Асашёорюүгийн араас Хомашо есөн даваатай нэхэж явна

Шууд их хүчтэй золгож зай өгөлгүй шилдэж түрж хөөсөөр дэвжээнээс түлхэн гаргаж манай бөх долоо дахь даваагаа авлаа. Өнгөрсөн жилийн Кюшю башёд анх жүрёд барилдаж эхэлсэн Какирюүгийн хувьд сүүлийн үед сүмогийн мэргэжилтнүүд нэлээд анхаарал хандуулж байгаа гэнэ.

Чиёнофүжи ояакато Нэлээд уян хатан биетэй, хамгийн гол нь өрсөлдөгч бөхдөө ямар мэх хийж, хэрхэн барилдах вэ гэдгээ төлөвлөж чаддаг бас нэг монгол сүмоч дээд зиндаанд дэвшжээ гэж үнэлсэн байна. Өчигдөр М8 дахь бөх Какирюү Ананд М15 дахь бөх Катаяматай оноолт тааран барилдлаа. Катаямаг их доогуур түрээд орж ирэхэд нь тайван харж байгаад зүүн гарыг нь таллаж татаад дэвжээнээс гаргаж зургаа дахь даваагаа авлаа.

Өчигдрийн гол барилдаан япончуудын их найдлага тавьж байгаа М11 дэх бөх Хомашо М6 дахь бөх Баруто нарын хооронд боллоо. Дээд зиндаанд хамт дэвшиж байсан хоёр бөхийн барилдаанд Хомашо Барутод ямар ч боломж олголгүй түрж хөөгөөд давж ес дэх даваагаа авлаа. Өвдөг шороодсон Баруто долоон даваа, гурван унаатай болов. МУГТ Кёкүтэнхо М12 дахь бөх Ёшимарутай дээд зиндаанд анх удаа барилдахдаа баруун гараар мавашины барьц авч зүүн гараар шилдэж дараад давж дөрөв дэх даваагаа авлаа. МЗ Токитэнкү М2 Футэнотой оноолт тааран барилдлаа. Шууд хав золгож түрж хөөгөөд дэвжээний захад хоёр бөх харилцан маш их хүч гарган тулж зогссон.

Аргагүй барьцаар аагласан Токитэнкү дэвжээнээс өрсөлдөгчөө түлхэн гаргаж дөрөв дэх даваагаа авлаа. Маэгаширагийн тэргүүн бөх Ама комүсүби Кисенасатотой оноолт тааран барилдаж шууд харцагадаж дайраад дэвжээний захад хүргэсэн боловч өөрөө гишгэдэл алдаж өвдөг шороодсоноор есөн унаатай боллоо. Арав дахь өдрийн сүүлчийн барилдаан Асашёорюү, комүсүби Котомицүки нарын хооронд боллоо.

Урьд нь тэд 31 удаа таарч барилдсанаас их аварга 25 давж байжээ. Үүнээс сүүлийн 22 барилдаанд Асашеорюү завсаргүй давж байжээ. Өчигдөр ч давж сурсан зангаараа дэвжээний захад мухар тонгороод арав дахь даваагаа авлаа. Арван өдрийн дараа Асашёорюүгийн хамгийн ойрын өрсөлдөгч М11 дэх бөх Хомашо есөн даваатай нэхэж явна.
Өнөөдөр
Асасэкирюү-Какизоэтэй,
Какирюү-Ёшимарутай,
Кёкүтэнхо-Рохотой,
Токитэнкү-Точинанадотой,
Ама-Коккайтай,
Асашёорюү-Миябияматай тус тус барилдана.
(Монголын мэдээ 229/2006)
Д.Энхтүвшин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button