Д.Бадраа агсны ар гэрт байр өгч болохгүй гэж үү

Гэвч Монголын төр нүдэн дээрээ, тусгай хамгаалалттай байрандаа Санхүүгийн зохицуулах хорооны даргаа алуулсан билээ.
Юуны учир аллага болсны нарийн учгийг олон түмэн мэдэхгүй. Хууль биелүүлж шударга ажилласны төлөөс амь настай нь тэнцлээ гэж олон түмэн ойлгосон, гашуудсан. Одоо ч тэгж ойлгож байгаа.
Гэтэл амьд явах баталгааг нь хангаж чадаагүй байж, ард үлдсэн хоёр нялх үрд нь байр олгох хүсэлтээс Монголын төр түдгэлзэж байгаа тухай сонсов.Д.Бадраа агсны аав Ё.Дашдорж энэ талаар хэд хэдэн газарт өргөдөл шидэж суугаа сурагтай. Өргөдөлдөө ар гэрт нь анхаарал халамж тавьж төр, засагт олон жил ажилласныг харгалзан байр олгохыг хүсчээ. Хүүгийнх нь амийг хөнөөсөн алуурчны хэргийг шийдэхгүй сунжирч буйд гомдол, гайхлыг зэрэгцүүлж яваа тэрээр эхлээд Монголбанкинд ханджээ. Учир нь Д.Бадраа агсан ажлынхаа гарааг Монголбанкнаас эхэлсэн юм. Нааштай хариу аваагүй тул УИХ-ын дарга Ц.Нямдорж, Ерөнхий сайд М.Энхболд нарт хаяглажээ. Тэд бол УИХ, Засгийн газрын удирдлагууд боловч хувь хүн талаасаа Д.Бадраа агсантай ажил төрлийн холбоотой явсан эрхмүүд билээ. М.Энхболд хотын дарга байхдаа Д.Бадраа агсныг Улаанбаатар банкны захирлаар томилж ажиллуулсан. Харин Ц.Нямдорж УИХ-ын даргын хувьд хуулиар олгосон эрхийнхээ дагуу талийгаачийг Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшүүлсэн юм.
Гэтэл тэдний аль нь ч Ё.Дашдорж гуайн хүсэлтэд нааштай хандаагүй бололтой. Тийм ч учраас талийгаачийн ар гэрийнхэн Ерөнхий сайд М.Энхболдод хоёр дахь удаагаа өргөдөл бичжээ.
Сураг сонсвол УИХ-ын Тамгын газар нь Засгийн газарт үүрэгдэж, Засгийн газар нь хотын дарга Ц.Батбаярт дамжуулсан байна. Харин хотын дарга хөдөлсөнгүй. Иймд хүсэлтийг Засгийн газрын төвшинд, хуралдаанаар хэлэлцэх болсон мэдээлэл байна.
Засгийн газар нааштай шийдвэр гаргаж өнчирсөн тэдний элгийг бага боловч дэвтээх л байх. Тэгэхдээ заавал төрийн хүч, хүнд суртлыг талийгаачийн хоёр нялх үрд үзүүлэх гэсэн юм шиг, өргөдлийг нь биесээ тойруулан дамжуулж өдөр алдах ямар хэрэгтэй юм бол.
Буулган дороо үнэнч зүтгүүлчихээд амь насыг хамгаалж чадахгүй, алагдсан хойно нь ар гэрт нь гэмээ цайруулж чадахгүй бол ийм төрд үнэнч зүтгэх амь, амьдралаасаа уйдсан аавын хүү тийм ч олонгүй л байх.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button