Нярайн халдвар авсан хүүхдүүдийн хоёрынх нь бие хүнд байна

Анх нярайн халдварын шинж тэмдэг илрэхэд II төрөхийнхөн ХӨСҮТ-д мэдэгдсэн боловч халдвар биш гэж буруу оношилсноос цаг алдан улмаар олон нярайд халдварлахад хүргэсэн гэнэ. Нярайн халдвар гэдэг нь хүйгээр дамждаг халдварт өвчин бөгөөд цаашилбал тахал хэлбэрээр үхэлд ч хүргэх аюултай юм. Олон нярай халдвар тээж, тэдний амь насанд аюул тулгаран байгааг тус эмнэлгийн хэт бохир, тав тухгүй орчин, эмч нарын хариуцлагагүй үйл ажиллагаанаас боллоо хэмээн үзэж байна.

Одоогийн байдлаар II төрөхийг 21 хоногийн хугацаатайгаар үйл ажиллагааг нь түр зогсоож ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа гэсэн мэдээллийн дагуу зарим нэгэн зүйл тодруулахаар тус эмнэлгийг зорилоо. Эмнэлгийн хаалгаар оронгуут хамар сэтлэм чийг, энд тэндгүй хөглөрөх бохир төрөх орнууд юуны өмнө нүдэнд туслаа. Эхийн амаржих ор дээрээс нь зүлгүүрээр үрдэг юмуу гэлтэй нимгэрч цоорсон байх юм. Дэргэд нь хуйлж тавьсан шалны хулдаас хэвтэнэ .

Бодвол үүдний өрөөнийх бололтой. Хуйлсан хулдаас нь дороосоо илжирч хар хөх өнгөтэй хөгзөөр дарайсан байгаа нь олон иргэдийн яриад байсан халдварийн гол шалтгаан болох өнөөх аюултай вирус тээгч байхыг үгүйсгэхгүй. Коридороор хэн ч харагдсангүй. Өрөө өрөөгөөр шагайж явсаар нарийн хонгил өнгөрөн нэг өрөөгөөр шагайтал хэдэн эмч нар инээлдэн суугаатай таарлаа.Та бүхнээс ганц хоёр зүйлийн тухай асууж тодруулъя гээд үгээ гүйцэд хэлж дуусаагүй байтал Бид юу ч мэдэхгүй ээ. Бид мэддэг хүмүүс нь биш. Бид асрагчид, юу ч мэдэхгүй. Дарга нар засвар хийнэ эмнэлгийн үйл ажиллагааг зогсооно л гэж хэлж байснаас биш ямар нэгэн халдвар, энэ тэрээс болоод эмчилгээгээ түр зогсоосон гэж бодохгүй байна гэж цагаан халаадтай асрагчид ам амандаа шаагилдлаа. Тэд манай дарга одоо ирж магадгүй.

Жаахан хүлээгээд асуух зүйлээ мэддэг хүнээс нь асуувал дээр биздээ гэх нь тэр. Хаашаа явсаныг нь лавласанд мэдэхгүй, бодвол гадуур ажил хөөцөлдөж яваа биз. Ер нь үдээс хойш л ирдэг шүү дээ гээд таг боллоо. Дээр хэлсэнчлэн 21 хоногийн дотор засвар хийж дуусах ёстой гэсэн. Гэвч гаднаа элс асгаж, үүдний өрөөний хулдаасыг хуулснаас өөр энд засвар хийж байгаа шинж харагдсангүй. Энэ байдлаас харахад тус эмнэлгийнхэн хорвоод дөнгөж мэндэлсэн нялх үрс өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас болж амь насанд нь аюул учирч, олон эцэг эхчүүдийг сэтгэл санааны дарамтанд оруулсанаа юман чинээ бодохгүй байгаа нь ил харагдаж байсан.

(Өглөөний сонин )

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button