54 бөхөн агнаж, эврийг нь хулгайгаар хил давуулах гээд баригдлаа

иргэн Г.Алтангэрэлийн Зил-130″ маркийн УБМ 92-39 дугаартай машинд үзлэг хийхэд запас дугуйнаас нь монгол бөхөнгийн 54 хос буюу 108 ширхэг эвэр гарсан байна. Эдгээр эврийг БНХАУ-ын хил давуулан худалдахаар хууль бусаар авч явсан болох нь тогтоогдсон юм. Энэ нь уг амьтныг агнах, барих, худалдаалах тухай олон улсын болон Монгол Улсын гэрээ конвенци, хуул тогтоомжийг зөрсөн хэрэг юм. Тухайлбал, монгол бөхөн нь олон улсын болон Монгол Улсын Улаан номд орсон, Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн, зэрлэг амьтан, ургамлын хавсралтад бүртгэгдсэн, агнах, худалдаалахыг олон улсын болон Монгол Улсын хэмжээнд хориглосон амьтан ажээ.
Бөхөнг хууль бусаар агнасан энэ хэргийг шалгах явцад Ховд аймгийн Чандмань сумын иргэн Б.Баянбаатар, Д.Цогоо, Д.Мөнхчулуун нарын 13 хүн бөхөнг хууль бусаар агнасан болохыг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Цагдаагийнхан хэргийн холбогдогч нарыг саатуулж тэднээс ТОЗ-8 маркийн буу дөрөв, бөхөнгийн эвэр 108 ширхгийг хураан авсан байна. Амьтны аймгийн тухай хууль, Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг батлах тухай Засгийн газрын 2005 оны 248 дугаар тогтоолын дагуу тооцож үзэхэд энэхүү хэргийн улмаас ан амьтны санд 216 сая төгрөгийн хохирол учирсан гэсэн тооцоо гарчээ.
Хууль бусаар бөхөн агнасан хүмүүсийн дотор үүний өмнө бөхөнгийн эвэр хилээр гаргаж, үүнийхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээж байсан хүмүүс байгаагаас үзвэл уг амьтныг агнаж, эврийг нь хил давуулан худалдаж амташсан этгээдүүд энэ хэргээ давин үйлдэж дахин баригдсан болох ньтодорхой байна. Мөн энэ сарын 4-ний өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт бөхөн агнаад дөрвөн хөл, махыг нь ганзагалж явсан этгээдүүдийг хууль бус агнууртай тэмцэх Ирвэс-3″ багийнхан Ховд аймгийн цагдаагийн байгууллагынхантай хамтран илрүүлжээ. Тэд Шарга сумын Хамтын хүч багийн иргэн Б.Зоригоо, Б.Баатар нар байжээ. Тэднээс буу, ангийн гурван хутга, хонгио, сум зэргийг хураан авч Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
(Монголын мэдээ 229/2005)
Ц.Мөнх