Бэлтэй нэгэн завшиж, бяд муутай нь сөхрөх нь

Жолооч нар мөнгөтэй л бол хэчнээн ч удаа зөрчил гаргаж болох нь. Энэ нь өдрийн хоолоо залгуулах гэж яваа халтуурын жолооч нарт хүндээр тусах ч бэлтэй, хөрөнгөтэй хүмүүст юу ч биш юм хэмээн нэгэн мэдээлэлд дурдсан байх юм. Энэ нь анхааруулах талоныг хүчингүй болгосонтой холбоотойгоор ард иргэдийн дунд гарч буй үл ойлголцол, эргэлзээ, тээнэгэлзэл дүгнэлтийн нэг нь. Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөлөөс Замын цагдаагийн газрын үйл ажиллагаатай холбоотой нэлээдгүй өөрчлөлт, шинэчлэлийг хийх, энэ асуудлыг судалж шийдвэрлэх үүргийг холбогдох газар, түүний алба нэгжид үүрэг болгосон нь саяхан. Yүнд, тээврийн хэрэгслийн гэрчилгээг гуравдагч компаниар зуучлуулалгүй захиалан хэвлүүлж байхаас гадна иргэд, аж ахуйн нэгжид олгож буй гэрчилгээний хураамжийг бууруулан тэдгээрийн зөрүүг улсын төсөвт төвлөрүүлэхээр болж, гээж үрэгдүүлсэн үнэмлэх, талоныг дахин шалгалтаар нөхөн олгож байгаа асуудлыг судалж, шийдвэрлэхийг ЗЦГ-ын удирдлагуудад даалгасан. Харин энэхүү шинэчлэл эхнээсээ хэрэгжиж буй сайн талтай ч олон асуулт тодорхой хариулт нэхэж байна.
Өнөөдөртөө анхааруулах талоныг ор үгүйсгээгүй хүчинтэй хэвээр байгаа. Жолоочийн анхааруулах талоныг аажим аажмаар шахан зөвхөн торгууль ногдуулдаг болох нь хэдийгээр оновчтой, зөв зүйтэй алхам ч гэлээ торгуулийн мөнгийг замын цагдаад бэлнээр өгөх үү, эсвэл тусгай дансанд хийх үү, торгуулийн хуудас өгснөөс хэд хоногийн дотор мөнгийг тушаах, тушаагаагүй тохиолдолд захиргааны болон эрүүгийн ямар арга хэмжээ авах, үүнд нь холбогдох газрууд хэрхэн хяналт тавих зэрэг олон асуултын хариу тодорхойгүй, нэг мөр болоогүй байна. Ийм зөрчил гаргасан тохиолдолд тэдээс тэдэн төгрөгийн торгууль ногдуулна гэхчилэн тодорхой, хэнд ч ойлгогдохоор хариулт өгөх нь одоогоор эрт байгаа бололтой. Төмөр хүлэгтнүүдийн дунд эргэлзээ төрүүлээд буй энэ асуудлыг жолооч нар өөр өөрсдийнхөөрөө ойлгож байна. Тэдний дийлэнх нь зөрчил гаргасан тохиолдолд замын цагдаа торгох гэнэ. Тухайн үед бэлэн мөнгөгүй байж таарвал үнэмлэхээ хураалгана. Жолооны үнэмлэхгүй хүн машинаа яаж барих вэ. Тиймээс хэзээ мөнгөтэй болж торгуулиа төлнө тэр цагт л замын хөдөлгөөнд оролцох юм билээ гэсэн нэг л зүйлийг давтаж байна. Саяхныг хүртэл хэрэгжиж байсан журмыг эргэн харахад зөрчил гаргасан жолооч нарын 70 хувь нь торгуулах сонирхолтой байдаг бол үлдсэн 30 нь талонаа цоолохыг гуйдаг байсан аж. Тэгвэл тухайн үед замын цагдаа 5000 хүртэлх төгрөгөөр, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч 50 мянга хүртэлх төгрөгөөр торгох эрхтэй байсан. Харин одоо энэ байдал өөрчлөгдөж замын цагдаа нарт бүр ч илүү давуу эрх олгогдож байх шиг. Гаргасан зөрчлөөсөө хамааран торгуулийн хэмжээ ялгаатай байх ч үүнийг одоог хүртэл нарийвчлан тогтоож өгөөгүйгээс замын цагдаа өөрийн үзэмжээр торгууль ногдуулах болж байна. Ямар ч жолооч торгуулийн хуудсаа аваад 20 мянгаар торгуулахын оронд талыг нь төлөөд явчих сонирхол их. Энэ мэт жолооч, замын цагдаа нарын хүлээх үүрэг хариуцлага, эдлэх эрхийг тодорхой заагаагүй, тойм төдий шийдвэрийг олонд таниулж байгаагаас олон хүн төөрч, будилж явна.
Манай хөрш ОХУ зоригтой алхам хийсний дүнд, ихээхэн эрсдэл туулж байж энэ замыг туулжээ. Тус улс нь зөрчил бүрт өндөр ханш тогтоож өгсөн бөгөөд энэ нь таны санаанд ч оромгүй өндөр үнэтэй.
Тухайлбал, жолооч улаан гэрлээр гарлаа гэхэд таны авч буй цалингаас 1,5-2 дахин өндөр торгуультай байх жишээтэй. Энэ үед нөгөө л замын цагдаа нарыг харддаг авилга гэгч цэцэглэн, танил тохой татах асуудал ч гаарч эмх замбараагүй байдал үүссэн ч цаг хугацааны явцад жолооч нар ухамсар суун хууль дүрмээ сахих болсон гэдэг. Yүний жишээгээр манай жолооч нар торгуулахгүйн тулд зөрчил гаргахгүйг хичээн, хариуцлага нь дээрдэх сайн талтай ч нөгөөтэйгүүр замын цагдаа нар ном ёсоороо торгуулийн хуудсаа өгдөг, жолооч нар ч төлдөг ухамсар тогттол хол байх шиг.
Харин хамгийн тодорхой зүйл бол жолооч анхааруулах талонаа гурав цоолуулсан тохиолдолд дахин шалгалт өгч, шинээр үнэмлэх авдаг явдлыг болиулснаар ЗЦГ-ынхны ажил 50 хувиар хөнгөрсөн. Дээр нь жолооч нар ч хүнд суртлаас ангижирч буй нь сайшаалтай.
Монголчууд бид шинэ соргог бүгдийг хүлээж авахдаа муу, саар талыг нь түрүүлж харчих гээд байдаг өөнтөгч зантай. ЗЦГ-аас хийж буй шинэчлэлийг үгүйсгэх гэсэнгүй, зөвхөн жолооч, замын цагдаа нарын үүрэг, хариуцлагыг тодруулж, нэг мөр ойлголт өгөөсэй гэсэн юм. Хүнд суртал, үр ашиггүй зардлыг үгүй хийх, цаг хугацааг товчлох үр дүнтэй энэхүү ажлыг нэг мөр хэрэгжүүлж, хэвшүүлэх аж- лыг анхнаас нь бүрхэг- дүүлж, олонд буруу ойлголт төрүүлбээс эргэж залруулахад хүндрэлтэй болох болов уу.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button