Ц.Нанзаддорж Тэрүүн шиг худлаа юм байхгүй

-Саяхан хуралдсан Монгол-Оросын хамтарсан үйлдвэрүүдийн зөвлөлийн хурал нэлээн маргаантай болсон гэх юм. Чухам юун дээр санал зөрөөтэй байсан юм бэ?
-Хурал амжилттай болсон. Төлөвлөсөн хэд хэдэн томоохон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Эдгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийн хэтийн төлөв, ирэх 15 жилд үйлдвэрүүдийг хөгжүүлэх үндсэн чиглэл, түүний дотор цэвэр зэсийн үйлдвэр байгуулах. 2005 оны цэвэр ашгийн хуваарилалт, нийгмийн зориулалтын байгууламжуудыг орон нутгийн өмчид шилжүүлэх тухай, Эрдэнэт үйлдвэрийн шинэчилсэн дүрэм батлах зэрэг олон асуудлыг хэлэлцсэн. Бүх зүйл дээр талууд санал нэгдээд байдаг бол хурал хийгээд байх шаардлага гарахгүй биз. Хуримтлагдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх гэж л хуралдаж тал талаасаа ярилцдаг. Энэ удаагийн хурал хоёр талын байр суурийг ойртуулж чадсан амжилттай хурал болсон.

-Яг ямар асуудал дээр талууд ингэж байр сууриа ойртуулж чадав?
-Зэсийн үйлдвэр байгуулах талаар Эрдэнэт үйлдвэр сүүлийн 3-5 жил судалгаа, туршилт хийсэн. Yүнийхээ үр дүнд Финляндын Оутокумпу компанитай хамтран жилд 50 мянган тн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай завод байгуулах төсөл боловсруулсан юм. Энэ төсөлд Оросын тал өөрийн эрдэм шинжилгээний институтуудаар ахин дахин эксперт хийлгэж байж эцэст нь зөвшөөрлөө. Эрдэнэт үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл, тооцоог анх хийсэн Оросын Гипрцветмет гэдэг эрдэм шинжилгээний институт экспертийн группэд оролцож дүгнэлт гаргасан нь Оросын талын эргэлзээг арилгасан байх. Гурван жилийн дараа үйлдвэр бүтээгдэхүүнээ гаргаж эхэлнэ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн насыг 70-80 жилээр уртасгах боломжтой болж байгаа юм. Түүний дээр боловсруулалтын төвшин дээшлэх тутам ашиг орлого, ажлын байр нэмэгдэж, дараагийн шатны боловсруулалтын суурь тавигддаг. Монголчууд бид хэдэн зууны туршид гаднын орнуудын түүхий эд бэлтгэгч байсаар ирсэн. Саяын хурлын нэг амжилт бол дээрх шийдвэрийг хамтарч гаргасан явдал.

-Эрдэнэт үйлдвэрийн ашиг орлогоос орон нутагт нь хүртээх талаар энэ удаад нэлээд нааштай шийдвэр гарав бололтой?
-Эрдэнэт үйлдвэрийн ашиг орлогоос орон нутагт нь хүртээх талаар тавьсан Монголын талын саналууд тэр болгон Оросын талаас дэмжлэг авч чаддаггүй байсан. Хамтарсан үйлдвэрүүдийн зөвлөлийн гишүүн байсны хувьд үүнийг би гэрчилнэ. Тэгвэл өнгөрсөн хурлаар бид хэд хэдэн асуудлыг амжилттай шийдүүлж чадсан. Yүнд
-Хотын орон сууц нийтийн аж ахуйн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээнд 5.8 тэрбум төгрөг,
-Шинээр байгуулагдах долдугаар бичил хороололд дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугам тавих, зам барихад 3.4 тэрбум төгрөг,
-Хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд 3.8 тэрбум төгрөг, нийт 13 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулахаар болсон.
Мөн хурлаас хамтарсан үйлдвэрийн өнгөрсөн оны ашгаас улсын төсөвт 59.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг авах шийдвэрийг гаргалаа.

-Оросын тал хувьцаагаа 5050 болгохыг шаардсан тухай Yйлдвэр, худалдааны сайдын зөвлөх ярилцлага өгсөн байсан?
-Тэрүүн шиг худлаа юм байхгүй. Yүнийг тэр хуралд оролцож байсан бүх хүн гэрчилнэ. Yйлдвэр, худалдааны сайдын зөвлөх Ц.Даваадорж тэнд ганцаараа байгаагүй. Хамтарсан үйлдвэрийн зөвлөлийн гишүүд, үйлдвэрийнхэн байсан. Гэтэл ингэж санаанаасаа хоосон юм зохиосныг нь уншаад гайхлаа.
Хамтарсан үйлдвэрийн талаар Монгол, Оросын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрт талууд, оролцогч гэсэн ойлголтууд байдаг юм. Талууд гэдэгт хоёр орны Засгийн газар, оролцогч гэдэгт манай талаас Төрийн өмчийн хороо, Оросын талаас Төрийн өмчийг удирдах агентлаг гэж байгууллага ордог. Энэ хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан. Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Монголын тал 51, Оросын тал 49 хувьтай байхаар тохиролцож хуульчлагдсан юм. Хувьцааны хувь хэмжээг өөрчлөх асуудлыг Оролцогчид ярих эрхгүй. Ярих дээрээ хүрвэл Талуудын эрх мэдлийн асуудал. Тэгэхээр энэ асуудал зөвлөл дээр яригдах зүйл биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Монголын эзэмшдэг нэг хувийг Орост өгч тэнцүүлье гэж Сугар зүтгээд л Битгий өг, болохгүй шүү дээ гэж Даваадорж араас нь чангаасаар байгаад болиулчихдаг зүйл биш. Оросын тал ч гэсэн нэг хувийг чинь авна гэж ерөөсөө яриагүй. Энэ бол гүтгэлэг.
Маргаан байсан уу гэвэл байсан. Эрдэнэт үйлдвэрийн шинэчилсэн дүрмийг ажлын хэсгийн төвшинд тохирсон боловч Компанийн засаглалын зарчим дээр санал зөрөлдөөнтэй байсан. Монголын тал төвлөрсөн, босоо удирдлагын зарчмыг санал болгосон. Оросын тал хоёрдмол удирдлагын зарчмыг зүтгүүлээд байсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий захирлын гаргаж буй бүх шийдвэр нэгдүгээр орлогчтой зөвшилцсөн байх ёстой гээд байсан. Энэ нь удирдлагын шийдвэр гаргалтыг удаашруулж, шуурхай байдлыг алдагдуулах, хариуцлага тооцох боломжийг багасгах сөрөг үр дагавартай гэж бид үзсэн юм. Мөн бид Ерөнхий захирлыг илүү хувьцаатай талаас томилно гэж оруулсан. Оросууд заавал ингэж оруулах шаардлага байхгүй гэж үзсэн.

-Тэгээд яаж шийдвэрлэсэн бэ?
-Энэ хурлаар дүрмээ баталж чадаагүй. Харин хоёр талаасаа буулт хийж зарим тохиролцоонд хүрсэн. Ерөнхий захирлыг Монголын талаас томилно гэдгийг тэд зөвшөөрсөн. Ерөнхий захирал, түүний нэгдүгээр орлогчтойгоо хамтарч шийдвэрлэж байх томоохон асуудлуудын жагсаалтыг гаргаж ээлжит хурлаар дүрмээ батлахаар тохиролцсон.

-Асгатын лицензийн асуудлыг энд хөндөж ярьсан юм уу?
-Хамтарсан үйлдвэрүүдийн хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлохдоо Монголросцветмет нэгдлийн эзэмшдэг лиценз бүхий хэд хэдэн орд газарт тулгуурласан уул уурхайн үйлдвэр байгуулах төсөөлөл хийгдсэн юм билээ. Yүнд, Асгатын мөнгөний орд, Баргилтын төмрийн хүдрийн орд, Түйн голын алтны орд гээд. Гэтэл эдгээрийн дотроос оросуудын хамгийн их сонирхож байсан Асгатын мөнгөний ордын лицензийг АМГТХЭГ хүчингүй болгочихсон байдаг юм. Шалтгаан нь ойлгомжгүй.
АМГТХЭГ-аас 10 хоногийн дотор лицензийн төлбөрөө төлөхгүй бол хүчингүй болгоно гэсэн зарыг хэвлэлд гаргасан юм билээ. Монголросцветмет нэгдлийнхэн уг зарыг үзмэгцээ нэхэгдэж буй 35 долларыг гурав хоногийн дотор төлсөн боловч нөгөөдүүл нь лицензийг нь сунгалгүй хүчингүй болгожээ. Лицензийг сэргээх талаар Төрийн өмчийн хорооноос АМГТХЭГ-ын дарга Л.Болд, Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга Т.Занашир нарт хандаад нэмэр болоогүй. Аргаа бараад Yйлдвэр, худалдааны сайдад хүсэлт тавьсан. Одоо болтол шийдвэрлэгдээгүй байна. Оросууд эмзэглэсэн нь үнэн. Захирлуудыг донгодсон нь ч үнэн. Лицензийн хугацааг сунгахад нөлөөлж өгөхийг Монголын талд хүссэн. Гэвч Ц.Даваадорж Монголросцветмет нэгдлийнхэн хариуцлага алдсанаас лицензээ алдсан, ямар ч боломжгүй гээд л гүрийгээд байсан. Тэгвэл танай яам хариуцлагатайгаараа лицензийг нь сунгаад өгөөч гэж гуйгаад нэмэр болоогүй. Бидний хувьд Оросын талын өмнө их эвгүй байдалд орж байсан. Оросууд хамтарсан үйлдвэрийн лицензийн асуудлаар Засгийн газар хоорондын комисс болон Монгол Улсын Гадаад хэргийн яаманд гомдол гаргана. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр яригдахгүй гэх газаргүй шүү дээ.
Энд ажил хариуцсан хүмүүсийн хайхрамжгүй байдал ч нөлөөлсөн. 35-хан доллар төлөөд лицензээ сунгуулчихаж чадахгүй, улс хоорондын асуудал үүсгэчихээд байгаа хүмүүстэй юу ч ярих вэ дээ.

-Монголросцветмет нэгдлийн удирдлагын асуудал дахин яригдсан уу?
-Монголросцветмет нэгдлийн ерөнхий захирлаар О.Эрдэнээг өнгөрсөн хавар хоёр талын гишүүд тус тусдаа хуралдаж санал нэгтэйгээр томилсон. Энэ асуудал хуулийн хүрээнд шийдвэрлэгдсэн тул Зөвлөл дээр дахин яригдаагүй. Харин ерөнхий захирлын орлогч П.Энхбаяр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн тул оронд нь Т.Доржбалыг томилсон.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button