Бөхөнгийн 108 ширхэг эвэр хилээр давуулах гэж байжээ

Дээрх хэргийг хууль бус агнууртай тэмцэх Ирвэс-3 баг болон Ховд аймгийн цагдаагийнхан илрүүлсэн байна. Уг хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар болон УМХГ-т шалгаж байгаа. Гэтэл саяхан буюу энэ сарын 15-нд Ховд аймгийн Чандмань сумын төвөөс БНХАУ руу явах гэж байсан иргэн Г.Алтангэрэлийн УБМ 92-39 дугаартай Зил-130 маркын автомашинд 54 хос буюу 108 ширхэг монгол бөхөнгийн эвэр нууж авч явсныг илрүүлжээ. Г.Алтангэрэл эдгээр эврийг БНХАУ-ын хилийг давуулан худалдаалахаар авч явсныг тогтоосон байна. Дээрх хэргийг шалгах явцад Ховд аймгийн Чандмань сумын иргэн Б.Баянбаатар, Д.Цогоо, Д.Мөнхчулуун нарын 13 хүн хэргийг бүлэглэн үйлдсэн бөгөөд тэдний дунд урьд нь бөхөнгийн эврийг хууль бусаар хил давуулсны улмаас эрүүгийн хариуцлага хүлээсэн хүмүүс ч байгаа гэнэ. Тэднийг саатуулж, бөхөнгийн эвэр, ТОЗ-8 маркын буу дөрвөн ширхэгийг хураасан бөгөөд дээрх хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Хэргийн улмаас Монгол Улсын ан амьтны санд 216 сая төгрөгийн хохирол учирсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button