Е.П.ВЫБОРОВ Багийн спортын төрлөөр олимпод оролцох боломж ойрхон байна

Энэ хугацаанд Монголын бэндичид Шведэд болсон дэлхийн аваргад оролцож хэсгийн тоглолтод Эстонийн хүчтэй багийг буулган авч байсан юм. Тэгвэл Монголын шигшээ баг 2007 оны нэгдүгээр сард ОХУ-д болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа оролцохоор бэлтгэлээ базааж эхлэв. Манай баг АНУ, Канад, Унгар, Эстони, Голландын шигшээтэй нэг хэсэгт орсон гэнэ. Энэ жилийн дэлхийн аваргад манайхан хэсэгтээ III байрт орох зорилго тавьж байгаа бөгөөд Монголын шигшээ багийг ОХУ-ын Эрхүү мужийн Байкал энержи багийн ахлах дасгалжуулагч Е.П.ВЫБОРОВ дасгалжуулж байна. Түүнтэй ярилцлаа.

-Та Монголд ирээд удаж байна уу?
-Би энэ оны есдүгээр сард ирсэн. Ирсэн даруйдаа л шигшээ багийн бэлтгэлд анхаарч эхлэв. Энэ хугацаанд Мегаватт компанийн баазад хоёр ч удаа нэгдсэн цугларалтад гарлаа. Намайг ирээд сар болсны дараа манай багийн туслах дасгалжуулагч В.Г.Пхоев ирсэн. Одоо хоёулаа танай шигшээ багтай ажиллаж байна.
-Ямар шугамаар Монголд ирсэн юм бэ?
-Олон улсын бөмбөгтэй хоккейн холбооны шугамаар.

-Яагаад заавал энэ спортыг Монголд хөгжүүлэхээр болсон юм бэ?
-Нэгдүгээрт, Олон улсын холбооноос үүрэг өгсөн. Хоёрдугаарт, энэ спорт дэлхий дахинд маш хурдацтай хөгжиж буй. Яагаад дэлхий дахинд хөгжиж байна вэ гэвэл бөмбөгтэй хоккей 2010 эсвэл 2014 оны өвлийн олимпийн хөтөлбөрт орохоор болоод байгаа юм. Yүнийг сонссон орнууд хошууралгүй яахав. Багийн спортын төрөл тухайн орондоо өндөр оноо авчирдаг юм. Ийм учраас улс орнууд бөмбөгтэй хоккейг хөгжүүлж байна. Монгол Улс ч гэсэн энэ тал дээр хоцрох ёсгүй. Хожимдоогүй байгаа дээр нь далайцтайхан хөгжүүлбэл монголчуудад багийн спортын төрлөөр олимпод оролцох боломж байна. Одоо гагцхүү төр болон хувийн байгууллагууд санаа тавиад явбал дорхноо л хөгжөөд ирнэ.

-Бөмбөгтэй хоккейн спорт хэдэн оронд хөгжөөд байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар 21 оронд хөгжиж байна. Африкаас бусад дөрвөн тивд эрчимтэй хөгжиж буй. Азиас хамгийн түрүүнд Монголд хөгжиж байна гэж ойлгож болно. Олон улсын холбоонд Ази тивээс Казах, Монгол хоёр элссэн. 10-аад жилийн өмнөх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Швед, Орос, Норвеги, Канад, Финланд гэсэн таван орны баг оролцож байсан бол энэ жилийн дэлхийн аваргад 12 орон оролцож эн тэцүүхэн өрсөлдсөн гээд бодохоор хэр хурдацтай тархаж буйг гэрчлэх биз. Олон улсын холбооноос дэлхийн аварга, дэлхийн цом, эмэгтэйчүүдийн дэлхийн аварга гэсэн томоохон тэмцээнийг байнга зохиодог. Эдгээр тэмцээн бүрийг Олон улсын олимпийн хорооны удирдлага ирж шимтэн сонирхдог юм. Тиймдээ ч өвлийн олимпийн тоглолтод оролцоход ойр байгаа. Нэмээд гурван орон гишүүнээр элсч 24 орон болоход л 2010 оны олимпийн тоглолтод орох эрхээ шууд авах болно.

-Шайбтай хоккейгоос өөр үү?
-Маш их ялгаатай. Дүрмийн болоод талбайн хувьд ч тэр. Шайбтай хоккейд хаалгачтайгаа нийлээд зургаан хүн талбайд тоглодог бол бэндид 11 хүн тоглоно. Талбай нь ч том. Бөмбөгтэй хоккейн талбай хөлбөмбөгийнхтэй адил байдаг. Хөлбөмбөг шиг отон тоглолт, булангийн цохилт ч гэж бий. Шайбтай хоккейн тоглолтын 40 хувьд нь хүчний тоглолт ордог бол бэндид багийн тоглолт түлхүү гарна. Талбай томтой болохоор хурдтай уран гоё довтолгоо олон гардаг. Тиймдээ ч үзэгчид илүү сонирхдог байх. Ер нь бол Орос, Шведэд үзэгчдийнхээ тоогоор хөлбөмбөгийн дараа ордог спорт шүү дээ. Орост бол шайбтай хоккейн үзэгчдээсээ илүү гарна уу гэхээс дутахгүй.

-Оросууд шайбтай хоккейгоо илүү дэмждэг юм шиг харагддаг?
-Шайбтай хоккей бэндиг бодвол битүү ордонд тоглодог болохоор үзэгчид тав тухтай байдаг биз. Гэхдээ сүүлийн жилүүдэд Оросын шигшээ баг тив дэлхийд дээгүүр амжилт үзүүлж чадахаа больсон. Энэ нь ихэнх тоглогчид нь гадаадад гарсантай холбоотойгоор хэвлэлийнхэн тайлбарлаж буй. Оросын бөмбөгтэй хоккейн холбооны удирдлага ойрноос үзэгчдийнхээ тав тухыг бодож битүү дээвэртэй хоёр стадион барьсан. Бөмбөгтэй хоккейн лигийн жирийн тоглолтыг 8-10 мянган үзэгч үздэг. Харин шигшээ тоглолтыг нь 20-30 мянган хүн үздэг гэсэн тооцоо бий. Ихэнх тоглолт нь том стадионд болдогтой холбоотой. Харин шайбтай хоккейн ямар ч тоглолтыг ийм их хүн үздэггүй юм.

-Тэгвэл лигийн багаараа аль нь илүү олон байдаг вэ?
-Шайбтай хоккейн супер лигт 18 баг тоглодог бол бөмбөгтэйд нь 22 баг өрсөлддөг. Мөн шайбтай хоккейд дээд, I лиг гэж бий. Харин бөмбөгтэйд I лиг, бүсийн гэсэн багуудтай. Эндээс харахад бөмбөгтэй хоккейн баг шайбтайгаасаа илүү олон гэж ойлгож болно.

-Тийм олон багтай юм бол худалдаа наймаа их гардаг биз?
-Мэдээж. Жилд 60 тамирчныг багууд худалдаж, солилцдог юм.
-Тамирчид хэдий хэмжээний хөлсөөр багуудад очдог бол?
-Шайбтай хоккей хөлбөмбөгийн тамирчидтай л адил үнэ ханштай байдаг. Саяхан л гэхэд нэг залуу тоглогч багтайгаа сая долларын гэрээ хийсэн байна лээ. Бөмбөгтэй хоккейн тамирчдын солилцоо наймааны тухай Спорт экспресс сонин дээр дэлгэрэнгүй бичээстэй байдаг.

-Оросын бэндигийн тамирчид шайбтай хоккейд, шайбтай хоккейн тамирчид бэндид орох тохиолдол байдаг болов уу?
-Байлгүй яахав. 1970-аад оны шайбтай хоккейн од Бобров анх бөмбөгтэй хоккей тоглож олонд танигдсан тамирчин. Ер нь тэгээд бөмбөгтэй хоккейн тамирчид олон талын авьяастай болдог. Манай багийн тамирчдаас хөлбөмбөг рүү орсон залуучууд цөөнгүй бий. Хөлбөмбөгийн клубын дасгалжуулагчид бэлтгэл дээр ирж залуучуудыг харж байгаад хөлбөмбөг рүү тамирчдыг урвуулах тохиолдол цөөнгүй.

-Бөмбөгтэй хоккей аль улсаас үүсэлтэй юм бэ?
-Канадаас.

-Оросуудыг эртнээс бөмбөгтэй хоккей тоглодог байсан гэж сонссон?
-1997 онд оросууд бөмбөгтэй хоккейн 100 жилийн ойг тэмдэглэсэн. Большой хоккей гэж нэрлэдэг юм. Бөмбөгтэй хоккейгоос бусад хоккейн төрлүүд Орост салбарлаж үүссэн гэдэг.

-Та өөрөө залуудаа аль төрлөөр нь хичээллэж байсан вэ?
-Аль алинаар нь. Гэхдээ бөмбөгтэй хоккейгоор түлхүү хичээллэдэг байлаа.

-Монголд авьяастай хүүхдүүд байна уу?
-Авьяасгүй хүүхэд гэж байдаггүй юм. Гагцхүү авьяасыг нь хөгжүүлэх л хэрэгтэй. Одоо шигшээ баг дээр 20 гаруй тамирчин байгаа. Бүгд шайбтай хоккейн төрлийн тамирчид. Бид тэдэнтэй гурван сарын хугацаанд ажиллалаа. Одоо үр дүнгээ үзэх л үлдээд байна. Бид ирэх пүрэв гаригт Эрхүүд очиж тэндэхийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Дэлхийн аваргын өмнөх том сорилт болно шүү. Гурван сарын хугацаанд зааж сургаснаа Эрхүүд очиж харна. Мэдээж алдаа дутагдал гарч ирэх нь ойлгомжтой. Нэг ёсондоо хяналтын тоглолт юм. Өөр нэг томоохон зорилт гэвэл танай шигшээгийн тамирчдаас ганц хоёр хүнийг ч болов нэгдүгээр лигийн багт цалинтайгаар тоглуулах.

-Дэлхийн аваргад ямар зорилт тавьж оролцох вэ?
-Бид гурван сарын хугацаанд бэлтгэл хийлээ. Удахгүй Эрхүү явж хяналтын тоглолт хийнэ. Ирээд дахин цугларалтад гарна. Yүний дараа тамирчид маань шайбтай хоккейн лигтээ тоглоно. Энэ бүх төлөвлөгөөний дагуу явбал бид ямар ч байсан дэлхийн аваргаас хоосон ирэхгүй. Одоо хамгийн гол дутагдаж байгаа зүйл нь хөрөнгө мөнгөний асуудал. Ядаж л тамирчдаа витаминжуулах хэрэгтэй байна. Бид Монголын төр, засгийн удирдлагад энэ тухай уламжилсан. УИХ-ын дарга Ц.Нямдоржтой уулзахаар удаа дараа хүсэлт тавьсан ч уулзаж чадахгүй л явна. Энэ спорт өөрөө цэвэр агаарт мөсөн дээр бэлтгэл хийдэг болохоор хүүхдүүд эрүүл чийрэг болоход нөлөөлдөг. Дээрээс нь багийн төрөл болохоор нийтэч хүмүүжил олоход сайн талтай. Энэ нь эргээд Монголын залууст л хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button