Л.Гүндалай Гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг эргүүлэн татуулах гэж энэ 250 сая төгрөгийг амласан

Тэгвэл энэ мөнгө ирэх жил 250 сая болж нэмэгдэх нь. Энэ асуудлыг эсэргүүцэж байгаа цөөхөн гишүүдийн нэг нь Л.Гүндалай. Тэрбээр,

-УИХ-ын гишүүн хүн төсөв хуваарилж, зарцуулдаг хүн биш.Тишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг эргүүлэн татуулах гэж энэ 250 сая төгрөгийг амласан. Гишүүд 250 сая төгрөгийг өөрсдийн эрх ашгийн үүднээс өөрсдийн үзэмжээр зарцуулах болохоор зөвшөөрч зарчмын зөрүүтэй саналаа татах тохиролцоо хийсэн байгаа. Энэ тохиролцоонд Ард түмний нам л оролцоогүй. 250 сая төгрөгөө батлаад тойрогтоо дураараа зарцуулах юм байна. Гишүүд зарчмын зөрүүтэй саналаа татаад ногоон гэрлээр ирэх оны төсвийг батлах тохиролцоо хийсэн байгаа юм. Энэ бол зөвшилцөл биш хуйвалдаан. Үүнийг би эсэргүүцэж байгаа. Ардчилсан, ил тод байя, авилгаас ангид байя гэдэг хүмүүс маань үнэн хэрэг дээрээ жинхэнэ өөрсдөө үүнийг хийх, дэмжихийн үлгэрийг үзүүлж байна. 250 сая төгрөг энэ л замаар явна.

Өмнө нь тийм байсан, одоо ч тийм болж байгаа. Өмнө нь 10 сая төгрөгийг ичингүйрэн авдаг байсан бол одоо 250 сая төгрөгийг нэхэж байгаад авдаг болсон байна. Ард түмэн үүнийг эсэргүүцэх хэрэгтэй. Тэд Монголын ард түмний хөрөнгөөр тоглож байна. Үүнийг гэгээн цагаан өдрөөр хийж байгаа дээрэм гэж бодож байна. Би УИХ-ын чуулганы хуралдаан дээр эсэргүүцэл үзүүлнэ. Зарим гишүүд намайг дэмжих байх. Одогоор Б.Батбаяр гишүүн, сайд С.Отгонбаяр нар дэмжиж байгаагаа илэрхийлээд байна. Эрх мэдлээ буруугаар ашиглаж байгаа ийм УИХ тарвал таарна.

-Өмнө нь гишүүдэд хуваарилсан 100 сая төгрөгөө юунд зарцуулсан бэ?
-Мэдэхгүй. 100 сая төгрөг хуваариллаа л гэсэн. Орон нутгийн удирдлага нь аваад явсан гэсэн. Би оролцоогүй, хаясан.

-Таны оролцоогүйгээр авах боломж байхгүй биз дээ?
-Би орон нутаг нь аваад шийд гээд л явуулсан. Тэр мөнгийг аваад телевизийн дөрвөн сувагтай болох юм гэсэн. Түүнийгээ авчрахаар явсан юм уу, үгүй юм уу бүү мэд, ямар ч байсан тэр ажил хийгдээгүй л байгаа.

-Та өөрөө зарцуулалтад нь хяналт тавьдаггүй юм уу?
-Юу гэж дээ. Би юунд нь хяналт тавих юм бэ. Надад хамаагүй л тийм зүйл хийсэн шүү дээ. Орон нутгийн удирдлага зохион байгуулаад хоёр худаг гаргана гэж ярьж байсан, одоо хүртэл гаргаагүй л байгаа юм билээ. Юу ч хийгээгүй байгаа. Би 100 саяын эсрэг байсан, одоо 250 саяыг ч бас болиулмаар л байна. УИХ ийм үлгэргүй байдал гаргаж болохгүй. Тэд үүнийгээ нууж хийж байгаад баригдсан. Бямба, ням гарагт намууд нийлж хуралдаад, сэмээрхэн даваа гарагт оруулж ирээд орой 18 цагт хуралдаж байгаа юм.

Тэгээд чив чимээгүй батлаад явуулах гэж байхад нь Б.Батбаяр гишүүн бид хоёр орж ирж чимээ шуугиан тариад хүмүүс мэдсэн. Тэгээгүй бол орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор гээд есөн тэрбум нэмээд л болчих байсан. Мөнгө байгаа дээр хэдэн төгрөг хийж авъя гэсэн бодолтой байна. Тэд энэ үйлдлээсээ буцах хэрэгтэй байх.

(Монголын мэдээ 229/2006)
Г.Бүрнээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button