тэрийг идэхгүй гэж байгаагаас болж мухардалд орчихоод байна. Ийм байж болохгүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button