Бүжин сарны зүүд удахгүй мэндэлнэ

Хүн бүхний чихэнд содон, уяангалаг сонсогдох дуугаар дууны ертөнцөд хөг ая нэмэн, хүч түрж Нутгаа санаад уйлдаг сэтгэл, Тогоруутай нуур, Хайр буруугүй, Бүжин сарны зүүд гээд дуунууд нь ФМ радио, хөгжмийн сувгуудаар байнга эгшиглэж, хитэд тэргүүлээд байгааг бид мэдэх билээ. Энэ сонсголонт дууг чухам хэн гээч хүү ая дан тааруулан цуурайтуулаад байгааг тэр бүр бид мэдэхгүй байж болох юм.
Дуучин Б.Болдбаатар Хэнтий аймгийн Бэрх сумын уугуул бөгөөд нутгаараа овоглох, нутгийнхаа нэрийг гаргах дуучин төрж байгаад нутаг усныхан нь бахархаж байгаа бизээ. Тэрээр 2006 оны СУИС-ын дуулаачийн ангийг төгссөн бөгөөд оюутны ширээнээс дөнгөж гараад байгаа шинэхэн дуучин боловч хол явах дуучин даа гэж мэргэжлийн хүмүүс түүнийг өндөр үнэлээд байгаа.
Шинэхэн дуучны маань Бүжин сарны зүүд хэмээх 13 дуунаас бүрдсэн анхны бие даасан цомог тун удахгүй мэндлэх гэж байна. Тиймээс залуу дуучны шинэхэн уран бүтээлийн охь болсон цомог та бидний гар дээр ирэх нь.
Аяа би нутгаа санахаараа
Аяар аяархан дуудан гэгэлздэгээ
Аав л ээжий хоёртоо очоод
Ярьж хөөрөөд ирмээр болдогоо хэмээн эгшиглэх, хит болоод байгаа Нутгаа санаад уйлдаг сэтгэл дуундаа саяхан клип хийлгэсэн нь телевизүүдийн хитийг байлдан дагуулж байна.
Дууч ард түмэндээ олон сайхан дуугаар ая эгшигийн цэнхэр хадгаар хөг нэмэн байгаарай гэж дуучин Б.Болдбаатартаа ерөөж байна.


/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button