МИАТ агаарын хөлгөө нэмэгдүүлэх боломжтой боллоо

УИХ-ын 2005 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн чуулганы хуралдаанаар Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн олон улсын баталгаат эрхийн тухай конвенцид нэгдэн орох тухай болон тус конвенцийн Агаарын хөлгийн тоног төхөөрөмжийг тусгайлан хамгаалах тухай протоколыг соёрхон батлах тухай хууль баталсан билээ.
Анх 2001 онд ӨАБНУ-ын Кейптаун хотноо Хувийн эрх зүйг нэг мөр болгох олон улсын институт (UNIDROIT) болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICАO) хамтран зохион байгуулсан Дипломатын бага хурлаар Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн олон улсын баталгаат эрхийн тухай Конвенц болон конвенцийн Агаарын хөлөгт тусгайлан хамаарах Протоколд оролцогч талууд гарын үсэг зурсан байна.
Кейптауны конвенц, протоколд нэгдэн орсноор агаарын хөлөг, нисэхийн тоног төхөөрөмжийг түрээсээр болон худалдан авч ашиглах эрх зүйн зохицуулалтыг хялбарчлах, санхүүжилтийн тодорхой хөнгөлөлттэй нөхцөлийг бүрдүүлэх, агаарын хөлгийн парк шинэчлэлтийг эдийн засгийн үр ашигтайгаар шийдвэрлэх боломжтой болно. Монгол Улсын Засгийн газар, МИАТ компани сүүлийн хоёр жилийн турш энэ конвенцид нэгдэхээр ажиллаж байсан аж.
АНУ-ын Экспорт-импорт банк Кейптауны конвенцийг дэмжих зорилгоор уг гэрээнд нэгдсэн буюу хүлээн зөвшөөрсөн улс орны авиакомпани онгоц худалдан авсан тохиолдолд банкны баталгаа гаргаж өгөх хураамжаа түр хугацаагаар гуравны нэгээр хөнгөлж байгаа юм байна. Энэхүү тусламж нь МИАТ ХК онгоц шууд худалдан авах буюу онгоц түрээслэгч гуравдагч этгээдээр дамжуулан авахын аль алинд зээлийн шууд баталгаа болох ажээ.
МИАТкомпани Кейптауны конвенцид нэгдсэнээр Экспорт-импортын банкны туслалцааг шууд хүсэх, эсвэл түрээслүүлэгчтэй шууд харилцах эсэхээс үл хамааран энэ гэрээний бүх давуу талыг хүртэх юм. Монгол Улс Кейптауны конвенц, протоколд нэгдэн орсонд баяр хүргэж Боинг компаниас ирүүлсэн захидалд Боинг Капитал корпораци Монголын Засгийн газар болон МИАТ компанитай тус компанийн агаарын хөлгийн паркийг өргөжүүлэх, шинэчлэхэд санхүүжилтийн тал дээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button