Улсын прокурор М.Алтанхуяг загас шиг дуугүй байхыг үүрэгджээ

Хэдийгээр прокурорууд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцыг олон нийтэд тайлагнах эрхгүй ч хууль дүрмийнхээ хүрээнд бодит мэдээллийг хүргэж байх учиртай баймаар.
Аливаа хэргийг мөрдөн шалгах явц ямар шатандаа яваа, хэдийд шүүхэд шилжүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа хууль дүрмийнхээ хүрээнд явж буй зэрэг ганц, хоёрхон асуултад л хариулт авахыг хүссэн сэтгүүлчид ийнхүү хана мөргөөд буцдаг болсоор удлаа. Арга ядахдаа хэвлэлийнхэн мэдээлэл авахын тулд танил талаа дулдуйдаж, хэн нэгний урдуур хойгуур гүйж байж зарим нэгэн асуудлыг тодруулан олонд хүргэдэг ч илт зөрүүтэй байх нь олонтаа. Зарим нэгний нууж, хааж байж өгсөн мэдээлэл нь илт нэгний эрх ашгийг хамгаалсан, эсрэг талыг нь харлуулсан байх нь ч бий. Энэ нь нэг ёсондоо мэдээлэл далд, нууц байгааг ашиглан хэвлэлийнхнийг өөрсдийн гар, хөл болгож байгаа хэрэг юм.
Прокурорууд ч үүрэг даалгаврыг ягштал биелүүлж, бүр хяналт тавьж буй хэргүүдээ ч ихэд нууцлан, хэвлэлийнхнээс жийрхэх болов. Аль ч дүүрэг, нийслэлийн прокурорын байгууллагад очиход ийм л дүр төрх угтах нь элбэг. Аливаа асуудлыг нууж хаах тусам олон сөрөг үр дагавар дагуулдаг нь ёс. Ялангуяа нийгэмд дуулиан, шуугиан үүсгээд буй онц хүнд, зохион байгуулалттай, харгис хэрцгий үйлдэлтэй хэргийн явцыг нууцалж байгаагаас сэжигтэн, яллагдагчидтай холбоотой дурын мэдээллийг тарааж, энэ нь нийгэмд хардлага, сэрдлэг, айдас хүйдэс төрүүлж буй нь нууц биш. Сэтгүүлчид хэргийн талаархи мэдээллийг нэгбүрчилэн олон тайлагная гээгүй зөвхөн үнэн бодит мэдээллийг хууль, дүрмийнх нь хүрээнд ард түмэнд хүргэхийг зорьсон хэрэг. Тиймээс ч загас шиг дуугүй байх тушаал, заавар өгсөн Улсын прокурор энэхүү шийдвэрээ эргэж нэг хараасай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button